А.АКЭРКЭ
ЭЕШ-ын 2016 оны бүртгэл эхлээд гурав дахь өдөртэйгөө золгож байна. Энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах журамд зарим нэг өөрчлөлт орсон. Тухайлбал, Монгол хэлний тухай хуулийн 7,4-д “Их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хувь нь үндэсний бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэнэ” гэж заасны дагуу монгол бичгийн даалгаврын хувь нэмэгдэж буй юм. Өнгөрсөн жилийн хувьд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн 19293 сурагч дээр өмнөх онд төгсөгчид нэмэгдээд 25 мянга орчим залуус ЭЕШ өгөх ёстой байсан. Харамсалтай нь монгол хэл бичгийн шалгалтаас авах ёстой 400 онооны босгоо 500 гаруй хүүхэд давж чадаагүй. Тэдний дунд уран зохиолын энгийн өгүүллэгийг уншаад ойлгох чадваргүй, өөрийгөө илэрхийлж ч чадахгүй, монгол бичгийн талаар ямар ч ойлголтгүй хүн олон байсныг шалгалтын материалын хянагчаар ажилласан мэргэжилтнүүд анхааруулж байсан билээ. Харин энэ жилийн хувьд дахин шалгалт авахгүй учир шалгуулагчид дор бүрнээ бэлтгэлээ сайтар базааж, дэвтэр номоо сөхөж шагайхгүй бол горьгүй нь. Ингээд энэ жилийн шалгалтын онцлог болоод зарим зүйлийн талаар Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Цолмонгоос тодрууллаа.
-Монгол хэл бичгийн шалгалтын тов эцэслэн гарсан уу?
-Гараагүй байна. Энэ жилийн хувьд монгол хэл бичгийн шалгалтыг ганцхан удаа авахаар болсон. Зургадугаар сард болох ЭЕШ-ын өмнөх өдөр авна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ямар ч гэсэн БСШУЯ руу шалгалтаа зургадугаар сарын 15-нд авъя гэсэн санал явуулсан. Хариу нь ирээгүй байна. Зөвшөөрөгдөх юм бол монгол хэл бичгийн шалгалтаа 15-нд нь аваад 16-наас нь үндсэн шалгалтуудаа авч эхлэх байх. Тэгэхээр монгол хэл бичгийн шалгалт дахин байхгүй гэдгийг албан ёсоор анхааруулмаар байна.
-Монгол бичгийн шалгалтын хувь нэмэгдсэнд эцэг, эхчүүд төдийгүй шалгалт өгөх хүүхдүүд ч түгшиж байна?
-Шалгалтын дөрөвний нэг нь монгол бичгийнх байх юм. Өгөгдсөн бичгийн зурлага, үсгийг нэрлэж чаддаг эсэх, үг, өгүүлбэр, эхийг уншиж чадаж байна уу, монгол бичгээр бичсэн өгүүлбэрийг кирилл үсгээр хөрвүүлэн бичих, эргээд криллээр бичсэнийг монгол бичгээр хөрвүүлэн бичих чадварыг нь сорьсон даалгаврууд ирнэ. Айх зүйл ердөө байхгүй. Агуулга нь өнгөрсөн жилийнхтэй адил. Даалгаврууд нь ч тийм хүнд биш. Хүмүүс тэр чигтээ л монгол бичгийн шалгалт байх мэтээр ташаа ойлголттой байна билээ.
-Шалгалтын үед өмнөх оных, энэ жилийн төгсөгчид гэсэн ялгаа зааг байх болов уу. Үнэндээ өмнөх оны төгсөгчид монгол бичгийг мартсан байх магадлал их шүү дээ?
-Тэр нь, энэ нь гэсэн ямар ч ялгаа гаргахгүй. Хувь хүн өөрийнхөө ирээдүйн төлөө хичээлээ сайн судлахаас өөр арга байхгүй. Ер нь, монгол бичгийг зургадугаар ангиас нь эхэлж хичээлийн хөтөлбөрт тусгаж өгдөг учир анхны мэдэгдэхүүнтэй байж таарна. Шалгалт маань ч тийм өндөр төвшнийх биш.
-Монгол, англи, орос хэлний шалгалтын агуулгад сонсоод ойлгох чадварыг шалгана гэсэн даалгавар нэмэгджээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Өнгөрсөн жилийн ЭЕШ-д туршиж үзсэн даалгавар байгаа юм. Тухайн сонгосон хэл дээр нь текст сонсгоод түүнийг нь цаасан дээр буулгана гэсэн үг. Энэ жилээс шалгалтын зааланд өсгөгчтэй тоног төхөөрөмж тавих юм. Хүүхдүүдэд нийтэд нь сонсгоно гэсэн үг. Өнгөрсөн жилийн хувьд CD сонсгож байсан. Амжилттай туршигдсан болохоор санаа зовох зүйлгүй.
-ЭЕШ-тай хамтатган дараа жилийн зарим хичээлийн сэдэв, даалгаврын тавил, агуулгын тохирцыг тандах зорилгоор шалгуулагчийн дүн оноо, шалгалтын үндсэн цагт нөлөөлөхгүй байдлаар туршина гэсэн байсан. Ямар хичээл дээр туршилт явуулахаар болов?
-Өмнө нь 12 дугаар ангийн хүүхдүүдийг Үндэсний болоод туршилтын гэж ангилсан юм. Энэ жилийн хувьд дан үндэсний гэдгээрээ явж байна. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр туршилтын хүүхдүүдийн шалгалтын хичээлийн агуулгыг нь жаахан гүнзгийрүүлдэг хэрэг. Тэднээс туршилтаар шалгалт авдаг. Энэ жилийн хувьд ямар хичээл дээр туршилт явуулах нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, арван ангид нэгэн зэрэг шалгалт авлаа гэж бодоход нэг ангийн хүүхдүүдийг нь сонгож нэмэлтээр даалгавар өгдөг гэсэн үг.
-Шинээр нэмэгдэж буй хэлний сонсох даалгаврыг энэ жишгээр туршиж үзсэн үү?
-Тийм. Нэг зааланд шалгалт өгсөн хүүхдүүдийг үлдээгээд авсан. Тухайн үед л багш нар хичээлээ боловсруулж байгаад туршилтаа явуулдаг болохоор одоо ийм, тийм хичээлээр туршилт явуулна гэж хэлэхэд эрт байна.