Шатрын бодолтын “Москва опен-2016” Олон улсын уламжлалт фестиваль наадмын хүрээнд анх удаа зохион байгуулсан өсвөрийн бодогчдын ДАШТ-ээс ФМ С.Билгүүн хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медалийн эзнээр тодорлоо.
Энэ тэмцээнд Беларусь, Киргиз, Марокко, Монгол, ОХУ, Тажик, Украины 32 бодогч сэтгэлгээний хурд, чадвараа сорин өрсөлдлөө. Шилдэг бодогчид энэ сарын эхний 2 өдөр, шат тус бүрд нь 30 оноо бүхий 6 даалгаврыг 100 минутад уралдаж шийдийг нь олсон байна.
Тус тэмцээнд К.Новиков (ОХУ) 57,5 /159 минут зарцуулсан/ оноогоор тэргүүн байр эзэлж алтан медаль хүртсэн бол Монгол Улсын тамирчин бодолтын ФМ С.Билгүүн 57 оноогоор /124 минутад/, М.Скоробогатова 56 /198 минутад/ оноогоор хоёр, гуравдугаар байрт шалгарч мөнгө, хүрэл медаль хүртжээ.