13 жил өвдөг шороодоогүй босоо аварга Каори Ичо И.Ярыгины нэрэмжит Гран пригаас мөнгөн медальтай эх орондоо ирэхэд Наритагийн онгоцны буудал дээр хэвлэлийнхэн угтжээ. Арга ч үгүй биз, 13 жил ялагдал гээчийг амсаагүй их аваргыг жирийн нэг монгол охин оноогоор цэвэр ялж, олон жил үргэлжилсэн амжилтыг нь эцэслэсэн учраас тэр. Магадгүй олимпын гурав, дэлхийн арав, Азийн таван удаагийн аваргыг тэмцээнд тэргүүлээд ирэхэд нь нутаг нэгтнүүд нь ингэж угтдаггүй ч байж мэднэ.
Сэтгүүлчдийн “отоо”-нд орсон Каори ч асуултаас бултах аргагүйдэж улмаар “Өрсөлдөгч маань хүчтэй байсан гэхээс илүү би сулхан байлаа. Миний хувьд энэ барилдаан том туршлага боллоо. Энэ туршлагаа ашиглан Риогийн дэвжээнд хариугаа авна. Тэр намайг маш сайн судалсан байна лээ. Энэ ялагдлыг хэрхэн давж гарахаас их юм шалтгаална. Би улам хүчирхэг байх ёстой” хэмээсэн байна. Мөн тэрээр ялагдлын шалтгаан нь барилдааны агуулгад хэт анхаарснаас болсон хэмээн онцолжээ.
Каоригийн хамгийн сүүлийн ялагдал 13 жилийн өмнө буюу дунд сургуулийн сурагч байхад нь тохиосон гэдэг. Үнэхээр ч Каоригийн барилдаануудыг хараад байхад өрсөлдөгчөө өөрийн зайнд оруулж чаддаг, тэр хэрээр барилдааны санаачилгыг гартаа авдаг. Харин манай бөх П.Орхонтой хийсэн барилдаанд түрүүлж довтолж, мэх хийхдээ хариу мэхэнд орж оноо алдсан. Каори барилдааны тухай ярихдаа “Эхний хагаст барилдаан ер болж өгөөгүй. Сүүлийн хагаст байдлыг засах гэж оролдоод бүтээгүй. Хөлд орох гэж оролдоод ч бүтээгүй. Довтолж барилдана гэсэн бодол маань хэт хүчтэй байсан нь нэг талаар алдаа болсон байх. Би өөрөө барилдаагүй, хөндлөнгөөс харж суугаа мэт хачин сэтгэгдэл төрөөд, анх удаа ийм юм болсон учир их гайхсан. Харамсалтй гэхээс илүү гутрах сэтгэл төрж байна” гэжээ.
П.Орхоны хувьд домогт Ичогийн 13 жил тасраагүй амжилтыг 189 дэх барилдаанд тасалсан юм. Харин Каоригийн хувьд рекорд амжилт тийм ч чухал биш хэмээн онцлоод амьдралдаа хоёрдахь удаагаа зүүж буй мөнгөн медалиа сэтгүүлчдэд үзүүлээд “Харах болгонд харамсах сэтгэл төрүүлэх учиртай энэ медалиа нандигнан хадгалах болно” гэжээ.
Тэрээр энэ сарын 17-21-нд Тайландад болох Азийн аваргын тэмцээнд оролцохоор зэхэж байсан ч одоохондоо шийдээ гаргаагүй байна гэжээ. Энэ тухай Японы хэвлэлүүдэд “Каори Ичод харамсаж, гомдоллон суух цаг байхгүй. Ганц удаагийн ялагдлаас болж Азийн аваргыг өнжих нь буруу. Түүний оронд жинхэнэ чөлөөт бөх, үлгэр жишээ барилдааны эрэлд гарах ёстой” гэсэн байна.