Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран при” тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ Б.Одончимэг аваргын төлөө ОХУ-ын бөх Елена Перепёлкинаг ялж хоёр дахь алтан медалийн эзэн болов.
Энэхүү “Алтан Гран при” болон И.Ярыгиний цомын төлөө хүнд жингийн бөхчүүдийн олон улсын ХХҮII тэмцээн ОХУ-ын Красноярск хотод И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 61, 86, 125 кг, эмэгтэй 48, 55, 63, 75 кг жингийн шилдгүүдийг тодруулав.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл хүрэл медалийн төлөө барилдаанд Б.Мөнхтуяаг 10:0 оноогоор ялсан. 55 кг-д ОУХМ Б.Номин-Эрдэнэ 18 настай ОХУ-ын бөх Алина Казымоватай хүрэл медалийн төлөөх барилдаанд өрсөлдөгчөө хожиж яваад сүүлийн 10 секунт дутуу байхад 4 оноо алдаж нэг онооны дутуугаар ялагдаж медальгүй хоцорлоо. Спортын мастер П.Шинэхүү хүрэл медалийн төлөө ОХУ-ын бөх В.Шульгинатай өрсөлдөж цэвэр ялагдав.
Манай эмэгтэй баг 2015 онд тус тэмцээнээс хошой алт, нэг мөнгө, 3 хүрэл нийт 6 медаль авсан бол энэ жил хоёр алт, 6 хүрэл нийт 8 медаль хүртээд байна. Өнөөдөр эрэгтэй 67, 70, 97 кг жингийн барилдаан болно.