Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Боловсролд долоон сая ам.долларын өртөгтэй гурван төсөл хэрэгжинэ


Азийн хөгжлийн банк болон Монгол Улсын Засгийн газархооронд долоон сая ам.долларын буцалтгүй тусламжийн гурван төрлийн гэрээнд гарын үсэг зурлаа. “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын байгаль орчин ба иргэдийн амьжиргааг сайжруулах”, “Алслагдсан баруун бүсэд сургуулийн дотуур байрны нөхцөл сайжруулах” мөн “Улаанбаатар хотод төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хүртээмж нэмэгдүүлэх” гэсэн гурван төсөлд АХБ-аар дамжин хэрэгждэг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн эх үүсвэртэй Ядуурлыг бууруулах сангаас санхүүжүүжилт хийж байгаа юм.

Төслийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Болор, Азийн хөгжлийн банкыг төлөөлж суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммер нар гарын үсэг зурахад  төсөл санаачлан хэрэгжүүлэгчид болох БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, НЗДТГ-ын төлөөлөгчид тэргүүтэй албаны хүмүүс хүрэлцэн байлцлаа.

Насанбаяр: Дотуур байрыг толгой хорогдох байр мэтээр ойлгож болохгүй

Гарын үсэг зурах ёслолын дараа БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Насанбаяртай ярилцлаа.

-Орчин нөхцөл гэхээс илүү хүрэлцээг нь нэмэгдүүлэхэд анхаарах ёстой санагддаг?

-Дотуур байрыг толгой хоргодох байр мэтээр ойлгож болохгүй. Угтаа, хүүхдийн хөгжил, хүмүүжлийн орчин байх ёстой юм. Малчид маань бэлчээр, байгаль, цаг уурын байдлаас шалтгаалж тэр бүр хүүхдээ дагаж сумын төв бараадан нутаглаад байж чаддаггүй. Угтаа, хүүхэд эцэг, эхийн оролцоогүй сургуулийн орчинд сурч боловсорч, хөгжиж хүмүүжих ёстой юм. Эл орчинг бий болгох нь дотуур байрны нөхцлийг сайжруулахаас эхэлнэ. Тиймээс Увс, Завхан, Говь-Алтай аймгийн нэн даруй орчин нөхцлийг нь сайжруулах ёстой гэж үзсэн 20 сургуулийн дотуур байрныгсонгосон. Үүнд, Увс аймгийн 10 сургууль багтаж байгаа бол Завхан, Говь-Алтайгаас тус бүр таван сургууль сонгосон.

-Тэгэхээр тоо бус чанарыг эрхэмлэж байгаа гэж ойлгож болох нь?

-Тийм. Дотуур байрны нөхцөл байдал муу байгаагаас шалтгаалж бага ангийнхан тэр дундаа зургаан настнууд сургуулийн орчинд дасан зохицоход хүндрэлтэй байдаг. Тиймдээ ч аав, ээжийнх нь аль нэг нь сумын төвд илүү гэрээ бариад ч юмуу хүүхдээ дэргэдээ авдаг. Энэ нь нэг талаар хүн хүч дутагддаг малчин өрхөд дарамт болдог хэрэг. Тиймээс малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс дотуур байрны орчинг сайжруулах ёстой юм.

-Орчин нөхцөл сайжруулахад ямар ямар ажил төлөвлөөд байгаа вэ?

-Наанадаж дотроо бие засах газартай, усанд орох нөхцөл бүрдүүлсэн байхаас гадна үйлчилгээг нь сайжруулахад анхаарч байна.Бага ангийнхан тэр дундаа зургаан настнууд бие даах чадвар муу. Тиймээс багш, ажилчдыг чадваржуулснаар дотуур байрны үйлчилгээ сайжирч байгаа хэрэг. Ахлах, дунд ангийнхан бие даах чадвар илүү учир төсөлбага ангийн сурагчид руу илүүтэй чиглэж байгаа гэж болно.

-Ер нь манайд дотуур байрны нэгдсэн стандарт гэж байдаг юм болов уу?

-2014 онд БСШУЯ, ЭМСЯ хамтран дотуур байранд тавигдах наад захын шаардлага ямар байх ёстойг тогтоосон. Эл стандарт болоод одоо хэрэгжих төсөлдөө тулгуурлаж цаашид хэрхэн сайжруулж болохыг тандана.Төсөл эхний ээлжинд бүтээн байгуулалтын шинжтэй ажлаар эхлэх бол хоёрдугаар ээлжинд бодлогын асуудал буюу стандарт норм бий болгох тэргүүтэй ажилд чиглэнэ. Яамны зүгээс дотуур байрны орчин нөхцлийн тухай анхан шатны стандарт боловсруулан батлах гэхчлэн бодлогын баримт бичгүүдийг боловсруулах юм.

-Орчин нөхцөл сайжруулна гэдэгт өргөтгөлийн ажил багтах уу?


-Яахав, тухайн дотуур байрыг хариуцсан барилгын компани эхний ээлжинд хийх шаардлагатай ажлыг тодорхойлж шаардлагатай гэж үзвэл өргөтгөл хийх боломжтой. Мэдээж сургууль, дотуур байр бүр өөр орчин нөхцөл, насжилт, хүртээмжтэй учир тухайн сургуулиас л шалтгаална. Шаардлагатай гэж үзвэл өргөтгөл хийгдэж болно.

-Хөрөнгө оруулалт орж ирэхээс өмнө төсөл батлагдчихсан хэрэг үү?

-Бидний хувьд төслөө бэлэн болгоод батлуулчихсан байсан. Өнөөдрийн гэрээгээр хүчин төгөлдөр болж байгаа хэрэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан