Эцэг, эхийгээ дагаад гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаад ирсэн хүүхэд олон байдаг. Харамсалтай нь, гадаадад ахлах сургууль төгссөн хүүхдүүдийг элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй гэдэг нэрийдлээр их, дээд сургуулиуд элсүүлэхгүй байна гэдэг гомдол БСШУЯ-нд нэлээд олон ирдэг. Иймэрхүү асуудалтай тулгарсан хүүхдүүд хаана, хэнд хандах ёстой талаар хариуцсан мэргэжилтнээс нь тодруулахад “Гадаад оронд ахлах сургууль төгссөнийг нотлох боловсролын бичиг баримтаа хавсарган элсэн суралцахыг хүсч байгаа сургуулийнхаа захиргаанд хандах хэрэгтэй л дээ. Мөн БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газарт хандан гадаадад эзэмшсэн боловсролын баримт бичгээ бүрэн дунд боловсролын үнэмлэхтэй дүйцүүлэх шаардлагатай” гэлээ. Тэгэхээр ЭЕШ өгөөгүй ч гэсэн баримт бичгээ дүйцүүлсэн тохиолдолд хүссэн сургуульдаа сурч болох нь.