А.АКЭРКЭ
Мэргэжлийн сүмогийн 2016 оны хамгийн анхны Хацү башёг нэг ч унаагүй тэргүүлж буй 69 дэх ёкозүна их аварга Хакүхо сүмогийн холбооны ерөнхийлөгч асан Китаноүмигийн 951 даваатай тэнцээд байгаа. Тэрээр энэ тухайгаа өөрийн твиттер хуудаснаа “40 дахь удаагаа дараалан найм давлаа. Дуулчихмаар ч юм шиг өдөр байна” гэж жиргэсэн байсан. Тэгвэл их аваргын тухай нэгэн шинэ мэдээлэл дуулгахад тэрээр саяхан “Ялан туулахын хүч” нэртэй шинэ ном гаргажээ. Япон хэлнээ гарсан энэхүү номын ишлэлүүд нь хэдийнэ хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрч амжжээ. Тухайлбал, “Амьдралд түмэн бэрхшээл тохиолдоно. Гагцхүү сэтгэлээрээ л ялагдахгүй бол мөрөөдөл тань заавал биелнэ”, “Биширч хүндлэх гэдэг маш чухал зүйл. Тэрхүү сэтгэлийг байнга тээж явах тусам хүсэл мөрөөдөл оргилж, зорьсондоо хүрэхийн төлөө хүн улам их чармайдаг билээ”, “Амжилтад хүрэхийн тулд хүн заавал өөртөө зорилго тавих ёстой. Түүндээ хүрч, давбал бүр илүү том мөрөөдөл урд тань харагдаж эхэлнэ”, “Эцсийн эцэст хүн өөрийгөө ялна гэдэг л хамгийн чухал. Өөрийгөө ялахын тулд сэтгэлээ ариусган засч явахаас өөр аргагүй” зэрэг ишлэл нь өөрийнх нь амьдралын мөрдлөг гэх зэргээр хүмүүс янз бүрээр ярьж байна. Өмнө нь их аваргын багш Н.Кенши түүний сүмод зүтгэсэн 15 жилийнх нь түүхийг багтаасан “Хакүхогийн ментал буюу дотоод хүч” ном гаргаж түүнийг нь Япон судлаач Д.Төмөрбаатар монгол хэлнээ орчуулан элэг нэгтнүүдийнх нь гар дээр тавьж байсан билээ.
Энэхүү ном нь анх 2013 оны арванхоёрдугаар сард Японд хэвлэгдэж байсан бол ийнхүү хоёр дахь ном нь түүний шүтэн бишрэгчдэд хүрчээ. Харин хэзээ монгол хэлнээ хөрвүүлэгдэж монголчуудын гарт хүрэх нь толорхойгүй байна.