Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Ердөө долоохон сарын дараа XXXI удаагийн олимпын наадмын бамбар Бразилийн тэнгэрт бадамлаж, хүн төрөлхтөн их спортын талбарт эвлэлдэн нэгдэж, спортын 28 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Манай баг тамирчдаас Рио де Жанейро хотноо тохиох олимпын наадамд орох 18 эрх аваад буй.
Түүнчлэн, энэ удаагийн олимпын наадам анхны олимп буюу “Афин-1896” наадам зохиогдсоны 120 жил, Монголын үндэсний олимпын хороо байгуулагдсаны 60, 1976 оны Монреалын олимпын наадмаас зууны манлай бөх, гавьяат тамирчин З.Ойдов чөлөөт бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэний 40, “Алтанта-1996” олимпоос Д.Нармандах жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог. Тиймдээ ч олон ой давхацсан олимпын жил Риогийн дэвжээнд эх орноо төлөөлөх тамирчдын хувьд хариуцлагатай жил болох нь гарцаагүй.
Олимпын наадмын өмнө баг тамирчдын бэлтгэл сургуулилт хэр хангагдсаныг ажихын зэрэгцээ, медалийн тавцанд гарах магадлал хэр байгааг харж болдгоороо улсын аварга шалгаруулах тэмцээн чухал ач холбогдолтой. Он гарсаар олимпын наадамд оролцох эрх авсан спортын гурван төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Ингээд эдгээр тэмцээн уралдаанаас хийсэн сурвалжлагыг тоймлон хүргэж байна.
Ц.Цогтбаатар аваргуудыг давж аварга боллоо
Энэ жил жүдо бөхийн улсын аварга шалгаруулах 39 дэх удаагийн тэмцээн болж эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд аваргаа тодрууллаа. Энэ онд Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 40 жил, нэрт жүдоч, Монгол Улсын гавьяат тамирчин Доржхандын Нармандах “Алтан олимп” хэмээн түүхэнд үлдсэн Атлантын олимпын татамигаас хүрэл медаль хүртсэний 20 жилийн ой тохиож буй учир ээлжит улсын аваргыг Эрдэнэт хотын “Хангарьд” спорт цогцолборт буюу анх удаа орон нутагт зохион байгуулсан юм.
Эрэгтэйчүүдийн 39 дэх, эмэгтэйчүүдийн 24 дэх, багийн дөрөв дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Жүдо бөхийн холбоо, “Хангарьд” спорт хороо хамтран зохион байгуулсан.
Манай баг тамирчид тив, дэлхийн тэмцээнд хөнгөн жинд илүүрхдэг. Тиймдээ ч улсын аварга шалгаруулах тэмцээний хөнгөн жин өрсөлдөөн ихтэй байв. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар одтой барилдаж аваргуудыг давж аварга болов. Тэрээр аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшинг цэвэр ялсан бол хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Г.Болдбаатарыг вазари үнэлгээгээр буулган авсан юм.
Түүнчлэн, “Рио-2016” олимпын наадамд медальт байрт шалгарах магадлал өндөр хэмээгдэж буй дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ, “Хилчин” спорт хорооны тамирчин Д.Сумъяа жиндээ илүүрхэж дахин аваргаллаа. Ийнхүү эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Ц.Цогтбаатар анх удаа түрүүлж аварга болсон бол 66 кг-д А.Батсуурь Монголын жүдо академийн багш Юүки Такакашиг ялж хошой аварга болсон. 73 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин Н.Хадбаатар өрсөлдөгч Б.Батгэрэлийг үүрэх мэхээр цэвэр ялж мөн анх удаа улсын аварга болов.
Мөн 81 кг-д О.Ууганбаатар өрсөлдөгчөө даралтаар цэвэр ялсан бол 90 кг-д барилдсан Л.Отгонбаатар анх удаа түрүүлж, улсын аварга болов. Харин 100 кг-д ОУХМ Х.Цогтгэрэл жин өгсч барилдан түрүүллээ. Тэрээр 2014, 2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд 90 кг-ын жинд дараалан түрүүлж байсан юм. +100 кг-д “Хангарьд” спорт хорооны тамирчин Б.Тэмүүлэн “Аврагч” спорт хорооны тамирчин Д.Анарыг ялж аваргалсан.
Д.Сумъяа өнгөтэй байна
Эмэгтэйчүүдийн барилдааны хамгийн хөнгөн жин буюу 48 кг-д Э.Базаррагчаа анх удаа түрүүлж алтан медаль хүртсэн бол 52 кг-д А.Цолмон түрүүлж дөрөв дэх удаагаа улсын аварга болсон. 57 кг-д Д.Сумъяа, 63-т Д.Ганхайч, 70-д Ц.Наранжаргал, 78-д П.Лхамдэгд нар түрүүлж аваргалсан. Энэ жилийн хувьд эмэгтэйчүүдийн барилдаанд өнгөтэй сайхан барилдсан хүн бол “Хилчин” спорт хорооны тамирчин Д.Сумъяа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хятадын Чиндао хотноо болсон олимпын эрхийн оноо олгох тэмцээнд аваргалсан тэрээр бэлтгэл сайн байгаагаа харуулж улсын аваргад учраа бөхчүүдээ ээлж дараалан ялж аваргаллаа.
Ч.Нямзул гурван насны ангилалд рекорд тогтоов
2016 оны хүндийн өргөлтийн 21 хүртэлх насны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-8-нд Спортын төв ордны “А” зааланд болж өндөрлөлөө. Төрийн хошой Алтан гадас одонт Т.Самбуу агсны нэрэмжит улсын аваргад орон нутгаас 13, байгууллага, клубүүдээс 80 гаруй тамирчин оролцож эрэгтэй долоо, эмэгтэй зургаан жинд хүч үзэн өрсөлдөв. Хүндийн өргөлтийнхөн он гарсаар хамгийн эхэнд улсын аваргаа зохион байгуулж салхи хагалснаараа эл тэмцээн ихээхэн онцлогтой болов. Тэмцээний эрэгтэй 62 кг-ын жинд ОУХМ Ө.Чагнаадорж залуучуудын улсын рекордыг эвдэж, 16 оноогоор ахиулж шинэчлэн тогтоолоо. Тэрээр огцом өргөлтөөр 106 кг, түлхэлттэйд 140 кг өргөсөн юм. Энэ жинг хамгийн өрсөлдөөнтэй жин байсан гэж болно. Учир нь, 62 кг-ын жинд нийт 14 тамирчин аваргын төлөө өрсөлдсөн билээ.
Түүнчлэн, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд “Самбуу сан” клубийн тамирчин, спортын мастер Ч.Нямзул огцом өргөлтөөр 63 кг өргөж өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн улсын дээд амжилтыг ахиулсан. Түүнчлэн, энэ жинд Өвөрхангай аймгийн тамирчин Э.Энхбаяр спортын дэд мастер цолны болзол хангасан.
Нийлбэр дүнгээр эрэгтэй 50 кг-ын жинд “Самбуу сан” клубийн тамирчин А.Нэргүйбаатар алтан медаль, 56 кг-д Төрөлжсөн сургалттай биеийн тамирын дунд сургуулийн тамирчин Г.Өнөболд алт, 62 кг-д Ө.Чагнаадорж, 69 кг-д Х.Очирхүү, 77 кг-д Ө.Даваагомбо, 85 кг-д “Самбуу сан” клубийн тамирчин Б.Нямчулуун, +85 кг-д Н.Шижир-Эрдэнэ нар аваргалсан байна.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д спортын мастер Ч.Нямзул, 53 кг-д А.Бум-Аюуш, 58 кг-д Э.Бурмаа, 63 кг-ын жинд Г.Анужин, 69 кг-д спортын мастер О.Дархижав, +69 кг-д Э.Энхтамир нар тус тус аваргалж 2016 оны хүндийн өргөлтийн залуучуудын улсын аварга болсон.
Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээн өндөрлөхөд нийлбэр дүнгээр ОУХМ М.Анхцэцэг дасгалжуулагчтай “Самбуу сан” клуб түрүүлж, Д.Чинзориг дасгалжуулагчтай ТСБТДС-ийн баг, А.Отгонжаргал дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо удаалав.
Долоон аварга төрсөн УАШТ
“Буянт-Ухаа” спортын ордон энэ сарын 9-нд эхэлсэн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөж дүнгээ гаргалаа. Тэмцээнд нийслэлийн Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Өвөрхангай, Завхан аймаг болон “Аврагч”, “Алдар”, “Сүлд”, “Хилчин”, “Хүч” тэргүүтэй 31 биеийн тамир, спорт хороо, клубийн тамирчид хүч үзсэн.
Тэмцээний эхний өдөр өнгөрсөн есдүгээр сард АНУ-ын Лас Вегас хотноо зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчид барилдсан нь анхаарлын төвд байлаа. Тэр дундаа гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Номин нарын барилдааныг цугласан олон шимтэн үзсэн. Эдгээрээс Б.Номин ганцаар мөнгөн медаль хүртэж бусад нь хүрэл медалийн болзол хангаж шинэ, залуу тамирчид бэлтгэл сайн хангаснаа харууллаа.
Түүнчлэн, энэ жилийн улсын аварга олимпын эрхийн оноо олгох, олимпод өрсөлдөх баг тамирчдыг сонгон шалгаруулснаараа онцлогтой болсон билээ. Эрэгтэй, эмэгтэй тус тус найманд жинд хоёр өдөр хүч үзсэн тэмцээн өндөрлөхөд эрэгтэйчүүдийн 57 кг-д С.Батболд, 65 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Батмагнай, 70 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Батзориг, 97 кг-д “Сүлд” клубийн тамирчин Д.Хүдэртулга нар аваргалсан.
Харин хамгийн өрсөлдөөнтэй гэгддэг эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн 48 кг-д “Хасу мегастар” клубийн Ц.Намуунцэцэг, 55 кг-д “Алдар” спорт хорооны Г.Отгонжаргал, 60 кг-д “Аварга” дээд сургуулийн О.Оюунтуяа, 69 кг-д “Хилчин” спорт хорооны Ш.Түмэнцэцэг аваргалсан.
Энэ жилийн улсын аваргаас шинэ, залуу тамирчид хүч түрэн орж ирж байгааг харж болохоор байв. Тэмцээний эхний өдөр л гэхэд долоон улсын аварга төрсөн юм.