Шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн өдөр энэ сарын 13-нд тохионо. Уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд өнөөдөр шатар сонирхогчдын 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Төрийн ордонд эхэллээ.
Тэмцээнийг нээж, УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэв. Тэрбээр: Үндсэн хуулийн өдрөөр уламжлал болгон явуулдаг “Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн” дөрөв дэх удаагаа явагдаж байна. Шатар бол хүнийг сэтгэн бодуулж сургадаг, логик сэтгэлгээг хөгжүүлдэг, тэвчээртэй болгодог, биеийн булчингаар бус ухааны даацаар хүмүүжил олгодог онцгой спорт. Тийм ч учраас, Улсын Их Хурал шатрын спортын хөгжилд өндөр ач холбогдол өгч энэхүү тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн.
Анх 2013 онд Үндсэн хуулийн өдрөөр “Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн"-ийг зөвхөн нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байсан бол 2014 онд улсын хэмжээнд зохион байгуулж, оролцогчдын тоо 1200 болж өссөн байна. 2015 оноос сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын гэсэн гурван үе шаттайгаар явуулж, нийт 2400 орчим тамирчин оролцсон бол энэ жил улам хүрээгээ тэлж, 4800 шатарчин хамрагдсанаас нийт 120 шилдэг шатарчин шалгарч, оюуны хүчээ сорихоор өнөөдөр энд хуран цуглараад байна. Тэмцээний хамрах хүрээ энэ жил эх орны хилийн дээс давж, БНСУ-ын Сөүл хотод ажиллаж, амьдарч буй монголчуудын дундаас шалгарсан шилдэг хоёр тоглогч өнөөдрийн тэмцээнд оролцож байна.
Оюун ухааны “хаан спорт” шатрыг дэмжих чиглэлээр 2013 онд бид Улсын Их Хурлын гишүүдээр дамжуулан бүх ерөнхий боловсролын сургуулиудад шатрын клуб байгуулах санаачилгыг гарган ажил хэрэг болгож эхэлсэн. Мөн сургууль бүрийг шатрын дугуйлан явуулах шаардлагатай тоног хэрэгслээр хангах зорилт тавьж амжилттай ажилласан. Энэ хөдөлгөөний хүрээнд УИХ-ын гишүүн Я.Санжмятавын санаачлагаар 2014 онд Завхан аймагт 9999 хүүхдийн шатрын фестиваль амжилттай зохион байгуулсаныг дурьдахад таатай байна.
УИХ-ын даргын санаачилгаар эхэлсэн “Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн” улам бүр мэргэжлийн түвшинд ойртсоор байна. Цаашид сум, орон нутгийн сургуулиудад шатар заах боловсон хүчин бэлдэхэд туслах, сургалтын агуулга боловсруулж, түгээх чиглэлд анхаарах юм.
Тэмцээнд оролцож байгаа бүх шатарчиддаа, тэднийг дэмжиж шатар тоглохоор ирсэн шинэ Үндсэн хуулийг батлахад оролцсон АИХ-ын депутатууд болон УИХ-ын гишүүдэд дахин баяр хүргэж амжилт хүсье гэв.
Тэмцээн хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр аваргаа тодруулна.