Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ургах наран” сургуулийн хүүхдүүд хохирсон уу

А.АКЭРКЭ

Өнгөрсөн жил нийслэлийн Боловсролын газраас хувийн хэвшлийн хэд хэдэн бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь цуцалсан. Гэсэн хэдий ч “Чинхур”, “Цахим эрин” сургууль хууль бус шийдвэр гэж үзэн өнөөг хэр нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Хэдийгээр дээрх сургуулиудад сурдаг хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд хандан НБГ-аас хүүхдүүдээ албан ёсны зөвшөөрөлтэй сургуульд шилжүүлэн сургах зөвлөмж хүртэл гаргасан ч тусыг эс олоод байна. Тэгвэл дээрх сургуулиудын адил өөр нэг сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалж өгөөч гэх хүсэлтийг нэгэн иргэн нийслэлийн Боловсролын газрын сайтад бичсэн байна. Тодруулбал, хамран сургах тойргийн хязгаарлалт байхгүй, суралцагчдын суралцах таатай орчныг бүрдүүлсэн, мэдээллийн дэвшилтэт технологид суурилсан сургалтын арга зүйтэй хэмээгддэг байсан “Ургах наран” дунд сургуулийн талаар Н.Нандин гэх хаягнаас ийн бичжээ. “Ургах наран” сургууль нь сүүлийн гурван жил түрээсийн төлбөрөө өгч чадахгүй байна. Жил бүр өөр өөр газар шилжин явсаар энэ жил үйл ажиллагаагаа зогсоосон. Хүүхдээ өөр сургууль руу шилжүүлсэн ч хувийн хэргийг нь Сэн Лизэ сургуульд байгаа гээд өгөхгүй байна. Учир нь, “Ургах наран” сургууль Сэн Лизэ сургуульд хүүхдүүдээ сургаад биднээс авсан төлбөрийг нь өгөөгүй байгаа гэнэ. Олон хүүхэд хохирч байна. Хохирогч нарын тоо нь энэ хичээлийн жилд олширсоор байна. Энэ сургуулийн эрхийг нь яагаад бусад сургуулийнх шиг цуцалж болдоггүй юм бэ. Энэ бол та бүхний ажилтай ч бас холбоотой гэж үзэж байна. Та нарын хяналт бага байгаагаас болж олон хүн хохирч байна шүү. Цаашдаа олон хүнийг хохироомооргүй байна шүү дарга нар аа” гэжээ.
Энэхүү мэдээллийн дагуу холбогдох хүмүүсээс нь учир байдлыг тодрууллаа.  

Төлбөрөө төлсөн хүүхдүүд нь л манай сургуульд сурч байна

“Сэн Лизэ” сургуулийн захирал Б.Уранчимэгээс дараахь тайлбарыг авав.

-Танай сургууль дээр “Ургах наран” сургуулийн хүүхдүүд шилжин суралцаж байгаа гэх юм. Хэчнээн хүүхэд шилжиж ирэв?
-Манайд өөрсдөө сайн дураар ирсэн хүүхдүүд нь л сурч байгаа. Эцэг, эх нь бид “Ургах наран” сургуулиас авлагатай төлбөрөө ийм, тийм шугамаар өгье гэхэд нь бид зөвшөөрөөгүй. Тэр сургуулиасаа өөрсдийнхөө шугамаар авлагаа ав, харин манай сургуульд хүүхдээ сургах гэж байгаа бол төлбөрөө төл гэдэг шаардлага тавьсан. Тиймээс төлбөрөө төлсөн хүүхдүүд л манай сургуульд сурч байна.

-Зарим эцэг, эх хүүхдээ өөр сургуульд сургаж байгаа ч хувийн хэрэг нь танай сургууль дээр байгаа гэсэн байна. Энэ ямар учиртай юм бол?
-Манайд ганцхан хүүхдэд ийм асуудал гарсан. Тавдугаар ангийн нэг хүүхэд өнгөрсөн жил манай сургуульд шилжиж ирсэн юм. Нэг жил төлбөр төлөх ёстой байсан ч “Ургах наран” сургуулиас ав гэсэн. Тус сургуулийн удирдлагуудтай холбогдоход “Төлбөрөө төлчихсөн байсан юм. Хувийн хэргийг нь өгчихөж болох уу” гэсэн. Тэгэхэд нь бид мөнгө төлчихөөд ав гэсэн л дээ. Нэг л хүүхэд дээр ийм асуудал үүссэн. Манай сургууль “Ургах наран” сургуулиас багагүй авлагатай. Тэр авлага дээрээ тус хүүхдийн төлбөрийг нэмж тооцохоор болоод хувийн хэргийг нь өгөөд явуулсан. Хэрвээ ийм гомдолтой яваа эцэг, эх байгаа бол манай сургууль дээр ирээд бидэнтэй уулзаж болно. Мөн манай сургуулийн 80 шахам хүүхэд Хятадын хоёр, гурван хотод сурдаг. Тэд өнөө маргаашгүй ирнэ. Үүнтэй адил “Ургах наран” сургууль үйл ажиллагаагаа зогсоохын өмнө Хятад руу зарим хүүхдээ явуулсан юм шиг байна билээ. Тэр хүүхдүүд сургууль нь дампуурч байгааг сонсоод хувийн хэргээ авъя, шилжье гэсэн байж болох юм. Манайх ижил статустай сургууль, мөн Хятадад хүүхэд сургадаг нь адилхан учир Хятадад сурч буй хоёр, гурван хүүхдийнх нь хувийн хэрэг манай дээр бий. Ирэхээр нь бид өгөөд л явуулна шүү дээ.

-Яагаад тэр хүүхдүүдийн хувийн хэрэг танай сургууль дээр байдаг билээ?
-Ижил статустай учир дампуурахаасаа өмнө энэ хүүхдүүд хэцүүднэ гээд Хятадад сурч байгаа хэдэн хүүхдийнхээ хувийн хэргийг хадгалуулахаар авчирч өгсөн. Ирэхээр нь өгөөд л явуулна. Мөн тэр хүүхдүүд нь үнэхээр сурч байна уу, үгүй юу гэдгийг нь эцэг, эхтэй нь уулзаж байж л мэднэ шүү дээ. Тэгэхээр өөр сургуульд сураад хувийн хэргээ авах гэсэн хүүхдүүд байгаа бол манай сургууль руу явуулчихаарай.  Мөн манай сургуульд шилжин суралцаж байгаа хүүхэд байхгүй шүү. Төлбөрөө төлсөн хүүхдүүд нь л манай сургуульд сурч байна. Ийн мэдээлэл авсны дараа учир явдлыг тодруулахаар “Ургах наран” сургуулийн удирдлагуудтай холбогдох гэсэн боловч өөрийн цахим хуудсан дээрээ тавьсан дугаарууд нь холбогдох боломжгүй байв. Гэсэн хэдий ч төд удалгүй “Ургах наран” сургуулийн гүйцэтгэх захирал гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй  “Сэн Лизэ” сургуулийн захирал Б.Уранчимэгээс сонслоо гэсээр дараахь мэдээллийг бидэнд өгсөн юм.
 
Хувийн хэргээ аваагүй нэг ч хүүхэд байхгүй

/“Ургах наран” сургуулийн гүйцэтгэх захирал/

-Миний хувьд өнгөрсөн сард Хятад руу яваад ирсэн. Энэ мэдээллийг энэ сарын 2-ны өдөр харсан л даа. Нэг­­дүгээрт, манайх “Сэн Лизэ” сургуультай гэрээтэй ажил­­ладаг. Хоёрдугаарт, на­даас хувийн хэргээ аваа­гүй нэг ч хүүхэд байхгүй. Миний хувьд нийслэлийн Боловсролын газрын сайтад мэдээлэл бичсэн хүнийг олоод хариуцлага тооцно. Бид боловсролын нэгдсэн системтэй учир хүүхдүүдээ аль сургууль руу шилжиж байна вэ гэдгийг нь сайн мэднэ. Хүүхдийн хувийн хэрэг аваад хохироосон асуудал ерөөсөө байхгүй шүү.

-Олон хүүхэд хохирч байна гэсэн мэдээллийг нягт­­ла­хаар л холбогдсон нь энэ?
-Хэрвээ би хүний хүүхдийн хувийн хэргийг өгөөгүй байвал тэр хүүхэд өөр сургуульд сурч чадахгүй шүү дээ. Манай сургууль тэгж хүүхэд хохироогоогүй. Төлбөрийн асуудалтай хүүхдүүдийн хувийн хэргийг нь ч өгсөн. Надтай тооцоотой хүүхдүүд Сэн Лизэ сургуульд сураад явж байна. Хамгийн гол нь тэр мэдээллийг бичсэн хаяг нь шинэ юм билээ. Эзнийг нь олоод нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгнө. Бид боловсролын хэлтэст хүүхдүүдээ аль сургууль руу шилжлүүлсэн, хэдэн хүүхэд нь Хятадад байгаа талаар байнга тайлан тавьдаг. Тэгэхээр манайхаас гарсан, үл ойлголцолтой байгаа хүмүүс л ийм асуудал үүсгээд байгаа болов уу. Үнэнийг хэлэхэд надад өглөгтэй хүүхдүүдийн шилжилтийн асуудлыг хүртэл би шийдэж өгсөн. Дүүргийн Боловсролын хэлтэст цаг тухайд нь тайлангаа тавьж, үр дүнгийн гэрээгээ хүртэл хийгээд явж байна.

-Сэн Лизэ сургуультай гэрээтэй ажилладаг гэлээ. Жаахан дэлгэрэнгүй тайлбар өгөөч?
-Хувийн сургуулиуд баг болж хамтарч ажилладаг юм. Нэг нэгнийхээ болохгүй, бүтэхгүй байгаа асуудлыг нь хэлж ярьдаг. Адилхан статустай учир нэгнээ дэмжиж ажилладаг гэж ойлгож болно. Хоёулаа л хятад хэлний сургалттай, хүүхдүүдээ сараар, 14 хоногоор солилцоогоор Хятад руу явж сургадаг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан