Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Бид нэг гэр бүл”-ийнхэн хэвлэлийн хурлаа хийлээ

“Ардчилал” сонины сэтгүүлч, сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн “Эрдэнэдрийлинг-Ригс”, “МУИС-МБМ”, “Уурхайчин” багт тоглож байсан спортын мастер Батцэнгэлийн Батхишигт яаралтай бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болж улмаар хамт олон, найз нөхөд, багийн гишүүд нь хандивын аян өрнүүлж эхэлсэн. “Бид нэг гэр бүл” хандивын аяны хүрээнд сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид легионеруудын эсрэг халз тоглолт хийхээр болсон. Энэ сарын 30-нд буюу лхагва гарагт Спортын төв ордны “А” зааланд болох тоглолтын хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

Хуралд Монголын үндэсний шигшээ багийнхнаас гадна АНУ-аас ирсэн легионер тамирчид, “Ардчилал” сонины хамт олон оролцсон. Түүнчлэн, хандив цуглуулах аянд урлаг, спортын алдартнууд ч сайн дураараа нэгдэж эхлээд буй. Жишээлбэл, Монгол Улсын гавьяат тамирчин, Лондонгийн олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, “Харанга” хамтлагийн дуучин, гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, Кёкүшюзан Д.Батбаяр, чөлөөт бөхийн шигшээ багийнхан, жүдо бөхийн шигшээ багийнхныг дурьдаж болно. Мөн өвөрмонголчууд ч хандивын аянд нэгдэж, Б.Батхишигт хандив цуглуулж эхлээд байгаа тухай “Нэр төр, эрхэмсэг амьдрал” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Наранцогт дуулгасан. Ингээд өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Б.Батхишигийн хамт олон, багийн гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.

С.Тулга: Шигшээ багийнхны болон легионеруудын майкийг дуудлагаар худалдана

/Монголын үндэсний шигшээ багийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/

-Энэ өдрийн мэнд дэвшүүлье. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос хүмүүнлэгийн “Бид нэг гэр бүл” хэмээх төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Эл хүмүүнлэгийн ажил маань манай залуу тамирчин Батхишигийнхээ эмчилгээний зардалд зориулагдаж байгаа юм. Батхишиг маань энэхүү спортод маш олон жилийг зарцуулсан. Үндэсний шигээ багийнхны адилаар сагсан бөмбөгөөр Батхишиг гэдэг нэр хүндээ олж авсан. Тиймээс бид чадахаараа туслахаар хүмүүнлэгийн ажил эхлүүллээ. Гэхдээ ганцхан удаагийн үйл ажиллагаа зохион байгуулаад өнгөрөхгүй. Хөтөлбөр болгож нэг, хоёр, гурав гэсэн үе шаттай. Эхний ээлжинд Үндэсний шигшээ багийнхан бүрэн бүрэлдэхүүнтэйгээр легионеруудтай тоглох юм. Мөн дараагаар нь шигшээ багийнхны болон легионеруудын тоглолтын хувцсыг дуудлага худалдаанд оруулна. Залуучуудын шигшээ багийнхныг легионеруудтай тоглуулах бодол бий. 

Ц.Цолмон: Идэр залуухан хүүд минь тусална гэж найдаж байна

/“Ардчилал” сонины эрхлэгч/
-Ардчилал сонин үүсэн байгуулагдаад 26, өдөр тутмын сонин болоод 8 жил болж байна. Батхишиг маань сэтгүүл зүйн гал тогоонд чанагдаад таван жил болжээ. Манай сонин өөрийн нэрэмжит гар бөмбөгийн болон сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж ирсэн. Эдгээр тэмцээнд Батхишиг маань бусдад үлгэр дуурайл болж байснаас гадна багийн ахлагчаар ажилладаг. Тийм учраас сэтгүүл зүйн салбарынхан манай Батхишигийг сайн мэднэ. Бүгд л чадах чинээгээрээ тусалж дэмжиж байгаа. Сэтгүүл зүйн салбарынхан олуулаа. Тэгэхээр идэр залуухан хүүд минь тусална гэж найдаж байна. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооныхонд энэ дашрамд талархаж буйгаа хэлмээр байна.





С.Өрнүүнбилэг: Дорноговийн залуучуудаа уриалмаар байна

/Үндэсний шигшээ багийн төвийн тоглогч/
-Дорноговь аймгийн залуучуудаа тэр дундаа Батхишигийн маань найз нөхөд, хамт суралцаж байсан, нэг багт хамтдаа зүтгэж байсан андуудыг нь энэ хүмүүнлэгийн үйлст нэгдээсэй гэж хүсэх байна. Мөн уриалмаар байна. Батхишиг маань хүмүүсийн ярьдгаар гүндүүгүй сайхан монгол эр хүн. Одоогоор биеийн байдал нь тааруу байна. Гэхдээ хүн бүр сэтгэл гарган тусалж байгаад сэтгэл өндөр байгааг нь хэлэх нь зүйтэй болов уу. Түүнчлэн энэхүү хүмүүнлэгийн үйлст тив, дэлхийн аварга чөлөөт, жүдогийн бөхчүүд нэгдэж буйд талархаж байна гэсэн юм. Харин АНУ-аас ирээд буй легионер тамирчид маань “Ийм сайхан ажил зохион байгуулж буйд баярлаж байна. Сайн үйлсийн тоглолт ч гэлээ бид хожино гэдэгтээ итгэлтэй байна” хэмээж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан