Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголчууд алтаа авч үлдэж чадлаа

Монголчууд алтаа авч үлдэж чадлаа. Энэ бол “Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс санаачлан Монголын боксын холбоотой хамтран  анх удаа Улаанбаатарт зохион байгуулсан “Монгол туургатан боксын анхдугаар наадам” юм. Энэ сарын 12-14-нд Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдсан уг тэмцээний шилдгүүд өчигдөр тодорсон юм. Гурав хоногийн турш ширэн бээлийтнүүдийн дунд ширүүхэн өрсөлдөөн бий болгосон уг  тэмцээнд Монгол, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува Улсын шилдэг боксчид Олон улсын AIBA дүрмийн дагуу хүч үзсэн.  
 
Зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд болсон тус тэмцээнд Монгол Улсын баг тамирчид жин бүрт алтан медаль хүртэж, шилжин явах цом гардан авсан юм. Тэмцээний 60 кг-ын жинд манай гол найдваруудын нэг ОУХМ Д.Отгондалай финалдсан ч рингэнд гарсангүй. Учир нь тэрээр хагас шигшээд бэртэж, цааш тулалдах боломжгүй болсон бөгөөд энэ жинд АНУ-д 10 жил амьдарч, энэ жил их спортдоо эргэн ирсэн ОУХМ О.Батхүү аваргалсан юм. Тэрээр 10 жилийн дараа алтан медаль хүртэж буй нь энэ байлаа.

Тэмцээнд Монгол Улсаас жин тус бүрд чансаа дээгүүр дөрвөн тамирчин оролцсон билээ. 52 кг-д Х.Энх-Амар чансаанд бичигдээгүй ч Монголын боксын холбоо түүнд боломж олгосон. Тэрээр сүүлийн нэг жилд рингэнд гараагүй ч хүчтэй цохилтоороо учраа бүрийг төвөггүй ялж алтан медаль хүртэж чадав.
Тус тэмцээний 49 кг-ын жинд манай шилдэг боксчин Т.Жолдасбек жингийн илүүгээр хасагдаж, оронд нь Э.Мөнх-Эрдэнэ тулалдаж хүрэл медалийн тавцанд гарсан. 52 кг-д тулалдах байсан А.Нурлан яг ийм шалтгаанаар тулалдаж чадаагүй.

Тэмцээнд түрүүлсэн тамирчин 1500 ам.доллар, дэд байр 1000 ам.доллар, гуравдугаар байр 500 ам.долларын шагнал гардсан юм.
Зохион байгуулагчид тус тэмцээнийг жил бүр зохион явуулахаа энэ үеэр дуулгасан юм.

Ийнхүү сүүлийн гурав хоног боксын дэвжээнээ ширэн бээлийгээр хүч үзсэн Монгол туургатан боксчид өчигдөр хамтдаа хаалтын арга хэмжээнд урлагаар өрсөлдөн дуу, хуураа дэлгэн нэгэн үдшийг дурсамж дүүрэн үдлээ. Хаалтын арга хэмжээнд зохион байгуулагчид, наадамд оролцсон баг тамирчид болон “Мотив” хамтлагийн залуус оролцон ая дуугаа өргөн Монгол туургатан залуусыг хөглөсөн юм. 

Тэмцээний  шилдгүүдийг танилцуулья:
49 кг:
1.Г.Ган-Эрдэнэ (Монгол)
2.Н.Каранхаев  (Буриад)
3.Э.Мөнх-Эрдэнэ (Монгол)
52 кг:
1.Х.Энх-Амар (Монгол)
2. М.Гандулам (Монгол)
3. А.Араш (Халимаг)
56: кг:
1.Э.Цэндбаатар (Монгол)
2. Э.Идэрхүү (Монгол)
3.Б.Мишээлт (Монгол)
60 кг:
1.О.Батхүү (Монгол)
2.Д.Отгондалай (Монгол)
3.К.Волат-Оол (Тува)
64 кг:
1.Б.Чинзориг (Монгол)
2.Ч.Начын (Тува)
3.Т.Баярхүү (Монгол)
69 кг:
1.Б.Түвшинбат (Монгол)
2.Н.Прошиаников (Буриад)
3.О.Батзориг (Монгол)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан