Боулингийн насанд хүрэгчдийн 2015 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-20-нд “Парк хаус” боулингийн төвд болохоор товлогджээ. Боулингийн спортыг сурталчлан таниулах, хөгжүүлэх, тоглогч-тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, спортын цол зэргээ ахиулах, шинээр биелүүлэх боломж олгодог эл тэмцээн энэ жил эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон хос, мастерийн ангилалд зохиогдоно.
Ганцаарчилсан төрлийн ялагч зургаан тоглолтын нийлбэр дүнгээр, хосын төрөлд “3+3” буюу зургаан тоглолтын нийлбэрээр тус тус тодорно. Хоёр ба түүнээс дээш тоглогчийн оноо тэнцсэн тохиолдолд тэмцээний дүрмийн дагуу дараагийн өндөр оноог харьцуулан шийдвэрлэх аж. Харин тэмцээний мастер ангиллын төрөлд ганцаарчилсан болон хосын төрөлд нийт есөн тоглолтын нийлбэрээр эрэгтэйчүүдийн эхний найм, эмэгтэйчүүдийн эхний дөрвөн байрыг шалгаруулах юм байна. Тэмцээн хасагдах журмаар явагдах бөгөөд МБХ-ны Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийн дагуу боулингийн спортын цол, зэрэг олгосон, 2015 оны чансааны оноотой тоглогчид оролцох эрхтэй.