Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Шинээр бага сургууль байгуулах тухай” А/951 дүгээр захирамж гаргалаа.
Захирамжийн дагуу боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулж, сургалтын хүртээмж, чанар, үр дүнг дээшлүүлэх зорилгоор 6 бага сургуулийг шинээр үүсгэн байгуулах юм.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 19, 22, 27 дугаар хороонд 136, 137, 132 дугаар бага сургууль, Сонгинохайрхан дүүргийн 24, 25 дугаар хороонд 133, 134 дүгээр бага сургууль, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд 135 дугаар бага сургууль зэрэг тус бүр 180 хүүхдийн хүчин чадалтай сургууль байгуулна.
Шинээр байгуулсан бага сургуульд холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг харьяа дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгов.