Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Дотуур байр” хүүхдэд ээлтэй орчин байх ёстой ч...

Э.ГАНЦЭЦЭГ

Дотуур байртай холбоотой таагүй мэдээ чих дэлсэх нь олонтаа. Нэг өрөөнд орныхоо тооноос хэтэрсэн олон хүүхэд амьдардаг, бие засах газрын орчин, нөхцөл тааруу, багш, ажилчдын харилцаа доголдолтой зэрэг засч, залруулж, шийдвэрлэх шаардлагатай олон асуудал бий. Хэдий тийм ч улсын хэмжээнд 512 дотуур байранд 33 мянга гаруй хүүхэд, залуус сурч, амьдардаг байна. Үүний цаана дотуур байранд орох хүсэлтэй ч, орж чадаагүй 7000 гаруй хүүхэд бий гэдгийг мартаж болохгүй. Эндээс дотуур байрны эрэлт, хэрэгцээг харж болно. Сайн муу хэлэгддэг ч хөдөө, орон нутгаас нийслэлд, сумаас сум руу, аймгийн төвд ирж суралцаж буй хүүхдүүдийн 10 сарын турш амьдарч, аав, ээж, гэр орныг нь оролж буй газар бол дотуур байр. Хотоос илүүтэй хөдөө орон нутгийн дотуур байруудад эрүүл ахуй, хүүхэд сурч, амьдрах орчин нөхцөл тааруу байдаг нь нууц биш.  Тэгвэл Норвегийн тусламжийн байгууллагаас БСШУЯ-тай хамтран “Хүүхдийн эрх-Хөгжил II” хэмээх сумын дотуур байрны орчин, нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд Ховд, Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулж, багш, ажилчдын харилцаа, хандлагыг өөрчлөх чиглэлд багагүй ажлуудыг хийж, хэрэгжүүлжээ. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн 17 дотуур байранд 1952 хүүхэд, Баян-Өлгий аймагт 4330 хүүхэд амьдарч байна. Тухайн сумын хүн ам, дотуур байрны хүчин чадал, хүүхдийн тооноос хамаарч нэг өрөөнд 5-6 хүүхэд амьдардаг байна. Дотуур байр хийгээд төсөл хэрэгжиж буй Ховд аймгийн ЕБС-ийн дотуур байрны асуудлаар холбогдох хүмүүстэй нь ярилцлаа.

С.Болормаа: Дотуур байрыг хүчирхийлэлгүй, хүүхдэд ээлтэй байлгахад анхаарч байна

БСШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг  зохицуулах газрын мэргэжилтэн

-Дотуур байрны багш,  ажилчдыг хүүхэдтэй зүй бус харилцдаг гэх нь бий. Тэдний хандлага, харилцааны арга, хэлбэрийг өөрчилж байж дотуур байрны орчин, нөхцөл утгаараа сайжрах болов уу?
-Багш, эмч, үйлчлэгч, жижүүр, манаач гээд дотуур байранд байрлаж, хүүхэдтэй хамгийн ойр ажилладаг хүмүүсийн харилцаа, хандлагыг сайжруулах тал дээр анхааран ажиллаж байна. Яагаад гэвэл, хүүхдэд үзүүлж буй бүх үйлчилгээ харилцаагаар илэрхийлэгддэг. Хэдийгээр амьдрах орчныг  сайжруулж, тав тухтай байдлыг бүрдүүлсэн ч хүүхдийн эрх зөрчигддөг асуудал таагүй харилцаа, үл ойлголцлоос үүдэлтэй. Дотуур байранд амьдарч буй хүүхдүүдээс энэ төрлийн гомдол, санал ирдэг учраас хамгийн эхэнд үүнийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүний  үр дүнд дотуур байранд ажиллагсдын харилцаанд нааштай өөрчлөлтүүд гарч, хүүхдүүд ч энэ тал дээр эерэг хандлагатай болж байна.Түүнчлэн дотуур байрыг хүчирхийлэлгүй, хүүхдэд ээлтэй  орчин байлгахад анхаарч ажиллаж байгаа. Яагаад гэхээр, хүүхэд хичээлийн жил дуустал дотуур байранд 10 сар амьдардаг. Энэ хугацаанд хүүхэд аюулгүй орчинд, тайван амьдрах нөхцөл байдлыг багш, эмч, тогооч, мөн манаач, жижүүрүүд хангаж, эцэг, эхийн үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс эдгээр хүний хандлага, харилцааг өөрчлөх хэрэгтэй байгаа юм.
Дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийг хаягдсан, гээгдсэн, ээж аав нь байхгүй гэж ойлгож болохгүй. Яг л өөрийн хүүхэд мэт, ээж аавын дайтай дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахыг дотуур байрны багш, ажилчдад ойлгуулж, энэ талын нөлөөллийн арга хэмжээ, сургалтуудыг Ховд, Баян-Өлгий аймагт явууллаа.

-Дотуур байранд багш гэхээс илүү­тэй нийгмийн ажилтан ажиллах нь зүйтэй гэх юм билээ. Яагаад заавал дотуур байранд багш ажиллуулахаар болов?
-Нийгмийн ажилтан ч тэр, багш ч тэр багшлах боловсролын стандартыг хангасан байх ёстой. Улсын хэмжээний бүхий л дотуур байрны сурган хүмүүжүүлэгчид багш нар. Дотуур байранд багш мэргэжилтэй хүн ажилласнаар багшийн ёсзүйн хэм хэмжээг баримталж ажиллахын дээр хүүхдийн сэтгэлзүйг мэддэг, хүүхэдтэй харилцах харилцааны эв дүйтэй байдаг зэргийг харгалзаж үзсэн.
Эдгээрийг үндэслэж дотуур байранд багш ажиллах нь зөв гэдэг шийдэлд хүрсэн. Нэгэн үе дотуур байрны багшаар хүүхдийн хурд гүйцэхгүй, хөгшин настай, тэтгэвэрт гарсан багш нарыг ажиллуулдаг байсан. Харин үүнийг өөрчилж, мэргэжлийн, хүүхэдтэй ажиллах чадвартай, хүүхдэд бүхий л талаар тусламж, дэмжлэг үзүүлэх сурган хүмүүжүүлэх хийгээд  сэтгэлзүйн асар их мэдлэг, боловсролтой мэргэжилтэй болов­сон хүчин ажиллуулахыг зорьж байна.

-Дотуур байрны стандарт гэж бий. Энэ­хүү стандартыг нийт дотуур бай­руу­дад мөрдөж ажиллаж чадаж байна уу?
-Эрүүл мэнд, Боловсрол, Сангийн сайд нарын хамтарсан “Дотуур байранд баримтлах ус, ариун цэврийн байгууламжийн норм, норматив батлах тухай” гэсэн жишиг стандартаар дотуур байрнууд ажиллаж байгаа. Яамны зүгээс уг стандартыг хангаж ажиллуулахын төлөө  ажилладаг. Хэдийгээр энэ төсөл Баян-Өлгий, Ховд гэсэн хоёр аймагт хэрэгжиж байгаа ч цаашид энэхүү үйл ажиллагааг жишиг болгож, үндэсний хэмжээнд бүх дотуур байранд нэвтрүүлэхийг зорьж байна. Ялангуяа Ховд аймгийн дотуур байруудад хийж, хэрэгжүүлсэн ажлыг жишиг байдлаар нийт дотуур байранд нэвтрүүлэх хэрэгтэй гэдэг нь харагдлаа.

-Дотуур байрны нэг өрөөнд хэтэрхий олон хүүхэд амьдардаг.  Энэ үзэгдэл хэзээнээс цэгцрэх вэ?
-Энэ ажлыг улсын хэмжээнд үе шаттайгаар хийж, хэрэгжүүлж байгаа.Дотуур байрны шинэчлэн засварлах ажил төсвийн хөрөнгөөр хийгддэг учраас бүгдийг нь нэг дор хийж, хэрэгжүүлэх боломжгүй. Нийслэл төдийгүй хөдөө орон нутагт шинэчлэн, сайжруулах мөн шинээр барих шаардлагатай дотуур байрнуудын зураг төслийн ажил хийгдэж байгаа. Дотуур байрны хүртээмж муу нь үнэн. Гэхдээ бүгдийг нь нэгэн зэрэг шийдвэрлэхэд хөрөнгө санхүү хэрэгтэй.

Б.Баярмаа: Хүүхдүүд бие засах газраа
сайжруулахыг хүссэн


“Хүүхдийн эрх-Хөгжил II” төслийн удирдагч

-Хөдөө орон нутагт дотуур байрны хүрэлцээ хэр байна вэ?
-Ер нь боломжийн гэж хэлж болно. Төсөл хэрэгжиж байгаа Ховд аймагт дотуур байранд хамрагдах хүсэлтэй хүүхдүүдийн 96 гаруй хувь нь орсон гэх судалгаа бий. Энэ жил Ховд аймгийн Мөст, Чандмань сумдад 120-200 хүүхэд амьдрах боломжтой дотуур байрыг БСШУЯ өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан. Дотуур байр тухайн орон нутаг дахь хүүхдийн тоо, дотуур байранд амьдрах хүсэлтээ илэрхийлсэн сурагчдын тоо зэргээс хамаарч баригддаг. Хүчин чадлаараа буюу орныхоо тоогоор ажиллаж байгаа дотуур байр байхад хүчин чадлаа давуулан ажиллаж буй цөөнгүй дотуур байрууд ч сумдад бий. Мөн цөөн хүүхэдтэй сумын, 100 хүүхдийн ортой дотуур байранд 60-70 хүүхэд амьдарч байх жишээний. Ер нь л сум орон нутгийн хүн амын онцлог, нягтаршлаас хамаарч хүрэлцээний асуудал харилцан адилгүй байна.

-Дотуур байрны орчин, нөхцөлийг сайжруулахад юу хийх хэрэгтэй вэ?
-Дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулахын тулд олон нийт, иргэд, төр засгийн байгууллагын дотуур байранд хандах хандлага, харж буй өнцгөөс их шалтгаална. Үнэнийг хэлэхэд төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө Ховд, Баян-Өлгий аймагт дотуур байрыг хүүхдийг түр орогнуулах байр мэт ойлголттой байсан. Хүүхдээ багш, ажилчдад даатгаад орхиж болохгүй шүү дээ. Гэхдээ малчдын хувьд амьдралын эрхээр малаа дагахаас өөр аргагүй.
Түүнчлэн хүүхэд амьдардаг орчин учраас хөгжил явагдах нь зүйн хэрэг. Тиймээс багш, ажилчдыг хүүхдийг хөгжиж, дэвшихэд нь тусалдаг туслагч байлгах үүднээс энэ талын сургалтад хамрууллаа.  Үүнээс гадна, дотуур байранд амьдарч байгаа хүүхдэд эцэг эхийн хайр халамж, насанд хүрэгчдийн анхаарал халамж хэрэгтэй. Энэ бүхнийг тухайн дотуур байранд ажиллаж байгаа багш, ажилчид өгч байх ёстой. Түмний олон хүүхдүүдийг мал хашиж байгаа мэт амьдруулж болохгүй. Үүний ард хүүхдийн хамгаалуулах эрх зөрчигдөх аюул байдаг. Мөн хараа хяналтгүй байна гэдэг янз бүрийн эрсдэлийг дагуулдаг. Эдгээрийг түлхүү анхаарч, хүүхэдтэй ажиллаж буй бүхий л хүнийг мэргэшүүлэх, чадваржуулах чиглэлээр шат, шатны чиглэлээр  ажиллаж байна.

-Олон хүүхэд амьдардаг гэдэг утгаараа дотуур байрны эрүүл ахуй, тэр дундаа хөдөө орон нутгийн дотуур байрны тулгамдсан асуудал бие засах газар байдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Яах аргагүй хөдөө орон нутгийн дотуур байрны хамгийн хүндрэлтэй асуудлын нэг бол бие засах газар. Бүх сумын дотуур байр гаднаа модон жорлонтой. Гадаа “00”- той байна гэдэг нь эрүүл ахуйн талаасаа ч тэр, аюулгүй байдал талаасаа их эрсдэлтэй.  Шөнө оройн цагаар хүүхэд ганцаараа гадаа “00” руу явахад ямар аюул, эрсдэлд учирч болох вэ зэрэг олон асуудал ургаж гарч ирнэ. Нэгэнт орон нутгийн нөхцөл байдал ийм учраас үүндээ тохируулж асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй болсон. Гэхдээ энэ асуудлыг ганц нэг сумын дотуур байрууд шийдвэрлэж эхэлсэн. Ховд аймгийн Дөргөн, Эрдэнэбүрэн, Чандмань сумдад бие засах газрыг дотор хийсэн. Мөн зарим сумын дотуур байрууд боловсон бие засах газрын  асуудлыг өөрсдийнхөө хэмжээнд бойлуур тавьж, зөөврийн усаар шийдвэрлэж байна. Мөн боловсон бие засах газартай болох боломжгүй нь гадна “00”-ийнхоо орчин нөхцөлийг сайжруулж, хашаа, гэрэлтүүлэг, цоож зэрэг хүүхдийн эрүүл ахуй, аюулгүй орчинг хангахад анхаарч ажиллаж эхэлсэн. Ер нь энэ ажилд их хэмжээний төсөв, хөрөнгө оруулалт шаардагддаг. Тиймээс аажим, аажмаар ахих байх гэж бодож байгаа.

-Дотуур байранд мэргэжлийн эмч ажиллаж чадаж байна уу?
-Сумын ЕБС-иудад эмч ажилладаг. Тэр эмч өмнө нь сургуульдаа байрлаж,  ажилладаг байлаа. Төслийн хүрээнд сургуулийн эмч дотуур байранд байрлаж ажиллах нь зүйтэй хэмээн шаардлага тавьснаар дээрх хоёр аймгийн сумдын сургуулийн эмч нар дотуур байранд ажиллаж байна. Аав, ээжтэйгээ амьдардаг хүүхдүүд сумынхаа эмчид хандаж, эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг авах боломжтой. Харин дотуур байранд амьдардаг хүүхдүүд шууд эмнэлэгт хандаад үзүүлэх боломжгүй. Тийм учраас сургуулийн эмчийг дотуур байранд байрлуулж ажиллуулж байгаа юм. Мөн дотуур байрны багш, ажилчдыг анхны тусламж үзүүлэхэд сургаж, чадваржуулж байна. Ингэснээр эмч байхгүй тохиолдолд дотуур байрны хүүхэд цаг алдалгүй эмнэлгийн анхан шатны үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Мөн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг улирал тутамд зохион байгуулж, олон төрлийн эрсдэлт өвчнөөс сэргийлж байна.

-Хүүхдүүд өөрсдөд тулгамдаж буй асуудлаа дэвшүүлж, та бүхэн түүний дагуу ажиллаж байгаа. Хүүхдүүдийн хэлж байгаагаар дотуур байранд тулгамдаж буй асуудал юу байна вэ?
-Төсөл хэрэгжиж эхэлснээр Ховд аймагт дотуур байрны өөрийн үнэлгээг хийж эхэлсэн. Үүний гол зорилго нь хүүхэд өөрийн амьдарч буй дотуур байранд үнэлгээ, үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэж байгаа. Судалгааны дүнгээр, хүүхдүүд бие засах газар, гадааны аюулгүй байдал буюу хашаа, гэрэлтүүлгийн асуудалд анхаарал хандуулж, шинэчлэн, сайжруулахыг хүссэн. Мөн хоолондоо цаддаггүй гэсэн олон хүүхэд байсан. Түүнчлэн багш нар янз бүрийн шийтгэлийн арга хэрэглэж, хүүхдүүдтэй зүй бусаар харилцдаг зэрэг олон асуудлыг бидэнд дэвшүүлсэн. Төслийн зүгээс хүүхдүүдийн гаргаж ирсэн асуудлуудыг анхаарч, тэдгээрийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан