Эмэгтэй шилдэг багуудын цомын анхдугаар тэмцээн тун удахгүй болох гэж байна. Тэмцээнд чөлөөт бөхийн шилдэг эмэгтэй багууд найман жинд, 10 хүртэлх тамирчинтай оролцох аж. Нэг багт хоёроос илүүгүй легионер тамирчин байж болох энэхүү тэмцээнийг МЧБХ “Арж Капитал” ХХК-тай хамтран зохион байгуулж буй юм байна. Тэмцээнд оролцогч багуудын нэр заасан урилгыг насанд хүрэгчдийн УАШТ-ий багийн дүнг үндэслэн МЧБХ-ноос гаргаж шилдэг клуб, спорт хороодод илгээжээ.
Багуудын урьдчилсан мэдүүлгийг авч эхэлсэн бөгөөд 48, 53, 55, 58, 60, 63, 69, 75 жин тус бүрт хоёр кг-ын зөрүүтэйгээр оролцохыг зөвшөөрч буй юм байна. Зөвхөн олон улсын зэрэгтэй шүүгчид шүүн явуулах тэмцээний нэгдүгээр байрт шалгарвал 10 сая төгрөг, удаахь байруудад найм, таван сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн уран барилдааны шагнал, хамгийн олон цэвэр ялалт, техникийн олон оноо авсан бөхийг шалгаруулж тусгай шагнал олгох юм байна.