Монголын чөлөөт бөхийн холбооны Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр Японы Токио хотод зохиогдсон "Өндөр зэрэглэлийн дасгалжуулагчдын сургалт семинар"-т оролцжээ. Гэхдээ тэрээр энэ удаад бүр Монгол Улсаа төлөөлөн, сургалтын практик хичээлийг Америкийн дасгалжуулагч Терри Стэйнэртэй хамт удирдан явуулсан байна. Энэхүү сургалт нь энэ жилийн ДАШТ-ий анализ судалгаанд тулгуурлан явагдсан байна. Японы шигшээ багийн дасгалжуулагчид болох Сакай, Ёошимура, Саито Масаши, Такахиро Вада, Мацүнагэ, Кенжи, Германы шигшээ багийн дасгалжуулагч Свен Тилл, Яан, Азербайжанаас Семён Штерев, Казахстанаас Кайрат, Шведийн Фариборз, Голландын Михаил Краут, Унгараас Мартин Габор, Грузины Ахчилаас авахуулаад нэр алдар нь түгсэн олон дасгалжуулагчид санал бодол, туршлагаа хуваалцсан аж. Ийнхүү урьд өмнө гадаадын мэргэжилтнүүд л Монголын дасгалжуулагчдад ном айлддаг байсан бол одоо манайхан дэлхийн хэмжээний сургалт семинарыг удирдан явуулдаг болжээ.