Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Бяцхан манлайлагч” хөтөлбөр БСШУЯ-наас банга хүртэв

А.АКЭРКЭ

“Бяцхан манлайлагч” гэх хөтөлбөрийг зарим ерөн­­хий боловсролын сур­гуульд хэрэгжүүлэхээр болж, нэг хүүхдийн 300 мян­ган төгрөгийн төлбөр нэхэж байсан АНУ-ын “ФранклинКови” компанийн Монгол дахь төлөөлөгч нь болох “ФранклинКови Монгол ХХК” олон эцэг, эхийн эсэргүүцэлтэй нүүр тулсан талаархи мэдээллийг бид өмнө нь хүргэсэн.

Энэхүү хөтөлбөр “Таван сургуульд хэрэгжээд гэрээ нь хийгдээд бүх шатны ажил нь дуусчихсан явж байна. “Арвис”, 84, “Гурван тамир”, 60 дугаар сургууль хамрагдсан. Одоо нэмэгдээд орон нутгуудаас олон улсын хэлний сургуулиудаас хүртэл хүүхдүүдээ хамруулаад энэ хөтөлбөрт нэгдэе гэж байна” хэмээн тус компанийн Хөтөлбөр хариуцсан менежер гэж өөрийгөө танилцуулсан н.Солонго бидэнд мэдээлэл өгч байсан нь саяхан. Тэр ч бүү хэл “Олон улсын лецензийн төлбөрийн дагуу бид Америк дахь компанидаа тодорхой хэмжээний шимтгэл төлдөг албан ёсоор хэрэгжиж буй хөтөлбөр. Сурагчдад очих дөрвөн төрлийн сурах бичиг, багшид очих хоёр төрлийн сурах бичиг нийлээд бараг 150 мянган төгрөг болж байгаа. Сургууль өөрөө хүлээн зөвшөөрөөд, үйл ажиллагаа нь явж буй учир танд энэ болгоныг тайлбарлах шаардлагагүй. Энэ хөтөлбөр БСШУ-ы сайд Гантөмөрийн хийж буй ажилтай нягт холбоотой. Энэ талаар сайд өөрөө мэдэж байгаа” гэж байв.

Гэвч энэ хөтөлбөрийнх нь талаар тухайн үед БСШУЯ-ны удирдлагууд, албан хаагчид ямар ч мэдээлэлгүй байсан төдийгүй ийм их хэмжээний мөнгө албан шаардлагаар авах ёсгүй гэсэн тайлбарыг бидэнд өгч байлаа. Тэгвэл энэ асуудал эрчээ авч БСШУЯ-ны удирдлагуудын анхаарлын төвд очжээ.

БСШУЯ-ны холбогдох мэргэжилтнүүд дээрх сургалтын талаар судлахад яам болон албан тушаалтны нэрийг ашиглан сургалт явуулахаар төлөвлөж байсныг нь нотолсон гэх. Түүнчлэн уржигдар БСШУЯ-ны Суурь бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А.Туяа уг хөтөлбөрийг хэрэгжүүлж буй болоод хэрэгжүүлэхээр зэхэж байсан сургуулиудын удирдлагуудтай уулзаж “Ийм зүйл байж болохгүй” гэдэг хатуу шаардлагыг тавьсан байна. Мөн БСШУ-ы сайд Л.Гантөмөр 2012 онд гаргасан А/92 тоот буюу сурагчдаас хууль бус төлбөр, хураамж авахыг хориглох тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэгдэж, цаашид төрийн өмчийн аль ч сургуульд энэ мэт хууль бус үйлдэл явуулахгүй байхыг нийслэл, аймгийн боловсролын газрууд, дүүргүүдийн боловсролын хэлтсүүд, нийт төрийн өмчийн сургуулиудад анхааруулжээ.

Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор өчигдөр 84 дүгээр сургуулийн захиргаа залруулга гаргасан юм. Уг залруулгадаа “АНУ-ын “Franklin Covey” компанийн Монгол дахь салбар “Франклин Ковей Монголиа” компанийн “Бяцхан манлайлагч” хөтөлбөрийг “Арвис”, “Монгени”, “Гурван Тамир” сургуулиудын адилаар өөрийн сургуульд хэрэгжүүлэх боломж байгаа талаар XI/25, 26, 27-нд өдрийн ангиудын эцэг эхийн хурал дээр танилцуулга хийж, мэдээлэл өгсөн.

Энэ хурал дээр эцэг эхчүүдэд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой, зайлшгүй шаардлагатай гэсэн утгаар огт яриагүй, зөвхөн хэрэгжүүлж болох эсэх талаар санал асуулга л авсан билээ.Гэтэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонин, интернэт сайтуудаар “84-р сургууль зориудаар эцэг эхийн хурал зарлан энэ “Бяцхан манлайлагч” хөтөлбөрийг зайлш­гүй хэрэгжүүл гэж тул­га­­сан, 300.000 төгрөг хураалга гэж шаардсан, мөн БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх гэж байгаа” гэх мэт ямар ч хамааралгүй хүмүүс, албан тушаалтнуудын нэрийг дурдаж, ор үндэсгүй ташаа мэдээлэл тараасанд сургуулийн захиргааны зүгээс албан ёсоор залруулга өгч байна. Ийм учраас уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжих, эс дэмжих талаар эцэг эхчүүдэд өгсөн саналын хуудсыг хурааж авахгүй, нэгтгэхгүйгээр энэ асууд­лыг бүрмөсөн зогсоож байна” гэжээ. Ямартай ч энэ залруулганаас харахад сур­гуулиуд уг хөтөлбөрөөс эх­нээсээ татгалзаж эхэлснийг бэлх­нээ харж болно.

Харин бусад сургуулийнхан ямар санаа, бодолтой байгааг холбогдох хүмүүсээс нь тодрууллаа.

Б.Ариунаа: Албан ёсны хөтөлбөрт нь хамрагдаагүй

/Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн захирал/

-Танай сургуулийг “Бяцхан манлайлагч” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэх юм. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Хэрэгжүүлэх санал тавьсан л даа. Гэхдээ хэрэгжүүлж эхлээгүй байна. Ерөнхийдөө манай багш нар “Бяцхан манлайлагч” номыг нь аваад уншиж судлаад хэрэгцээтэй зүйлсийг нь сургалтдаа ашиглаж байгаа.
“Аз жаргалтай хүүхдийн 7 дадал” гээд ном нь гарчихсан юм билээ. Тэрний дагуу бага ангийн хүүхдүүдийн анги удирдсан багш нар нь хичээлээс гадуурх ажлынхаа төлөвлөлтөд оруулж, эцэг эхчүүд нь үлгэрийн номоор хэрхэн хүүхдээ төлөвшүүлэх тал дээр хамтарч ажиллаж байна. Хөтөлбөрт нь хамрагдахаар их өндөр төлбөртэй юм билээ. Төлбөрийг нь төлбөл хүүхэд бүрт ном өгдөг гэсэн. Ямар ч гэсэн манай сургуулийн хувьд албан ёсны хөтөлбөрт нь хамрагдаагүй.

-Танайхыг мөнгө төлөөд хамрагдаж байгаа юм байна гэж ойлгосон?
-Тэгж хамрагдах боломжтой сургууль биш шүү дээ. Өөрсдийнхөө хүсэлтээр хэрэгцээтэй номуудыг нь үйл ажиллагаандаа ашиглаж байна. Харин манай багш нар ном бичсэн хүмүүсээс нь зөвлөгөө авдаг. Тэр хүүхэд бүрт өгдөг номууд нь гадуур худалдаанд байдаггүй юм билээ. Манайд номуудынхаа төлбөр мөнгийг хямдруулж өгдөг.

Н.Лхагва: Манайх сонголттойгоор хэрэгжүүлэхээр болсон

/Монгени сургуулийн захирал/


-Танай сургууль дээр хэрэгжиж буй “Бяцхан манлайлагч” хөтөлбөр юу болсон бэ?
-Хөтөлбөр маань хэвийн явагдаж байгаа. Ерөнхийдөө БСШУЯ-наас хязгаарлаж байх юм шиг байна. Гэхдээ манай сургууль сонголттойгоор хэрэгжүүлэхээр болсон. Нэг үгээр хэлбэл, албадлагын чанартай биш гэсэн үг. Заавал бүх хүүхдээ хамруулах гээд яахав гэсэн чиглэлийг салбар яамнаас өгсөн. Гол нь БСШУЯ-наас албан ёсоор зөвшөөрөл аваагүй байсан юм билээ. Хамгийн гол нь яамнаас хориглох эрх байхгүй, үйл ажиллагаанд нь бас оролцох хууль эрхзүйн үндэс байхгүй гэсэн.

-Танайх эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ сонголтоор цаашид хэрэгжүүлээд явах нь байна. Тийм үү?
-Тийм. Өчигдөр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж буй сургуулийн захирлууд яаман дээр цугласан. Биднийг дуудаж уулзсан. 84 дүгээр сургуулийн хувьд дөнгөж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх гэж байсан болохоор зогсооё гэдэг шийдвэр гаргасан. Манайх хэрэгжүүлж эхлээд гурав, дөрвөн сар болчихсон учраас сонголттой болго гэсэн чиглэл өгсний дагуу үргэлжлүүлэхээр болсон. Ганцхан эцэг, эхчүүдтэйгээ ойлголцоорой гэсэн. “Гурван тамир”, “Арвис” сургуулийн хувьд хувийнх болохоороо болж байгаа юм. Манайх ч гэсэн цэвэр улсын сургууль биш шүү дээ. Тиймээс боломж бололцоотой, хүүхдээ хамруулах хүсэлтэй эцэг, эхчүүдийн саналыг харгалзаж үзээд явуулна. Манай сургууль эхнээсээ ч тийм бодлоготой байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан