Дэлхийн 70 улсын 421 жүдоч БНСУ-ын Чежүд алтан медалийн төлөө өрсөлдөж байна. Нийт 100,000 ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд манай 16 тамирчин зодоглож буй. Олимпын эрхийн оноо олгох энэ чухал тэмцээнд манай тамирчид эхнээсээ амжилт гаргаж медалийн тавцанд зогсоод байна. Тодруулбал, 60 кг-д Г.Болдбаатар эзэн орны бөх Ким Вон Жинд тун харамсалтай торгуулаар ялагдаж мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа долдугаар байрт шалгарлаа. Харин Казахстаны нэрийн өмнөөс -48 кг-ын жинд барилдаж буй Г.Отгонцэцэг алтан медаль хүртсэн юм. Ямартай ч манай тамирчид тэмцээний эхний өдөр гаргасан амжилтаараа 70 улсаас гуравдугаарт эрэмбэлэгдлээ.