Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хар” нэртэй ч хамгийн эрэлттэй ажилчид МСҮТ-д бэлтгэгддэг

Э.ГАНЦЭЦЭГ

Залуус нэг үеэ бодвол их, дээд сургуульд элсэхээс илүү мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийг сонгох нь олширчээ. Судалгаагаар сүүлийн таван жилд МСҮТ-ийг зоригсдын тоо 10-20 дахин нэмэгдсэн байна. Энэ оны байдлаар их, дээд сургууль, МСҮТ-д нийт 163 мянган оюутан суралцаж байгаагийн 70 орчим хувь нь их, дээд сургуульд, үлдсэн нь МСҮТ-д суралцдаг гэсэн дүн гарчээ.

Угтаа, сургууль төгсөгчдийн 70 орчим хувь нь дээд боловсролын гэрчилгээ гардаж байгаа ч төгсөөд ердөө 30 хувь мэргэжлээрээ ажилладаг байна. Харин МСҮТ-ийн төгсөгчдийн 80 гаруй хувь нь ажлын байраар хангагддаг бөгөөд үлдсэн 20 хувийн ихэнх нь мэргэжил дээшлүүлэхээр дахин суралцдаг аж. Түүнчлэн ажил олгогчид ч МСҮТ-ийн төгсөгчдийг ажиллуулах сонирхол ихтэй байдаг гэнэ. Энэхүү эрэлт, нийлүүлэлтийг хангаж,  МСҮТ-ийн төгсөгч, ажил олгогчдыг уулзуулсан “Мэргэжилтэй ажилтан-Монголын баялаг” өдөрлөг өчигдөр боллоо.
Тодруулбал, МСҮТ-ийн төгсөгчдийг ажлын байранд зуучлах, тэдэнд ажлын байрны чиг баримжаа олгох “Мэргэжилтэй ажилтан-Мон­голын баялаг” өдөр­лөгийг Сүхбаатар дүүргийн Хөдөл­мө­рийн хэлтсээс зохион бай­гуулсан юм. Өдөрлөгт Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр-Урлалын коллежийн автомашины механикч, цахим хэрэгслийн засварчин, цахилгаан техникч, зочид буудал, үйлчилгээний ажилтан, мехатроникч, оёдол, эсгүүрчин зэрэг мэргэжлээр төгсч буй 150 гаруй төгсөгч болоод ажил олгогч 35 байгууллагын төлөөлөл оролцсон.

Мөн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй 370 гаруй ажлын байрыг танилцуулж, дүүргийн ажил хайгч иргэд, мөн төгсөгчдийг ажлын байранд зуучилж, “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” оюутнуудыг нэгдсэн мэдээллийн санд бүртгэсэн юм. Өдөрлөгийн үеэр барилгын инженер, ахмад барилгачин Б.Маамуу ажил, мэргэжлийн туршлагаа оюутан, залуустай хуваалцаж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн байх хийгээд барилгын мэргэжлийн сайхныг оюутан залууст таниулахаар чөлөөт уулзалт хийв.

Мөн дэлхийн ур чадварын олимп гэггддэг 43 дэх удаагийн “Дэлхийн ур чадварын тэмцээн”-д оролцсон залуусын лекц өдөрлөгт оролцсон оюутнуудын сонирхлыг их татаж байлаа. Эл тэмцээнд оролцсон “M-Си-Эс проперти” ХХК-ийн барилгын инженер М.Ганбаатар “Би өрөг угсралтын төрөлд экспертээр оролцоод ирсэн. Манай улсаас токарь, цахилгаан, гагнуур, өрөг угсралт, тогооч, үсчин, гоо сайхан, гэсэн есөн мэргэжлээр 18 тамирчин дэлхийн 27 орны 200 гаруй тамирчинтай эн тэнцүү өрсөлдөөд ирлээ. Тэмцээний өрөг угсралт төрөлд  гурван модуль буюу гурван хана өрөх ёстой байснаас манай тамирчид  эхний хоёр модулиа амжилттай өрж, өндөр оноо авсан ч хугацаандаа дуусгаж чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн. Гэхдээ манай тамирчдын ур чадвар гологдоогүй, харин хурд, туршлагын хувьд дутсан зүйл бий. Уг тэмцээнд анх удаа оролцсон гэхэд чамлахааргүй амжилт үзүүлсэн” хэмээн ярьсан.

Өдөрлөгт “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” барилга, оффис, үйлчилгээний гэх байнгын 400, цагийн 100 гаруй ажлын байртай ирсэн байв. “Оюутнууд барилга, уул уурхайн чиглэлд ажлын байр түлхүү сонирхож, анкет бөглөсөн” хэмээн тус биржийн байнгын ажлын байрны мэргэжилтэн Б.Хишигмаа хэлсэн. Энэ үеэр оюутнууд цалингаас урьтаж, тогтвортой ажлын байр, мэргэжлээрээ ажиллах боломжийг эрэлхийлж байсан нь залуусын ажлын байранд тавих шаардлага  өөрчлөгдсөнийг харуулж байв. Мөн барилга угсралт чиглэлийн ажил олгогчид ажлын байрны шаардлага хангахуйц боловсон хүчин байхгүй тухай учирлаж байлаа.

Харин Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн “Өгөгдлийн сангийн оператор”-ын гуравдугаар дамжааны оюутан Б.Пүрэвсүрэн “Би хэвлэлийн “Дөрвөлжин үсэг” компанид эх бэлтгэл, хаяг реклам чиглэлээр дадлагажиж, ажиллах саналыг хүлээж авсан. Миний мэргэжил хэрэгцээтэй бас сонирхолтой учраас сонгон суралцаж байгаа. Ажлын байранд гарахад бэлэн. МСҮТ-д 2-3 жил суралцсанаар мэргэжилтэй болохын сацуу сар бүр тэтгэлэг хүртэх зэрэг олон давуу талтай.

Мөн онол гэхээс илүүтэй дадлага давамгайлдаг учраас ажил дээр гарахад гологддоггүй” гэсэн бол тус коллежийн токарийн гуравдугаар дамжааны оюутан Б.Лхагваа “Би арваннэгдүгээр анги төгсөөд машин үйлдвэрлэл, технологийн инженер мэргэжлээр их сургуульд суралцах байсан ч энэ мэргэжлээр суралцахад анхан шатны  мэдлэг дутмаг санагдаж, МСҮТ-ийн токарийн ангийг сонгосон. МСҮТ-д суралцсанаар ахлах ангийн боловсрол эзэм­шихийн зэрэгцээ мэргэжил эзэмшчихнэ. Мөн богино хуга­цаанд мэргэжлийн үнэм­лэхтэй болохын дээр сар бүр тэтгэлэг хүртэнэ гээд давуу тал их” хэмээж байлаа.
МСҮТ-ийн оюутан, залуусыг ажил олгогчтой холбож, мөн “хар” нэртэй ч, угтаа хамгийн эрэлттэй ажил, мэргэжлийнх нь давуу талыг мэдрүүлсэн өдөрлөг болж өнгөрлөө. МСҮТ-ийн төгсөгчид ажил дээр гарахад бэлэн байна.

0 Сэтгэгдэл
одоо ч хамгиин хар энергитэи хараараа дуудуулахаар бузартчихсан хүмүүс чинь авилга авдаг улс төрчид төриин албан хаагчид болчихсон юм биш үү
Хамгийн их уншсан