А.АКЭРКЭ
“Монгени” цогцолбор сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөлөл өчигдөр бидэнд хандав. Тэдний ийн хандах болсон шалтгаан нь тус сургуулийн удирдлагууд “Бяцхан манлайлал” гэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо дуулгаж нэг хүүхдээс 150 мянган төгрөг “нэхэж”, хүүхэд бүр хамрагдах ёстой гэх шаардлага тавьснаас үүдэлтэй. Тус сургуулийг хамгийн багадаа 1500 хүүхэдтэй гэж бодоход 220 гаруй сая төгрөг болох энэ хөтөлбөрт улсын хэмжээний таван сургууль хамрагдаж байгаа гэх. Чухам ямар учиртай хөтөлбөр болохыг сонирхвол АНУ-ын “ФранклинКови” компаниас олон улсад хэрэгжүүлдэг “Бяцхан манлайлал” хөтөлбөр нь манай улсад хэрэгжиж эхэлсэн нь энэ гэнэ.
Дэлхийн 30 гаруй орны 3000-аад сургуульд хэрэгжиж буй хөтөлбөрийг нэвтрүүлсэн анхдагч нь манай улсаас “Арвис” бүрэн дунд сургууль болжээ. “Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд амьдралд хариуцлагатай байх, хувь заяаны жолооч нь байх, ирээдүйгээ харж зорилго тэмүүлэлтэй амьдрах, сургуульд сурч буй утга учраа мэдэж ойлгодог болно” гэж АНУ-ын “Франклин Кови” компанийн боловсролын салбарын Ойрхи Дорнод, Европ, Африк, Ази тивийг хариуцсан захирал Элла Биорнсдоттир “Арвис” сургуулиар зочилж багш, сурагчидтай уулзах үеэрээ тайлбарласан байгаа юм. АНУ-ын “Франклин Кови” компанийн Монгол дахь төлөөлөгч нь “ФранклинКови Монгол ХХК” юм байна. Хэдийгээр ийм хөтөлбөрийг эх орондоо нэвтрүүлж хэрэгжүүлж буй нь сайшаалтай ч сайн дурын энэ үйл ажиллагаанд мөнгө татан хүчээр хамруулж буй нь ёсзүйд нийцэхгүй баймаар санагдах. Угтаа БСШУЯ-наас баталсан албан ёсны сургалт биш л бол тухайн хүүхэд болоод эцэг, эхчүүдэд ямар сургалт, дугуйлан сонгож хүүхдээ хамруулах вэ гэдэг сонгох эрх нь бий. Энэ асуудалтай холбоотойгоор холбогдох хүмүүсээс дараахь тодруулгыг авлаа.
А.Туяа: Ийм зүйл байх ёсгүй
БСШУЯ-ны Суурь бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А.Туяатай холбогдлоо.
-АНУ-ын “ФранклинКови” компаниас олон улсад хэрэгжүүлдэг “Бяцхан манлайлал” хөтөлбөрөө ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж байгаа юм байна. Ингэхдээ нэг хүүхэд 150 мянган төгрөг төлж, заавал хамрагдах ёстой гэсэн шаардлага тавьсан байх юм. Та бүхэн энэ талаар мэдэж байгаа зүйл байна уу?
-Ийм зүйл байх ёсгүй.
-Энэ хөтөлбөрөө яаманд танилцуулсан уу. Ямар нэгэн зөвшөөрөл авсан болов уу?
-Миний мэдэж байгаагаар танилцуулаагүй. Наад асуудлыг чинь тодруулж байж хариулах хэрэгтэй юм байна. Ямар ч тохиолдолд нэг хүүхдээс 150 мянган төгрөг авч лекц уншина энэ тэр гэх зүйл байх ёсгүй шүү дээ.
Тэгэхээр тухайн сургуулийн удирдлагуудад хандах хэрэгтэй. Бидний зүгээс ийм зүйл явуул гэх чиглэл өгөх ямар ч үндэслэл байхгүй. Сайн дурын үндсэн дээр тухайн байгууллага өөрсдөө зохион байгуулбал хүүхдүүд ч мөн адил сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжтой байдаг юм. Түүнээс албан ёсоор оролц, ингэ тэг гэх чиглэл өгөх чиг үүрэг байх ёсгүй. Иймэрхүү үйл ажиллагааг зохион байгуул гэдэг үүрэг өгдөг байгууллага нь төрийн яам биш.
н.Солонго: Бид эцэг, эх болгонтой харилцах шаардлагагүй
/“Франклин Кови Монгол ХХК”-ийн Хөтөлбөр хариуцсан менежер/
-“Бяцхан манлайлагч” хөтөлбөр ямар учиртай юм бэ?
-Бүрэн дунд сургуульд гурван жилийн хугацаанд хэрэгждэг хөтөлбөр. Энэ хөтөлбөр маань таван сургуульд хэрэгжээд явж байна.
-Энэ хөтөлбөрт эцэг, эхчүүд тийм ч тааламжтай бус хандаж байна. Хамгийн гол нь хүүхдүүдийг хүчээр хамруулж буйд гомдоллох эцэг, эх олон байх шиг. Тухайлбал, Монгени сургуульд иймэрхүү байдал үүсчээ?
-Хөтөлбөрийг санаачилсан манай байгууллагын захирал Сайнбаяр тус сургуулийн удирдлагуудын хүсэлтээр өчигдөр /уржигдар/ сургууль дээр нь очоод эцэг, эхчүүдтэй уулзалт хийсэн. Уг нь хөтөлбөрийнхөө хүрээнд хүүхдүүдийн амьдрах ур чадвартай холбоотой, түүнд зарцуулагдах сурах бичиг, багш нар, удирдлагууд, сургуулийн хэмжээнд хийгдэх ажлууд гээд бүх тайлбар, задаргаа хийсэн материалуудаа танилцуулсан. 150 мянган төгрөгт маань бүтэн нэг жилийн хугацаанд хүүхдэд зориулж хийгдэх сурах бичгийн үнэ, сургалт, сургуулийн орчны өөрчлөлтийн зардал багтаж байгаа.
Хэрвээ эцэг эхчүүд энэ талаар ямар нэгэн ойлголтгүй байгаа бол хүүхдийнхээ сургуулийн удирдлагад хандаад дэлгэрэнгүй мэдээлэл аваад харилцан ойлголцох хэрэгтэй. Дараа нь дүгнэлт хийсэн нь дээр байх л даа.
-Өнөөдрийн байдлаар хэчнээн сургуульд энэ хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна вэ?
-Таван сургуульд хэрэгжээд гэрээ хийгдээд бүх шатны ажил дуусчихсан. Монгени сургуулийн ажил хамгийн сүүлийн байдлаар хийгдээд явж байна. Одоо нэмэгдээд орон нутгаас олон улсын хэлний сургуулиуд хүүхдүүдээ хамруулаад энэ хөтөлбөрт нэгдэе гэсэн хүсэлт ирүүлж бид судалж байгаа.
-Ямар сургуулиуд болохыг нь нэр устай нь хэлж болох уу?
-Хэрэгжиж эхэлсэн гэвэл Арвис, 84, Гурван тамир, 60 дугаар сургууль. Тэгээд Монгени багтаж байгаа.
-Монгени сургуулийн нэг сурагчаас 150 мянган төгрөг авч байгаа юм билээ. Бусад сургуулийн хүүхдүүдээс хэдийг авч байна вэ?
-Бусад сургуулийн хувьд харилцан адилгүй. Гэрээний ерөнхий дүн нь нэг хүүхдийн 300 мянга байдаг юм. Тухайн сургуулийн удирдлагуудтай ярилцаад нэг хүүхдэд очих үйл ажиллагаа, эцэг, эхчүүдийн боломж бололцоо, сургуулийн зүгээс хүүхдүүдээ тодорхой хэмжээний санхүүжилтээр хангах зэргээс шалтгаалдаг. Монгени сургуулийн хувьд нэг хүүхдийн 150 мянган төгрөг болж байгаа. Харин үлдсэн 150 мянган төгрөгийг нь сургуулийн хэмжээнд шийдэж өгсөн. Бусад сургууль төлбөрөө хэрхэн хийж буйг бид мэдэхгүй. Бид санал тавиад сургуулиуд хэрэгжүүлэх үгүйгээ шийддэг. Тэгээд төлбөрийг нь эцэг, эхчүүдтэйгээ хуваалцах уу, сургууль өөрсдийнхөө зүгээс шийдэх үү гэдэг нь тухайн сургуулийн удирдлагуудын сонголт. Гэхдээ хөтөлбөр маань яг нэгдсэн нэг журмаар л явж буй юм.
-Нэг хүүхдийн 300 мянган төгрөгийн төлбөртэй гэлээ. Тэгэхээр тухайн нэг сургуулийг 2000 хүүхэдтэй гэж тооцоход арай л өндөр зардал гарч байна?
-Олон улсын лицензийн төлбөрийн дагуу бид Америкийн компанид тодорхой хэмжээний шимтгэл төлдөг. Тийм болохоор манай улсад албан ёсоор хэрэгжиж байгаа юм. Боловсролын салбарт тухайн хүүхдэд хийгдэх гэж байгаа үр дүнгийн төлөө үнэ төлөөсгүй хийгддэг зүйл гэж байхгүй шүү дээ. Хар баримжаагаар бодоход сурагчдад очих дөрвөн төрлийн сурах бичиг, багшид очих хоёр төрлийн сурах бичиг нийлээд бараг 150 мянган төгрөг болж байгаа. Сургууль өөрөө хүлээн зөвшөөрөөд, үйл ажиллагаа нь явж буй учир танд энэ болгоныг тайлбарлах шаардлагагүй. Бид сургуультай харилцана уу гэхээс биш эцэг эх болгонтой харилцана гэсэн ойлголт байхгүй.
-Тэгвэл энэ хөтөлбөрөө БСШУЯ-ны удирдлагуудад танилцуулж зөвшөөрөл аваагүй юм биш үү?
-Энэ хөтөлбөр БСШУ-ы сайд Гантөмөрийн хийж буй ажилтай нягт холбоотой. Энэ талаар сайд өөрөө мэдэж байгаа. Монголд хэрэгжиж буй хөтөлбөр, сургалт болгон БСШУЯ-тай холбоотой нягт хамтран ажилладаггүй юм.