Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оддын зурхай буюу онож буудах аргууд

Б.БАДРАЛ

Оддын зурхай гээч зүйл нь шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй, үнэнийг хэлэх гэхээсээ илүүтэйгээр онож буудах нэгэн төрлийн луйвар гэдгийг ул үндэстэй хийгдсэн олон тооны судалгаа маргаангүй баталсан байдаг.

Гэтэл сонин уншихдаа хамгийн түрүүнд зурхайг нь хардаг, харах харахдаа түүндээ яг итгээд тэнд нь бичигдсэн болгоныг үгчлэн дагаж байдаг хүмүүстэй та лав учирч байсан байгаа. Яагаад үндэслэлгүй гэдэг нь батлагдсаар байтал бид зурхайд итгээд үнэмшээд яваад байдаг юм бэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг.

Зурхайд итгэдэг хүмүүс бол үнэн юм чинь итгэхгүй яах юм бэ гэж хариулах нь мэдээж.

Яагаад үнэн байдаг вэ? Зурхайн зурлага дээрх бичигдсэн зүйлс нь хэтэрхий ерөнхий, барьцгүй, яаж ч эргүүлэн ойлгож болохоор зүйлс байдаг тул уншсан хүн болгонд шахуу тохирдог. Итгэхгүй байгаа хүмүүс унших дуртай зурхайн булангаа нээж байгаад анхааралтай уншаад үзээрэй. 15-20 стандарт өгүүлбэрийг урд хойно нь оруулж, хутгаж байгаад гаргаад ирчихсэн байгаа. Хүсвэл та ч өөрөө тэр 20 хэдхэн стандарт өгүүлбэрүүдийг ялган авч байгаад дуртай хүнийхээ өдөр тутмын зурхайг хүссэн үедээ хутгаад зохиогоод байж чадна.

Хэр баргийн хүн учрыг нь олохооргүй, нууцлаг зүйлийг судлаж, шинжлэх явцад гарган авсан гэж тайлбарлаад хэн хүнгүй мэддэг, гадарладаг, ерөнхий, барьцгүй зүйлсийг танилцуулвал хүн түүнийг нь өөртэйгээ холбож тайлбарлах хандлагатай байдаг. Үүнийг Барнумын үзэгдэл ч гэж нэрлэдэг. Барнум гэж 19-р зуунд Америкаар явуулын цирк, үзүүлэн ажиллуулан тоглуулдаг байсан нэгэн юм. Түүний цирк, үзүүлэн нь сиамын ихрүүд, аварга биетэн, өчүүхэн жижиг хүн, сахалтай эмэгтэй г.м. бие махбодийн элдэв согог, содон зүйлстэй хүмүүсийг хийх юмаа олж ядсан хүмүүст мөнгөөр үзүүлж чамлахааргүй хөөрхөн ашиг олдог байсан.

Энэ Барнум нь “Ертөнцөд минут тутамд нэг гэнэн тэнэг хүн мэндэлж байдаг. Тэгэхээр харсан, хэлсэн юм болгонд итгэж явдаг тэр тэнэгүүдэд таалагдах ядаж нэг зүйл миний үзүүлэн, циркт заавал байж байдаг” гэж ярих дуртай байжээ. Өөрөөр хэлбэл зурхайн маргаашийн зурлагыг 10 хүнд харуулбал 5 нь уншихгүй, 3 гүйлгэж хараад, 1 нь уншсан ч итгэхгүй байлаа ч ядаж 1 нэг нь итгэдэг, биширдэг байхад л хангалттай. Тэр итгэдэг 1 хүн зурхайгаа унших гэж мөнгө хайрлахгүй. Харин ийм гэнэн хүмүүс цөөн биш. Тэгээд нийлээд зурхай авч уншаад байхад зурхай зохиож, онож буудаад явдаг хүмүүс хэзээ ч бензин, хоол, байрны мөнгөөр тасарна гэж байхгүй.

Энэхүү Барнумын үзэгдлийг сэтгэл судлаач эрдэмтэд олон жилийн турш судлаж байгаа. Тэгээд маш сонирхолтой туршилтууд олныг явуулсан байдаг. Зарим нэгээс нь сонирхуулъя.

Америкийн сэтгэл судлаач Росс Стагнер нь янз бүрийн компанид боловсон хүчний менежерийн ажил хийдэг 68 хүнд бие хүний сэтгэл зүйг нарийвчлан дүрслэх боломж олгодог сэтгэл зүйн асуулга өгч бөглүүлж. Дараа нь янз бүрийн сонины зурхай дээр таардаг стандарт 13 өгүүлбэрийг аваад нэг хуурамч сэтгэл зүйн тодорхойлолт зохиожээ. Тэгээд өнөө 68 хүнээ уриад зурхайн өгүүлбэрүүдээс бэлдсэн тодорхойлолтоо өгч, сэтгэл зүйн нарийн асуулгыг үндэслэн гаргаж авсан сэтгэл зүйн тодорхойлолт нь гээд уншиж танилц гэсэн байна. Зүгээр ч нэг уншихгүй өгүүлбэр болгоны ард өөрийнх нь сэтгэл зүйн онцлогыг хэр үнэн бодит тусгаж байгааг нь үнэлэн тэмдэглэх ёстой байв. “Гайхалтаай үнэн”, “үнэн”, “ер нь бол үнэн”, “худлаа ч биш үнэн ч биш”, “ер нь бол биш”, “огтхон ч биш” гэсэн үнэлэмжүдийн аль нэгнээр үнэлэх ёстой байж.

Туршилтанд оролцсон хүмүүсийн гуравны нэг нь сэтгэл зүйн тодорхойлолтыг “гайхалтай үнэн”, 40% нь “ер нь бол үнэн” гэж үнэлсэн байдаг. Сэтгэл зүйн тодорхойлолтыг “огтхон ч биш” гэж үнэлсэн хүн нэг ч гараагүй байна. Гэтэл эд бол хаа хамаагүй хүмүүс биш ажилд орохоор ирсэн хүмүүсээс ярилцлага авч, тэднийг тодорхойлдог хүмүүс.

Энэ туршилтаар Барнумын үзэгдлийн бас нэг сонин зүйл ажиглагджээ. Юу вэ гэхээр туршилтанд оролцсон хүмүүс “Та амьдралаа тодорхой хэмжээгээр өөрчилж, сонирхолтой болгохыг хичээдэг бөгөөд янз бүрийн дүрэм журмаар хэт шахаад эхэлвэл уйдаж эхэлдэг”, “Танд зарим нэг дутагдал байдаг ч гэлээ та гол төлөв тэднээ ялж чаддаг” гэсэн хоёр өгүүлбэрийг бүгд хамгийн үнэн гэж онцолсон. Харин “Таны сексийн амьдралыг тодорхой асуудалгүй гэвэл худал”, “Таны итгэл, найдвар заримдаа бодит үнэнд огт нийцэхгүй зүйл байдаг” гэсэн хоёр өгүүлбэрийг бүгд “огтхон ч биш” гэж үнэлжээ. Тэгэхээр магтаж, сайшааж, урам, дэм өгсөн зүйл Барнумын үзэгдэл үүсэх гол үндэс нь болж өгдөг. Өөрөөр хэлбэл гэнэн хүмүүсийг тав гурвын цаас, итгэл үнэмшлийг нь байлдан дагуулахыг хүсч байгаа бол хүний муу, сөрөг, сонсох дургүй байгаа зүйлсийг огт хэлж болохгүй. Энд тэнд хүмүүс гэнэт уянгалаад, сонсохыг хүсч явсан бүх магтаал, сайшаалын үгсийг чинь хэлээд хулхин дээр цэцэг ургуулаад ирвэл болгоомжилж байгаарай.

Францын нэгэн сэтгэл судлаач эрдэмтэн сонирхолтой туршилт явуулжээ. Тэрээр сонинд зурхайн зурлага хийж үйлчилнэ гэсэн зар өгсөн байна. Ингээд зуу гаруй захиалга хүлээн аваад бүгдэд нь ерөнхий, нийтлэг өгүүлбэрээр тайлбар хийсэн ганц зурлагыг явуулжээ. Гэтэл зурлагыг нь хүлээн авсан хүмүүсийн дийлэнх нь гайхалтай үнэн, маш сайн гаргасан зурлага явуулсан нь талархсан захидал буцаан явуулсан байдаг. Зурлага нь яаж ч эргүүлж болох гол төлөв магтсан, хөөргөсөн үгс байсан нь мэдээж.

Үүнээс гадна зурхайч хүний нийгэм эзэлдэг байр суурь, олонд танил байдал, эрдэм мэдлэг зэрэг зүйлс нэг их биш ч гэлээ нөлөө үзүүлж байдаг. Жишээлэхэд, жинхэнэ эртний монголын нууц тарнийн аман сургаалийг өвлөн авсан, зурхайн зуун академийн гишүүн, зуун академийн жинхэнэ гишүүн гэсэн хүндэт өргөмжлөлт, долоо аравны таван үе дамжсан зурхайч г.м. тодотгол хийсэн байхад Барнумын үзэгдлийг жинхэнэ утгаар нь бүрэлдэж тав гурван цаас салгах бүр ч таатай нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр цол гуншинг нь унших гэж жил зарцуулмаар айхтар урт цолтой зэрэгтэй хүн таарвал юу бодохоо та мэдэж авсан байх.

Мөн зурхайн зурлагыг гаргахдаа зурхайчийн тавьж байгаа асуултууд бодит мэт байдал үүсгэхэд их нөлөөлдөг аж. Жишээлэхэд, зурхайч нь төрсөн жил, сар өдрөөс гадна цаг, минутыг асуусан байхад зурлага авсан дийлэнх хүмүүс түүндээ зуун хувь сэтгэл хангалуун байдаг. Яагаад гэвэл нарийн асууж байгаа юм чинь үнэн байх ёстой гэж гэнэ хүмүүс бодож байдаг шүү дээ. Үүний нэг жишээ бол сэтгэл судлаач Род Снайдерийн хийсэн туршилт. Дээрх аргын дагуу хүмүүсийн төрсөн өдрийг минутын нарийвчлалтай, төрсөн газрын мөн л их нарийн асууж байгаад бүгд нь ганцхан зурлага явуулахад асван хүмүүс нь бүгд сэтгэл хангалуун үлджээ.

Дээр хэлж байсанчлан хүмүүс өөрийнхөө талаар таагүй, сөрөг зүйлс, шүүмжлэл сонсох дургүйн дээр тэдгээрт үл итгэх байдлаар ханддаг бол харин магтаал, урам зориг төрүүлсэн зүйл дуртай бөгөөд анхнаасаа л шууд итгэсэн байр суурьнаас ханддаг. Ингэлээ гээд дан магтаалын үгтэй зурлага байвал сэжиг төрж эхэлнэ. Тэгэхээр магтаал ба шүүмжлэл хоёрын нарийн харьцаатайгаар хослуулах ёстой нь мэдээж. Энэ талаар сэтгэл зүйч Стайлер нь туршилт явуулаад хүний зан аашийн тухай магтаал нь шүүмжлэлээсээ тав дахин илүү байхыг хүмүүс маш үнэн бодит гэсэн байдлаар хүлээж авдгийг тогтоосон байна. Харин шүүмжлэл сөрөг тодорхойлолт нь магтаалаасаа хоёр дахин илүү байхыг хүмүүс шууд худал гээд огт хүлээж авахгүй байж. Жишээлэхэд “Өөдрөг үзэлтэн, ямагт урагшлаж байдаг. Хүмүүстэй сайн ойлголцдог. Сэтгэн бодох чадвар сайн. Соёлтой. Шийдэмгий. Зарим зүйл дээр зөрүүд зан гаргах гээд байна. Хурдан сэтгэдэг ч ажил дээрээ жижиг сажиг зүйлийн учрыг олохдоо сайнгүй болохоор тийм ажлыг хийчихэр туслахууд шаардлагатай.” Зөрүүд зан гаргах гээд байдаг, жижиг зүйлсийг учрыг олохдоо сайнгүй гэсэн хоёрхон сөрөг тал байна. Гэхдээ их донжтой, бараг давуу тал гэж болохоор байдлаар хэлсэн байна. Цаашлаад “туслахууд шаардлагатай” гэдэг бол туслахуудыг удирдах чадвартай гэсэн үг. Тэгвэл үүнийг хэрээс хэтэрсэн зөрүүд зан гаргадаг, ажлынхаа нарийн ширийнийг бусдын туслалцаагүйгээр олж чаддаггүй гэж хэлвэл ямар сонсогдож байна?

Мөн өөртөө итгэлгүй, амьдралдаа хөл алдсан, сэтгэл гутралд орсон хүмүүс гол төлөв зурхайчдад ханддаг. Тэдэнд зурхай нь нэг төрлийн тайвшруулах нөлөөтэй эмчилгээ болж өгдөг. Сэтгэл зүйчид хандвал өөрийнхөө сөрөг талуудтай бодитоор нүүр тулгарч түүнээс сэтгэл зүйчийн дэмжлэгээр давж гарах гээд багагүй зүтгэл, зориг, тууштай зан, мөнгө хэрэгтэй. Харин зурхайчид бол төрсөн он, жил, сар, цаг минут, газраа хэлээд л дээрээс нь хэлсэн мөнгийг нь өгөөд л гүйцээ. Аль нь хялбар байна? Юм болгоныг бэлэн, хагас боловсруулсан байдлаар асар богино хугацаанд, маш таашаалтайгаар, өөрийгөө зовоолгүй авахыг хүсч байгаа өөртөө итгэл багатай хүн алийг нь сонгох вэ?

Бас нэг зүйл байдаг нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр урд нь хэлж байсан зурлагууд улам бүр ортой байсан мэт санагддаг болно. Ой тогтоол гэдэг нь өөрийн талаарх сайн зүйлс, магтаалыг сонгон тогтоогоод, шүүмж, сөрөг зүйлсийг мартах онцлогтой байдаг. Дээр нь зурхайчид мөнгө төлж, эсвэл зурхайн ном авч уншиж байгаа хүн ямар ч хэрэггүй цаасны хогинд хайран мөнгөө үрж гэдгээ хүлээн зөвшөөрөх хэцүү. Тэгэхээр нээж үзээгүй байж л өөрийн мэдэлгүй зурлагадаа итгээд эхэлчихсэн байна. Өөр нэг сонин зүйл бол зурхай нь хүмүүст нөлөө үзүүлдэг явдал юм. Жишээлэхэд, хүн өөрийнх нь ордны хүмүүс мөнгө ухаалгаар зарцуулдаг аригч хямагч байдаг гээд уншаад түүндээ итгэчихвэл өөрөө ч мэдэлгүй ордныхоо нэрийг баллахгүй тулд мөнгөө ухаалгаа зарцуулсан, аригч хүн байхыг хичээж эхэлдэг. Өнөөдөр зам тээврийн осолд орж магадгүй гэчихвэл тэр өдөртөө л хүн зам гарахдаа болгоомжтой явах г.м.

Энд өгүүлэгдсэн бүх арга, технологиудыг сэтгэл судлаачид олон тооны туршилт явуулж байж саяхнаас л нээгээд байгаа бол зурхайчид маань хэдэн мянган жилийн өмнө нээчихээд, долоо аравны таван үе хүртэл дамжуулан сэмхэн онож буудсаар өнөөг хүрсэн хэрэг.

Ингэхэд та зурхайд итгэдэг үү?

0 Сэтгэгдэл
haha yag unen bichsen baina
Хамгийн их уншсан