Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр болов.
Барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын төрийн тэргүүн зэргийн шагнал-"Чингис хаан" одонтнууд, иргэд, бөхийн хорхойтнууд үзэн сонирхлоо.
Уг барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, улсын заан Б.Батмөнх нарын зэрэг бөхчүүд хүч, бяр, уран мэхээ уралдуулсан юм.
Тэднээс Увс аймгийн Давст сумын харъяат, Зэвсэгт хүчний "Алдар" спортын хороо, Дулааны IV цахилгаан станц ТӨК, "Увс нуур"бөхийн дэвжээний бөх улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Говь-Алтай аймгийн Цогт сумын харъяат, ХХЕГ-ын "Хилчин" биеийн тамир, спортын хороо, "Хантайшир" бөхийн дэвжээний бөх улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэв.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон их шөвөгт шалгарч барилдсан бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нар шагнал гардуулав.