А.АКЭРКЭ
“Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж эхлээд даруй есөн жилийн нүүр үзсэн атлаа асуудал дагуулсан хэвээр л байна. Жил бүр л үдийн хоол цайнаас болж хордсон, хордлогод орсон хүүхдийн тоо нэмэгдэж, насан туршдаа эрэмдэг, зэрэмдэг бие эрхтэнтэй болсон нь ч байна. Зарим сургууль энэ хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон хэрэгжүүлж буй. Харамсалтай нь, хордлогод орсон хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байгаа юм.
Хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн есдүгээр сард “Олонлог” бүрэн дунд сургуулийн хүүхдүүд хоолондоо хордож, зургаан хүүхэд эмнэлэгт хэвтэн, 161 сурагч гэрээр эмчлүүлсэн. Хордлогын шалтгааныг тогтоохоор НМХГ, ХӨСҮТ-тэй хамтран хяналт шалгалт хийж, гарсан дүгнэлтээ өнгөрсөн долоо хоногт танилцуулж, хүүхдүүдийг үдийн хоолноосоо хордлого авсныг нь ХӨСҮТ-ийн лабораторын шинжилгээгээр тогтоосноо дуулгасан.
Түүгээр ч үл барам хоолны дээжид хийсэн шинжилгээгээр хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур, стандартыг хангаагүй, үдийн цайнд нийлүүлсэн сүү, тараг нь гарал үүсэл, ариун цэврийн гэрчилгээгүй, тээвэрлэлтийн горим зөрчигдсөн нь ч илэрсэн. Мөн л иймэрхүү асуудлаас үүдэн “Хүрээ”, олон улсын “И-Эс-Эм” хуучнаар “Эрэл” сургуулийн хүүхдүүд хоолондоо хордсон байдаг. Тиймээс олон хүнийг сэртхийлгэсэн асуудал ийнхүү удаа дараа гарч буй учир НМХГ сургуулиудын цайны газарт анхаарал хандуулахаар болж, “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж буй нийслэлийн 60 сургуульд шалгалт хийж ямархуу зөрчилтэй байсныг нь өчигдөр мэдээлсэн юм. Энэ удаагийн шалгалтад хамрагдсан сургуулиудын 45 нь зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй ажлын байртай, хүнсний бүтээгдэхүүн хадгалах агуулахгүй, үдийн цайнд чанарын хяналт тавьж ажилладаггүй зэрэг зөрчилтэй байжээ. Зөвхөн энэ үзүүлэлтээс нь харахад л “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон хэрэгжүүлж буй сургуулиуд ямар ч бэлтгэлгүй байгааг харж болохоор. Түүнчлэн 5, 35, 16, 17, 50, 72, 74, 21, 55, 79, 87, 102, 111, 120, 122 зэрэг сургууль зориулалтын бус байртай учир хоол хүнс бохирдох нөхцөл бүрдсэн байжээ. Тиймээс сургуулийн цайны газрууд зориулалтын биш стандартын шаардлага хангахгүй эрсдэл үүсэх өндөр магадлалтай байгаа тохиолдолд сурагчдын хоол хүнсийг стандартын шаардлага хангасан ажлын байртай мэргэжлийн хүмүүс ажилладаг нэгдсэн комбинатад бэлтгэж түгээдэг хэлбэрт шилжих шаардлагатай хэмээх НМХГ-ынхны гаргасан санал, зөвлөмжийг холбогдох газрын удирдлагууд анхаарах хэрэгтэй.
Мөн тогооч нар нь мэргэжлийн үнэмлэхтэй боловч бага насны хүүхдийн бие физиологийн онцлогт тохирсон хоол хүнсний жор технологийг судлаагүй, хоол хүнс бэлтгэхэд тавигдах эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлын талаарх наад захын мэдлэггүй байгаа нь хүүхдүүд хоолны хордлогод орох, тэдний эрүүл мэндэд эрсдэл үүсэх бас нэгэн нөхцөлийг бүрдүүлж буй гэлтэй. Эрүүл мэндийн сайдын 2014 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн “Монгол хүүхдийн хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээг батлах тухай” 113 дугаар тушаалаар 7-14 настай хүүхдийн хоногийн хоолны илчлэг 2000-2100 ккал, үүнийхээ 10-15 хувийг үдийн цайгаар, 30-35 хувийг үдийн хоолоор авахаар тус тус тооцсон байдаг. Гэтэл шалгалтын явцад 39, 72, 76, 83, “Ирээдүй цогцолбор”-ын хоёрдугаар бага сургуулиас авсан нийт 26 сорьцын илчлэгийг тодорхойлоход найман сорьц буюу 37,6 хувь нь /илчлэг 18-135 ккалориар бага/, бүтээгдэхүүнээс 15 дээж авч шинжлүүлэхэд таван дээжний илчлэг нь нормдоо хүрэхгүй байжээ. Мөн шалгалтаар сургуулиудын цайны газраас 340 эрүүл зүйн арчдасын шинжилгээ авахад 188 буюу 53 хувь нь эерэг, ундны уснаас 25 дээж авч нян судлалын үзүүлэлт үзүүлэхэд хоёр буюу найман хувь нь нянгийн бохирдолттой гарсан байгаа юм. Түүнчлэн цайны газрын ажилчид Эрүүл мэндийн сайдын 2013 оны 212 тоот тушаалын дагуу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахдаа тухайн дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд нян судлалын лабораторт нян тээгч илрүүлэх, хамар залгиурын арчдас, цагаан хорхой илрүүлэх, цээж гэрэлд харуулах шинжилгээ хийлгэж баталгаажуулсан байх ёстой. Гэтэл “Асралт Батном”, “Эс Эс Эл Жи”, “Авецина ХХК”, “Микроб ББН” гэх мэт хувийн лабораторт тусгай зөвшөөрлийн чиглэлд заагдаагүй урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг хуурамчаар хийж баталгаажуулсан, мөн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгүйгээр тэмдэг дарж баталгаажуулсан зэрэг зөрчил илэрсэн нь харамсалтай гэмээр нэг баримт байлаа.
Бага ангийн сурагчид хоол идэх аягаа өөрсдөө уутанд хийж авч явдаг нь ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага зөрчигдөх нөхцөлийг бий болгодог нь шалгалтын явцад тогтоогджээ. Үүнтэй холбоотойгоор гарсан нэг зөрчил нь зарим сургууль хагарахгүйг нь бодож меламинтай хуванцар аяга таваг хэрэглэж байгаа явдал байж. Тухайлбал, 20 дугаар сургууль сурагчдадаа ийм төрлийн аяга хэрэглүүлдэг нь шалгалтаар илэрчээ. Мөн эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 дугаар тушаалаар хориглосон чихэр, шоколад, хийжүүлсэн ундаа, жүүс, шарсан төмс, бургер, зэрэг хүнсний бүтээгдэхүүн буфетээр дамжуулж борлуулдаг, мөн их тосонд шарж хайрсан боов, боорцог олгодог зөрчил 13, 40 дүгээр сургуульд ч илэрсэн байна. Харин 74, 81 дүгээр сургууль Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5.3 дахь заалтыг зөрчин улсын байцаагчийн дүгнэлтгүй үйл ажиллагаа явуулж байсан зэрэг зөрчил илрүүлжээ. Илэрсэн зөрчилтэй холбогдуулан хоёр албан тушаалтанд 5 сая 760 мянган төгрөгийн, зургаан аж ахуйн нэгжид 50 сая 640 мянган төгрөгийн, нийтдээ 56 сая 400 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.