Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг ОХУ-ын зарим тамирчныг Риогийн олимпд орох эрхийг нь хасах түүнчлэн бусад тэмцээн, уралдаанд орох эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлах тухай хэлэлцжээ. Гэхдээ, ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид сэргээшийн шинжилгээ өгөхөөс зайлсхийсэн гэх шалтгаанаар Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг тэдний эрхийг хасах шийдвэр гаргахад тун ойрхон байгаа бололтой.
Тухайлбал, тус агентлаг тамирчдын сэргээш хэрэглэсэн гэх явдалтай холбоотойгоор ОХУ-ын хөнгөн атлетикийн холбоо, Сэргээшийн эсрэг Москвагийн лаборатори, Сэргээшийн эсрэг ОХУ-ын агентлаг болон Спортын яамны үйл ажиллагаанд нь хийсэн шалгалтын дүнд үндэслэн “Москвагийн тал Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн 1400 гаруй шинжилгээний хариуг устгасан” гэж мэдэгдээд байна. Тиймээс эхний ээлжид хэргийг судалж, нягтлах бөгөөд хугацаа гарвал ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдаас дахин сэргээшийн шинжилгээ авах талаар ярилцсан банйа.
Харин ОХУ-ын тамирчид хэвлэлийн бага хурал хийж, “ОХУ-ын олимпын түүхэнд байгаагүй гутамшигтай үйлдэл Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг хийж байна” гэдгийг онцолжээ. Мөн шаардлагатай бол дахин шинжилгээ авч болно гэсэн байна. Лондон хотод болсон олимпоор 24 алт авсан нь мөн асуудал ихтэй байсан талаар Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг цохон тэмдэглэсэн юм. Иймэрхүү дарамт шахалт нь улс төрийн зорилготой хийгдэж байгаа хэрэг гэдгийг ОХУ-ын олимпын хороо мэдэгдлээ.