Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жүдочид Англи хэлний сургалтанд хамрагдана


Ж.ГЭРЭЛЧУЛУУН


Эрчимтэй даяаршиж буй энэ нийгэмд хэлтэй бол хөлтэй гэх үг хэн бүхэнд хамаатай болсон. Тэр дундаа тив, дэлхийн дэвжээнд эх орноо төлөөлдөг тамирчдад гадаад хэлний мэдлэг юу юунаас чухал. Гадны тамирчидтай нөхөрлөх, туршлага судлах, гадаад багш дасгалжуулагчидтай ажиллах боломж хэл устай хэн бүхэнд нээлттэй болсон энэ үед баг тамирчид, багш дасгалжуулагчдаас гадаад хэлний өндөр мэдлэг шаардах болсон.
Өчигдөр Монголын жүдо бөхийн холбоо, “Talk talk english” сургалтын төв хамтран ажиллах санамж бичиг байгуулж, насанд хүрэгчид болоод залуучуудын шигшээ багийн тамирчдыг англи хэлний сургалтад хамруулахаар боллоо. Эл үйл ажиллагаанд Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, “Talk talk english” сургалтын төвийн захирал Ч.Амарсанаа болон сургалтын албаны дарга Патрик Кеннеди, Монголын үндэсний шигшээ багийн дарга Ц.Одонбаяр, үндэсний шигшаа багийн тамирчин Ц.Цогтбаатар нар оролцсон юм.


М.Бөхбат: Нийт тамирчдын хэмжээнд англи хэлний төвшин ахиулах шаардлага бий

Санамж бичигт гарын үсэг зурсны дараа МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбаттай ярилцлаа.

-Топ спортуудын нэг болохын хувьд жүдочдоос чамгүй хэлний мэдлэг шаарддаг байх. Манай тамирчдын хэлний мэдлэг ямархуу байдаг бол?
-Ерөнхийдөө шигшээ багийн тамирчдын хэлний мэдлэг, төвшин жигд адилхан. Зарим нь хувиараа суралцах нь байдаг ч ихэвчлэн ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуульд тодорхой хэмжээнд хэлний боловсрол эзэмшсэн. Яахав, анхан шатны, харилцах, ярих чадвартай ч нийт тамирчдын хэмжээнд англи хэлний төвшин ахиулах шаардлагатай байгаа. Эхний ээлжинд бид хүн бүрээс төвшин тогтоох шалгалт авч улмаар хүн бүрийн төвшинд тохируулж сургалтад хамруулахаар төлөвлөсөн.

-Ангилан сургалт хийнэ гэж ойлгож болох нь?
-Тийм. Бичих, сонсох, ярих гээд чадвар, төвшингөөр нь ангилан сургалт хийх нь илүү үр дүнтэй болов уу.

-“Talk talk english” төвтэй хамтран ажиллах санаачилгыг холбооноос гаргасан гэж ойлгож болох уу?
-Энэ уриалгыг Монголын ширээний теннисний холбооны нарийн бичгээр олон жил ажилласан Амарсанаа маань санаачилж өдгөө ажил хэрэг болоод явж байна. Өмнө нь энэ санаачилгын хүрээнд зарим спорт холбоод, клубын төлөөллүүд хэлний сургалтад хамрагдаж байсан ч төдийлэн амжилтад хүрэхгүй байсан. Тиймээс ч манай холбооныхон ярилцаж байгаад албан ёсны ажил хэрэг болгох нь зөв юм байна гэж үзсэн. Улмаар “Talk talk english” төвийн хамт олонд хандсан юм. Ер нь, зөвхөн жүдочид гэлтгүй олон улсын хэмжээнд эх орон, ард түмнээ төлөөлж буй тамирчид гадаад хэл тэр дундаа англи хэл сурах шаардлагатай. Хэлтэй хүнд гадаадын тамирчидтай туршлага солилцох, магадгүй нөхөрлөх гээд олон боломж нээгдэнэ. Цаашдаа тухайн тамирчны спортын карьерт ч маш их хэрэгтэй. Тиймээс аль аль талыг бодолцож бага залуудаа хэл сурч авбал тамирчин хүний хувьд ирээдүйдээ оруулж буй маш том хөрөнгө оруулалт болох юм.

-Сургалтад хэчнээн тамирчин, хэдэн үе шаттай хамрагдах вэ?
-Эхний ээлжинд сая болж өнгөрсөн Абу Дабигийн залуучуудын дэлхийн аваргаас медаль авсан гурван тамирчин хамрагдлаа. Цаашид насанд хүрэгчид, өсвөрийн дэлхийн аваргын медальтнууд хамрагдана. Мөн 100 хувийн тэтгэлгээр суралцахаас гадна хөнгөлөлттэй нөхцөлөөр холбооны менежментийн багаа хамруулахаар төлөвлөөд байна. Энд арваад хүн байгаа гэхээр нийтдээ 20 гаруй хүнийг англи хэлний сургалтад хамруулах боломжтой болж байна.

-Тамирчдаас илүүтэй шүүгчдээс хэлний өндөр мэдлэг шаарддаг байх?
-Тийм шүү. Энэ ажилд шүүгч, багш дасгалжуулагчдыг ч хамруулах юм. Ер нь, спортын салбарт ажиллаж буй хүмүүс ч тэр хэлний мэдлэгээ ахиулж чадвал салбарын хувьд боловсролын тал дээр нэг шат ахих боломжтой болно.

-Дашрамд сонирхоход манай шигшээ багийн тамирчид ОХУ-ын шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байгаа. Энэ бэлтгэлийн үр дүнг хэрхэн харж байгаа вэ?
-Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Баттулгын санаачилгаар эл хамтарсан бэлтгэл хийгдэж байна. Нэг талаар спортын бэлтгэл сургуулилт боловч нөгөө талаас тамирчид хооронд нөхөрлөх, туршлага солилцох сайхан боломж олгодог. Энэ хүрээнд ОХУ-ын жүдо бөхийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн номер нэг, хоёрт эрэмбэлэгддэг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийдэг уламжлал тогтсон. Өнгөрсөн нэгдүгээр сард манайхан Оросын Сочи хотын олимпын баазад бэлтгэлд гарсан бол энэ удаад Оросын шигшээ багийн 27 хүний бүрэлдэхүүнтэй баг манай дэвжээнд бэлтгэл хийж байна.

Энд нэг зүйл хэлэхэд 2012 оны олимпын дараа Оросын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Америкт хэлний сургалтад хамрагдсан байдаг. Тухайн үед би Оросын шигшээ багийн дасгалжуулагч Эцио Гамбагаас яагаад шигшээ багаа бүрэн бүрэлдэхүүнээр нь хэлний сургалтад хамруулах болсон талаар асуухад “Англи хэл дэлхий нийтийн хэл болсон. Тиймээс тамирчид ч боловсрох хэрэгтэй. Тэд зодог тайлсан ч спортоороо л амьдарна. Боловсролтой байж гэмээнэ Орос орныг төлөөлнө бас ажил, амьдралд нь ч олон боломж бий болно” гэж байсан. Үүнээс үлгэрлэж тамирчид, спортынхноо сургая гэсэн шийдэлд хүрсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан