2015 оны Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг "Багш нарыг дэмжиж, тогтвортой нийгмийг хөгжүүлье" уриатай тэмдэглэсэн. Монгол Улсын Засгийн газрын бодлого чиглэл энэ чиг хараатай нэгэн зүгт байж, багш, сургууль, хүүхэд бүрээ дэмжин ажиллаж буй. АНУ-ын Нобелийн шагналт эрдэмтэн Жеймс Хейкмэний багийн хийсэн “Ирээдүйд чиглэсэн шийдлийг санхүүжүүлэх нь” сэдэвт судалгааны үр дүнд чанартай боловсролыг хүүхэд бүрт хүргэхэд зориулсан хөрөнгө оруулалтын нэг доллар эргээд 13 доллар болж өсдгийг баталсан байдаг гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шинэ зууны боловсрол төсөл”-ийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн удирдлага, багш нарын төлөөлөлд зөөврийн болон суурин компьютер гардуулах арга хэмжээнд оролцохдоо хэлээд Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ төсөл 13 доллар байтугай өсч, хөгжил, үр дүн авчирна гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.
1996 онд би анх зөөврийн компьютертэй болсон нь дурсамжтай сайхан өдрүүдийн минь нэг байсан. Ийм сэтгэгдэл өнөөдөр эх орны маань өнцөг булан бүрт ажиллаж буй багш нарт төрж байгаа гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зөөврийн компьютер гардуулах энэ ажиллагаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийж буй төрийн айлчлалын эхний өдөртэй давхцаж байна. Монгол Улсын Засгийн газрын улс үндэстнийхээ цаашдын хөгжлийн төлөө гаргасан чухал шийдвэр болох багш бүрт зөөврийн компьютер, сургууль бүрт суурин компьютерийн лаборатори олгох мөн шаардлагатай дэд бүтцийг бий болгох энэ ажил БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгааг тэрээр тэмдэглэлээ.
Багш нар зөөврийн компьютертэй болсноор сургалтын чанар, стандартыг цоо шинэ тавцанд гаргана гэдэгт итгэлтэй байна. Монголын боловсролын салбарын хөгжлийн түүхэнд цоо шинэ сүлжээ, цоо шинэ боломж өнөөдрөөс бий болж байна. Улаанбаатар хот, орон нутаг, хязгаар нутагт ажиллаж буй багш нарын ажиллах нөхцөл, ялгаатай байдал энэ сүлжээ, техник технологийн үр дүнд арилна. Улс орон даяар сурагч хүүхдүүд маань чанартай сургалтыг тэгш хүртэх бололцоо нээгдэж байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
БСШУ-ы сайд Л.Гантөмөр болон тус салбарын үе үеийн сайд нарт, тус яамны хамт олонд, БНХАУ-ын Засгийн газарт, тус улсын Элчин сайдын яамны хамт олонд Монголын нийт багш нар, сурагчдын өмнөөс Ерөнхий сайд талархал дэвшүүлээд Ерөнхий боловсролын бүх сургуулийг ухаалаг самбартай болгох ажлыг энэ төслийн үргэлжлэл болгон хэрэгжүүлнэ гэлээ.
Монголын хүүхдүүдийг дэлхий ертөнцтэй холбох, боловсролын салбар, сургалтын чанарт цоо шинэ шат гаргах нийт багш нарын үйлсэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.