Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Тэрээр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Авлигатай тэмцэх газарт шалгагдаж эхэлсэнтэй холбоотойгоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан.
Г.Шийлэгдамба хүсэлтдээ “Хувийн зорилгоор өөрийн олон жил найзалсан нөхрөөс мөнгө зээлж ажлын өрөөний сейфэнд хадгалж байсан. Энэхүү мөнгийг хувийн хэрэгцээнд ашиглахаар төлөвлөж байсан. Тэрнээс авлига, хээл хахуульд мөнгө аваагүй гэдгийг юуны түрүүнд онцолмоор байна. Үүнийг хуулийн байгууллага шалгаж тогтоох байх. Хэдий би авлига, хээл хахууль аваагүй ч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан багагүй хугацаанд шалгуулах болов уу. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын алба хаагчдын нэр хүндийг унагахгүйн тулд, Засгийн газрын тогтвортой байдлыг хангахын тулд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байна. Нэр цэвэр, нүүр бардам болсны дараа эргэн ирнэ” гэжээ.
Тэрээр мөн Авлигатай тэмцэх газраас тулган шаардаж байцаалт авч байгааг мэдэгдсэн байна.