Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

421, 407-р хорих ангиас хийсэн сурвалжлага

Өршөөлийн тухай хууль өнгөрсөн наймдугаар сард батлагдсан ч хэрэгжиж эхэлтлээ гурван сар гаруй хугацаа өнгөрөв. Ингээд энэ долоо хоногоос Өршөөлийн тухай хууль хэрэгжин,  2000-гаад хоригдлыг суллах шийдвэр гарч, шүүх хурлууд эхлэв. Манай сурвалжлах баг өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх хуралдаан бол ялтан суллагдаж байгаа 421 болон 407 дугаар хорих ангиас сурвалжлага бэлтгэлээ.

ШШГЕГ-ын харъяа 421 дүгээр хорих ангид 270 гаруй ялтны хэргийг шүүх хурлаар хэлэлцэхээр товлосон байлаа.

...Баянзүрх Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан нээснийг мэдэгдье. Энэ шүүх хуралдаанаар анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2015 оны наймдугаар сарын 11-ний өдрийн хуульд заасан Өршөөлд хамрагдах, ялтан Х-г өршөөлд хамруулах эсэх ялыг шийдвэрлэнэ. Ялтан Х-ын ял хэргийн байдал болон одоогийн байдлаарх ял хэргийн тооцоог тоо бүртгэл хариуцсан байцаагч нь танилцуулна хэмээн шүүгчийн танилцуулснаар Шүүх хуралдаан эхлэв.

 Байцаагч: Ялтан Д.Х нь 2014 оны зургадугаар сарын 27-нд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 812 дугаар шийдвэр тогтоолоор 215.3 /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих/ болон 216.2 /Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугатаах/ хэргээр нийт таван жилийн хорих ялаар анх удаагийн ял шийтгэлтэй. Өнөөдрийн байдлаа биеэр 1 жил 4 сар 9 хоног,  шагналын 4 сар, нийт 1 жил 8 сар 9 хоног эдэлж, үлдэж байгаа хугацаа нь 3 жил 3 сар 21 хоног хэмээн танилцуулж, прокурор дүгнэлтээ танилцуулав.

Прокурор: Ялтан Х нь 2014 оны зургадугаар сарын 27-ны өдөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тогтоолоор Эрүүгийн хуулийн 215.3 болон 216.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч нийт таван жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Ялтан Х-ын дээрх ялууд Өршөөлийн хуулийн 4 дүгээр зүлийн 4.1 хэсэгт багтаж байгаа тул Х-ын эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлэх саналтай байна.

Шүүгч: Шүүхээс шүүгчийн захирамж гарлаа. Шүүхийн захирамж: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Монгол улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаныг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 болон 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон захирамжлах нь. Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 ... Ялтанг Х-г Эрүүгийн хуулийн .... зааснаар оногдуулсан таван жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 3 сар 21 хоногийн хорих ялаас Өршөөн хэлтрүүлсүгэй. Ялтан Х-г нэн даруй сулласугай. Энэ захирамжинд Эрүүгийн хуулинд заасан ердийн журмаар гомдол эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай гэсэн шүүгчийн захирамж гарлаа.

-Ялтан Х захирамжийг ойлгов уу?

-Х:Ойлголоо.

Шүүгч: УИХ-аас баталсан Өршөөл үзүүлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилсэнтэй холбогдуулаад таны үйлдсэн гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн ... багтаж бүхлээрээ өршөөлд хамрагдаж байгаа учраас танд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хассан нэмэгдэл ял болон эдлээгүй үлдсэн ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлж байна.Төрөөс  өршөөл хууль баталсантай холбогдуулаад алдаж эндээд хорих ял эдэлж байгаа ялтан бусад хүн өршөөл үзүүлсэн. Цаашдаа дахин алдахгүй байхыг хүсье. Хичээж амьдарна гэдэгт итгэж байна гэснээр хэрэгтэн Х өнөөдрөөс эрх чөлөөтэй хүн болов.

Энэ мэтээр шүүхийн захирамж сонсон Баянзүрх дүүргийн Амгалангийн буюу ШШГЕГ-ын харъяа хорих 421 дүгээр ангиас энэ өдөр 148 хүн суллагдлаа. Өршөөлийн хуулийн 4.1-ээр буюу шууд өршөөн хэлтрүүлэгдэж суллагдаж байгаа нь 51 бол үлдсэн нь ял хасагдаж суллагдаж буй гэнэ.  Харин 249 ялтан шүүх хуралдаанд оролцсон ч 101 нь Өршөөлийн хуулийн тодорхой зүйл ангиар ялаас хасагдсан байна. Тус хорихын хашаанд байрлах МСҮТ-д хүмүүжиж буй 5 ялтан мөн Өршөөлийн хуулиар суллагдав. Тус төвөөс 21 хүн шүүх хуралд орсон ч тав нь суллагдаж бусад нь ял хасагдав.

421 дүгээр хориход хүн  амины хэрэг үйлдсэн этгээдээс эхлээд жижиг хулгайн хэргээр ял шийтгүүлсэн гээд нийт 340-өөд хүн хүмүүждэг аж.


Э: Уг нь боломжийн амьдралтай. Өөрөөсөө л болж хэрэгт орсон

Өршөөлийн хуулиар суллагдсан Э-тэй энэ үеэр уулзсан юм. Э-гийн хувьд Эрүүгийн хуулийн 100.1, 153.1 буюу бусдын эд хөрөнгийг санаатайгаар удаа дараа сүйтгэсэн хэргээр  2.6 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. 2015 оны тавдугаар сарын 20-ны өдөр таслагдаж, Амгалангийн хорих ангийн МСҮТ-д хүмүүжигчээр ирсэн гэнэ. 30 настай залуу хоёр жил гаруй энд ял эдлэхээр шийтгүүлсэн ч Өршөөлийн хуульд хамрагдан хагас жилийн дараа ийнхүү эрх чөлөөтэй болсон нь энэ.

Э:Хүү маань зургаан настай. Өршөөлд хамрагдаж, Монгол улсын хайр энэрлийг хүлээж байгаадаа их баяртай байна. Залуучууд маань цааш цаашдаа архинаас хол байгаасай, битгий ингэж алдаасай. Эндээс гараад машинаа барина даа. Өмнө нь том тэрэгтэй ачаа ачдаг байсан. Тэр ажлаа хийнэ. Уг нь амьдрал маань боломжийн байсан юм. Өөрөөсөө л болж ийм хэрэгт холбогдсон. Одоо эхнэр хүүхэд маань хүлээж байгаа. Бушуухан харихсан гээд л хүлээж байна хэмээн инээхийг нь харах сайхан л байлаа.

Гэхдээ энэ хүн архи ууж согтуурсан бас танхайрсан учраас Монгол Улсын шүүхээс ял сонссон. Тортой хашаанд орж, эрхээ хасуулж үзсэн учраас дахиад битгий л алдаж эндээрэй гэж захиад аз жаргал хүсээд салсан. .

Хорих ангийн дөрвөн танхимд шүүх хурал болж, хоригдлууд шүүхийн захирамжийг элдэв янзын л царай гарган хүлээх. Арав арваар нь нэрсийг нь дуудаж, ар араасаа шүүх хуралд орсоор байлаа.

Шүүх танхимын үүдэнд өөрийнхөө ээлжийг хүлээж зогссон 50 эргэм насны ах руу дөхөж очлоо. Тэрээр суллагдана гэдэг итгэлтэй байгаа нь илт.

-Ямар хэргээр ороод Өршөөлийн хуульд хамрагдаад хэдэн жилийн ялаа хөнгөлүүлэв?

-Эрүүгийн хуулийн 145.2-оор /Бусдын эд хөрөнгийг хулгайлах/ ах нь хоёр жил 1 сар хоригдох ял аваад жил гурван сар суулаа. Үлдсэн хугацаа маань Өршөөл хамрагдаад гарч байна даа

-Юу хулгайлсан юм бэ. Хэдэн төгрөгийн хохиролтой хэрэг вэ?

- Ах нь барилгын нэг бригад байгуулаад хэдэн хүний амьдрал авч явдаг ухаантай.  30 гаруй жил барилгад өрлөгчин хийсэн юм. Тэгээд л мэргэжлээрээ цөөн хэдэн хүн нийлүүлээд бригад байгуулж ажилладаг байсан хэрэг. Биднийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан компани маань цалин мөнгө өгдөггүй. Наадам болоод хүмүүс маань цалин нэхээд байдаг. Тэгэхээр нь гадаа нь байсан жаахан материалаас нь өөрийнхөө хүмүүсийн цалинтай дүйцэхийг л аваад зарчихсан. Хүмүүсийнхээ цалин мөнгийг тэр мөнгөөр нь тавьчихсан. Тэгээд л хулгайн хэргээр ял сонссон.

-Хэдий хэмжээний зүйл авчихсан юм бэ?

-Би ч хувьдаа авч завшсан юм байхгүй л дээ. Хүмүүсийнхээ цалинг тавихын тулд 3 тонн цемент, арматурын багахан төмөр л авсан.Тийм л юмнаас болж шоронд орчихсон доо.

-Хохиролгүй болгоод цаад талтайгаа тохиролцох боломж байсангүй юу?

-Ерөөсөө хохиролгүй хэрэг. Хулгай хийсэн гэдэг зүйчлэлээр л шоронд орчихсон. Манай цагдаа чинь хулгай л бол хулгай гэсэн байдлаар ханддаг юм билээ. Ялгүй гарвал болох л байсан байх. Гэхдээ одоо яахав. Иймэрхүү л байдалд орчихсон. Жил гурван сар гаран суулаа. Төрийнхөө ивээлээр суллагдаж байна даа.

- Хүүхдүүд эхнэр тань хүлээж байгаа л даа одоо?

-Дамжин дээр ирж авах л байлгүй дээ. Тэр хэд маань энэ хугацаанд их сайн байсаан. Дүү нар маань ч ирсэн байгаа.

-Та хууль гэж ямар айхтар зүйл вэ гэдгийг биеэр мэдэрч?

-Залуус минь энэ бол зүглэх газар биш. Амьдралдаа их л хянуур болгоомжтой байхгүй бол шоронд ороход амархан болсон цаг шүү. Манай энд хүнээс таван мянган төгрөг аваад хамтдаа архи уучихаад тав гаруй жилийн ял авсан залуу байна. Нөгөөх нь намайг дээрэмдсэн гээд л зүтгэчихсэн. Өршөөлд хамрагдаад хөөрхий хоёр жилээ хасуулаад гарч байна. Ийм л алдааг бүү давтаасай. Хүнээс мөнгө төгрөг авахдаа ч болгоомжтой байх хэрэгтэй. Хууль бол хүний амьдралд их чухал хэрэгтэй зүйл шүү. Нэг удаа байтугай уншиж байгаарай. Шоронд ороход их амархан болж шүү...

Шүүх хуралд орох дарааллаар А.Насан... хэмээн дуудаж, нөхөр ч ухасхийв.

“Эрүүгийн хуулийг уншсан энгийн иргэн хэд байдаг вэ” хэмээн түүнийг хэлсний дараа өөрийн эрхгүй бодов.

...Гадаа хүйтэн байна. Шүүх хуралд орохоор арав арваараа жагссан хоригдлууд хувцсаа тайлан овоолно. Тэднийг үр хүүхэд нь гэр бүл нь эцэг эх нь хүлээж байна. Өнөөдөр 421 дүгээр хорих ангиас 153 хүн гэртээ харина. Дийлэнх нь залуус харагдсан. Эргээд энэ хаалгын татахгүй гэдэгт итгээд ирээдүй нь гэгээн байгаасай гэж хүсье.


Эмэгтэйчүүдийн Хорихоос 100 гаруй эмэгтэй суллагдав

Эндээс гараад ШШГЕГ-ын харъяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ирэв. Хүүхнүүд куртканы малгайгаа байдгаар нь урагш татна. Харчих вий дээ хэмээн ихэд эмээх нь илт.

Тэнд УИХ-ын Хууль зүйн байнгы хороон дарга Д.Ганбат  болон ЦЕГ-ын дарга Билэгт нартай таарав. Өршөөлийн хуулийн хэрэгжилтийг тэд газар дээр ирж үзэж байгаа аж.  Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангиас нийт 165 хүн шүүх хуралд орж 108 хүн Өршөөлийн хуулиар суллагдаж, үлдсэн нь ялаас хасагдсан гэсэн захирамж сонсох нь. Тус анги дээр дөрвөн танхимд шүүх хурал болж байсан ч эмэгтэйчүүд сэтгүүлчдийг хүлээж авах дургүй байлаа.

Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч М.Алдарын удирдан явуулж байгаа Шүүх хурлын танхимаар орлоо. Тэрээр “Өршөөлийн хуульд заасны дагуу энэ ангиас 165 ялтан шүүх хуралд орно. Үүнээс 108 ялтан суллагдах болзол хангасан гэсэн үндэслэлээр орж ирээд байна. Гэхдээ эдгээр хүн нэмэгдэж, хасагдаж болзошгүй. Учир нь, шүүх хуралдаанаар хэлэлцэж байж, энэ тоо эцэслэн гарна. Энэ ангид 350 орчим ялтан хоригдож байгаа. Хуульд заасны дагуу хаалттай биш зүйл ангиар ял эдэлж байгаа ялтнууд ял нь хасагдаад явна. Ял хасагдсан хүн цаашлаад магадланд орж хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдах боломж нээгдэж байгаа гэсэн үг” хэмээн ярив.

10 цагаас 13 цагийн хооронд М.Алдар шүүгчтэй бүрэлдэхүүн 30 гаруй ялтны хэргийг шийдвэрлэсэн байна.

Биднийг очиход Хорихын үүдэнд машин дүүрсэн харагдсан. Шүүх хурал дууссаны дараа хоригдлууд суллагдах захирамжаа гардан гарах ёстой ч ар гэрийнхэн нь өглөөнөөс хойш хүлээж буй.

Шүүх хуралд орохоор зогсоо бүсгүйчүүд дунд жирэмсэн бүсгүйчүүд хийгээд настай эмэгтэйчүүд ч харагдлаа. Тэд аль болох нүүрээ бууруулахыг хичээж байгаа учраас чимээгүйхэн хажуугаар нь өнгөрөхийг илүүд үзсэн юм. Харгалзагч нар ч тэдний эрхийг хүндэлж харилцахыг зөвлөж, ар гэртээ ял эдэлж байгаа гэдгээ хэлээгүй бүсгүйчүүд цөөнгүй байдаг төдийгүй зарим нь дөнгөж амьдрал эхлэх насан дээрээ яваа тул нийгэмд хар толбогүй гаргах ёстой гэх сонсогдоно. Энэ бол сэтгүүлзүйн алтан зарчимд тодорхой заасан байдаг зүйл. Бид ч хүний эрхийг хүндэтгэдэг гэдгээ хэлж, нэр усыг нь лавлахгүй, зураг хөргийг нь авахгүй гэж ам өгч байж цөөн бүсгүйтэй уулзлаа.


Н.Я: Гэмт хэрэгт холбогдоод энд орж ирчихээд Өршөөлийн хуульд хүлээж сууна гэдэг санах юм биш

-Чамайг чамгүй хугацааг энд өнгөрүүлсэн гэж сонслоо?

-Эрүүгийн хуулийн 145.2, 261.2-оор нийт 6 жил зургаан сарын ял авсан. Биеэр 5 жил 10 сар суусан. Үлдсэн 8 сарыг Өршөөлд хамруулж, би өнөөдөр гэртээ харих боллоо. Өршөөлийн хууль гарсанд  маш их баяртай байна. Наймдугаар сарын 17-нд хууль батлагдсан учраас зөндөө их хүлээлээ.

-145.2 гэдэг чинь хулгайн хэрэгт холбогдсон гэж ойлголоо. Харин 261 гэхээр оргосон болж таарах гээд байна?

-Байцаагч дээрээ очихгүй зугатаад байсан чинь 261.2-оор ял сонсгосон. Энэ нь Өршөөлийн хуульд хамрагддаггүй юм билээ. 145.2 нь Өршөөлд хамрагдаад суллагдаж байгаа юм. Ар гэрийнхэн маань их хүлээж байгаа. Би хоёр хүүхэдтэй. Ээж дээр маань хүүхдүүд маань байгаа. Хоёр хүүхэд маань 4, 5 настай.

-Гараад одоо ямар ажил хийнэ гэж бодож байгаа вэ. Чи 25 насандаа энд ирсэн одоо 30 гарчихлаа?

-Энд байхдаа олон зүйл сурсан. Олон юм оёж сурлаа. Энэ сурсан зүйлээ ашиглаад л ажиллана даа. Ажилгүй хүн уруудан доройтож, буруу зам руу орохдоо амархан шүү дээ. Ахиад энэ хаалгыг татмааргүй байна. Ахиж Өршөөлийн хууль гарсан ч давтан хэрэгтэй хүн хамрагдахгүй шүү дээ.

-Эрх чөлөө гэдэг ямар чухал юм бэ гэдгийг мэддэггүй хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Гишгэсэн мөрөө сайн харж яваарай. Гэмт хэрэгт холбогдоод энд орж ирчихээд Өршөөлийн хуульд хүлээж сууна гэдэг санах юм биш. Ар гэр маань хамт яллагдана гэдгийг л бодох хэрэгтэй юм билээ.

-Хэдээс хэдэн насны бүсгүйчүүд байна вэ. Үлдэж байгаа хүмүүсийн сэтгэлзүй ямар байна?

-Манай хууль бол хатуу хууль. Гэхдээ мөнгөтэйд биш ядарсан хүмүүст л илүү үйлчилдэг. Шоронд яг үнэндээ ядарсан хүмүүс л ял авсан байдаг. Залуучууд олон бий. Бид ч яахав ингээд гарлаа. Энд үлдэж байгаа хүмүүс маань үнэхээр хүнд үлдэж байна. 300 гаруй хүүхнээс 90 гаруй нь гарч байх шиг байна. Ид хийж бүтээх насан дээрээ байгаа бүсгүйчүүд л энд байна.  Хүүхдээ ч энд гаргаж байна. Үнэхээр хэцүү шүү. Би ээждээ хүүхдүүдээ өгчихсөн болохоор харьцангуй санаа зовох нь гайгүй. Асрахад хүүхдээ өгсөн хүмүүс бол хэцүү шүү дээ. Өршөөлийн тухай яригдаж эхэлснээс л хүмүүс хямарсан. Одоо нэгэнт хэн гарах нь тодорхой болчихоор харьцангуй гайгүй л дээ. Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг хүлээсэн хүн бас маш олон байгаа. Чих тавиад л чагнаж байна.

Эмэгтэйчүүдийн хорихоос ийн 100-гаад бүсгүй суллагдан өнөөдөр гэртээ харилаа. Тэд гол нь үлдэж буй 200 гаруй бүсгүйд л санаа зовж буйгаа хэлж байсан.Ялангуяа Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлээр ял сонссон эмэгтэйчүүд үнэхээр хүнд үлдлээ гэдгийг хэлэхийг хүсч байна гэж байв. Учир нь тэд бол гэр бүлийн хүчирхийлэл дарамтын улмаас санаатай болон санамсаргүй байдлаар бусдын амь насыг хөнөөсөн хэргээр 10,15 бүүр 25 жилийн ял сонссон хүмүүс. Тэдэнд Өршөөл үйлчлэх ёстой гэсэн үгийг дайхыг хүсч байсан юм.

0 Сэтгэгдэл
Duudlagiin jolooch 9711-9111
Хамгийн их уншсан