“РИО-2016” олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдаа дэмжих зорилгоор зохион байгуулж буй хэвлэл, мэдээллийн салбарын “Спортын их наадам-2015” тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Хандгайт дахь Д.Содномзундуй агсны нэрэмжит Үндэсний сагсан бөмбөгийн ордонд болно.
Хэсгийн тоглолт маргааш 11 цагаас “С” хэсгийн ETV-C1 TV багуудын тоглолтоор эхлэнэ. Харин тэмцээний нээлтийн ажиллагаа 12 цагаас болох бөгөөд дараа нь Монголын шигшээ багийн тамирчдын баг сэтгүүлчдийн нэгдсэн багтай тоглох юм.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо(МССХ), “Сэтгүүлч форум” ТББ хамтран тэмцээний ерөнхий зохион байгууллагчаар, Монголын үндэсний сагсан бөмбөгийн ордон зохион байгууллагчаар, Монголын үндэсний спортын цогцолбор, “Нирун” мэдээлийн сайт дэмжигч байгууллагаар тус тус ажиллаж байна.
Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 8 баг цомын төлөө өрсөлдөх юм. Тус тэмцээний үеэр оддын нөхөрсөг тоглолт болно. Тодруулбал, Монголын шигшээ багийн тамирчдын баг-Сэтгүүлчдийн нэгдсэн баг, Телевиз радио-сонин сайтын төлөөллийн багууд тоглох юм. Энэ удаагийн "Спортын их наадам-2015" тэмцээнд орон нутгаас Дархан-Уул аймгийн баг оролцоно.