Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Одоогоос арав гаруй мянган жилийн тэртээ Төв Азийн цээжинд нүүдэллэн нутагладаг ард түмэн адууг анхлан гаршуулж амьдрал ахуй, аян дайнд ашиглаж ирсэн тухай эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг. Хээрийн салхинаас өөр юу ч хүрч зүрхлээгүй эмнэг хангалын нуруунд эмээл тохсон энэ л түмнийг Монгол гэнэ. Эх газрын эрс тэс уур амьсгалд дасан зохицсон зэрлэг адууг адгуулан сургаж, ашиг шимийг нь хүртэж ирсэн монголчууд хожим монгол морины ган дөрвөн туурайгаар дэлхийн талыг тамгалсан түүхтэй. Их эзэн Чингис хааны XIII зуунд хийсэн аян дайн Ойрхи дорнодын хязгаараас буурал Европын хоймор хүрсэн ч их усан далайн эрэг хүрээд буцсан гэдэг. Тиймдээ ч алс хол Америк тивд монгол хүн, монгол морь хүрч чадаагүй биз. Харин, өвөг дээдсийн хөл тавиагүй нутагт өнөө цагт Монгол хүн хүрч, морин спортын түүхнээ нэрээ дуурсгалаа.
32 жилийн түүхэнд Ази тивээс нэг ч айраг түрүү аваагүй
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд АНУ-ын Кентаки муж улсын Кийнлайндад зохиогдсон “Брийдэрс кап” олон улсын морин уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд монгол уяачийн уяа, сойлгыг нь тааруулсан морь түрүүлж моринд хайртай монгол түмнээ цэнгүүлэв.
Тодруулбал, Монгол Улсын тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын “Mongolian saturday” буюу “Монголын бямба гараг” гэх хурдан хүлгийг уяач Э.Ганбат сойж уралдуулсан билээ. 32 жилийн түүхтэй эл тэмцээнийг морин спортын оргил хэмээн ойлгож болно. Газар газрын хурдан хүлгүүд хуран чуулдаг “Брийдэрс кап”-т үүнээс өмнө Ази тивээс айраг түрүү авсан удаа үгүй. Япон, Солонгос тэргүүтэй Азийн орнуудас жил алгасалгүй оролцдог ч америк, европ морьдын өмнө гишгэж байсангүй.
Тиймдээ ч монгол хүний ур ухаан, уяа сойлгоор уралдсан англи адуу 2015 оны “Брийдэрс кап”-т түрүүлнэ чинээ морь сонирхогчид, олон улсын мэргэжилтнүүд төсөөлөөгүй аж. “Битүү морь” хэмээн бидний ярьдгаар эзэндээ ирээд таван жил болсон адуу энэ тэмцээнд түрүүлнэ гэдэг ховор тохиол.
Тэмцээнийг зорин очсон баг эх орондоо ирсэн даруйдаа сэтгүүлчидтэй уулзаж, тэмцээний тухай болоод тэргүүн байрт шалгарах хүртэл ямар зам туулсан гээд үзэгч, уншигчдын асуултад хариу өгсөн юм. “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд, Монгол Улсын тод манлай уяач Д.Онон, Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат нар хэвлэлийн хуралд оролцсон.
60 мянган ам.долларын адуу сая ам.долларын бай хүртэв
2011 онд “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар АНУ-д болсон 1000 дааганы дуудлага худалдаанаас “Монголын бямба гараг” гэх даагаа худалдаж авсан аж. Тухайн үед Тод манлай уяач Д.Онон, “Монголын бямба гараг”-ийг сойн уралдуулсан уяач Э.Ганбат нар 1000 адуунаас зүслэн шилж 60 мянган ам.доллараар авчээ. Д.Онон энэ тухай ярихдаа “Дуудлага худалдаанд англи, араб, америк гээд өөлж шилэхийн аргагүй 1000 даага оролцсоноос энэ адуу нүдэнд их туссан. Тиймдээ ч сайтар шинжиж үзээд мөнгө харамлаж болохгүй тухай Ганбаатарт хэлсэн юм.
60 мянган ам.доллараар морь авахад юм хэлэх хүн бишгүй л таарна. Гэвч олон улсын уралдаанд орж сая долларын бай хүртлээ. Давхар монгол хүний нэрийг гаргаад зогсохгүй монгол уяачийн эрдэм чадлыг таниуллаа” хэмээж байв. Үнэхээр ч “Брийдэрс кап”-т оролцож гурав, дөрвөн үеэрээ морь уралдуулж буй хүн цөөнгүй гэнэ. Морьд нь ч хэдэн үе дамжсан сайн азарганы үр төл байдаг тухай ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн онцолж байв. Тэрээр ““Брийдэрс кап” уралдаан 1980 онд үүсч, 1982 оноос зохиогдож эхэлсэн түүхтэй. Жил бүр болдог энэ тэмцээн яагаад ч юм хагас сайн өдөр зохиогддог уламжлал тогтсон юм билээ. Барууны орнууд морио зүслэх бус нэрлэдэг. Ингэж нэрдэхдээ эцэг талаас нь нэр тасдах нь их. “Монголын бямба гараг” эцэг “Any given saturday” гэх хурдан хүлэг. Тиймээс Монгол гэх нэрээр овоглосон хэрэг. Бямба гарагт зохиогддог тэмцээнд “Монголын бямба гараг” нэртэй морь түрүүлсэнд америкчууд ихэд бэлгэшээж “Энэ бямба гараг Монголын бямба гараг байлаа” гэх нь их байсан” хэмээж байлаа.
Америк дахь “Монголын морины жүчээ”-нд арав гаруй адуу бий
“Mongolian stable LLC” буюу “Монголын морины жүчээ” АНУ-д албан ёсоор бүртгэгдэж үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор “Mongolian stable LLC” буюу Д.Ганбаатарын нэр дээр уралддаг “Blue sky”, “Mongolian Saturday”, “Mongol bull”, “Wild Mongolia” тэргүүтэй арав гаруй адуу байдаг аж.
Эдгээр морьдыг маллаж, уяа сойлгыг нь тааруулж, уралдуулахаар монгол, энэтхэг, франц тэргүүтэй 30 гаруй хүн ажилладаг аж. Тэмцээнд түрүүлсэн “Монголын бямба гараг”-ийн хувьд таван настай, соёолон адуу юм. “Брийдэрс кап”-т түрүүлсэн мориор азарга тавих санал их ирдэг бөгөөд сайн үүлдрийн азарга жилдээ 200 орчим гүү гишгэж чаддаг. Нэг гүү гишгүүлэхэд одоогийн ханш нь 300 мянган ам.доллараас буухгүй гэнэ. Харамсалтай нь “Монголын бямба гараг”-ийг дааганд нь зассан тухай Д.Ганбаатар хэвлэлийн хурлын үеэр хэлж байсан. Мөн тэрээр “Манайхан морь гэхээр л бизнес болчихсон мэт сэтгэдэг. Угтаа дэлхий дахинд гарч чадвал зах зээл бий гэдгийг бид харуулж чадсан болов уу. Сайн азарганаас үр төл авахын төлөө гадаадын орнууд мөнгө харамладаггүй.
Мөн сайн уяач, унаачид ч гар татдаггүй. Тэгэхээр моринд элэгтэй монголчуудад энэ спортын ертөнцөд маш их боломж бий” хэмээсэн. Түүнчлэн, “Макс” групп өнчин ядуу хүүхэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд үзүүлдэг хүмүүнлэгийн үйл хэргээ энэ удаагийн тэмцээний бай шагналаар үргэлжлүүлэх гэнэ. Тэмцээний шагнал болох нэг сая ам.доллараас асрах газрын 100 хүүхдэд данс нээж, мөнгө байршуулсан бол унаач хүүхдүүдэд ч тодорхой хэмжээнд хувь хүртээнэ хэмээн амласан юм.
“Turf sprint” төрөлд шалгарсан морьд л уралддаг
Олон улсын чанартай морин уралдаан цөөнгүй байдаг ч “Дэлхийн аварга шалгаруулах” гэх тодотголтой нь “Брийдэрс кап” аж. “Сup classic”, “turf sprint”, “the mile” гэсэн гурван төрлөөр зохиогддог тэмцээний хамгийн үзүүштэй, өрсөлдөөнтэй нь “turf sprint” буюу зүлэгний ойрын зайн уралдаан. Нэг км зайд 14 хүртэлх морь уралддаг бөгөөд морьдоос богино зайд өндөр хурд шаарддаг. Тэсрэлттэй, өндөр хурд үзүүлэх учир шалгарсан морьд л энэ төрөлд уралддаг. Гурван төрөлт “Брийдэрс кап”-ын нийт шагналын сан 26 сая ам.доллар ч хамгийн өндөр бооцоо, бай шагналтай нь ч зүлэгний ойрын зайн уралдаан гэнэ.
Уралдаанд оролцсон 14 адуунаас хоёрдугаарт байрт орсон “Lady shipman” буюу “Эмэгтэй далайчин”-д дөрвөн хүн тутмын нэг нь бооцоо тавьж байсан тухай тэмцээнийг үзэж сонирхсон гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат хэлж байсан. Гэсэн ч “Монголын бямба гараг” “Lady shipman”-ыг 15 долиор түрүүлж, олон мянган хүний сая саяаар үнэлэгдэх бооцоог эргүүлж орхисон аж. Гэхдээ энэ удаагийн уралдаанаас өмнө, аравдугаар сарын 3-нд болсон “Woodfort stakes” уралдаанд 1 мин 02 сек 97 дойлоор буюу “Брийдэрс кап”-т түрүүлсэн 1 мин 03 сек 49 дойлоос 0.56 дойлийн өмнө барианд орж байсан болохоор “Монголын бямба гараг”-т илүү боломж байгаа хэмээн үзэж байгаа аж.
Монгол унаач, уяачдыг морин спортынхон сонирхож байна
Өдгөө монголчууд адуун сүргийн тоогоор Хятад, Америк, Мексик, Орос, Бразиль, Аргентины ард жагсч, 1000 хүнд ногтох адуугаар эхний байр эзэлж байна. Өнгөрсөн оны байдлаар 2.9 сая толгой адуу тоолуулсан нь өмнөх оныхоос даруй 400 мянгаар их байгаа юм. Гурван сая орчим адуу тархацын хувьд хурьцангуй жигд байгааг дараахь дүнгээс харж болно. Хангайн бүсэд адуун сүргийн 35 хувь тоологдсон бол баруун бүсэд 19 хувь, зүүн бүсэд 22 хувь, төвийн бүсэд 23 хувь нь бүртгэгджээ. Тиймдээ ч монгол хүн бүр хүүхэд багаасаа моринд эрэмгий өсдөг. Хэдэн мянганаар морио гаршуулж, унаж ирсэн монголчуудын морь уяж сойх ухааныг дэлхий дахин энэ удаагийн тэмцээнээс хойш гайхан бахдаж, сонирхон судалж эхэлсэн байна. Барууны оронд морь уяж сойно гэдэг нэг талаас тогтсон стандарт, норм болчихсон зүйл. Идэш тэжээлээс аваад бүх л зүйл заасан хэмжээ хязгаартай. Энэ байдал хэвшил болчихсон болоод ч тэр үү монгол уяачдын арга барилыг гадныхан ихээр сонирхож байгаа гэнэ. Угтаа, монголчууд бид морио адгуус амьтан гэхээс илүү үнэнч нөхөр шигээ үзэж, хайрладаг. Уяж сойх ухаан ч байгаль цаг уур, өвс тэжээл, газар орны байр байдлаас шалтгаалж өөр өөр байдаг. Шинжлэх ухааны түвшинд хөгжсөн энэ чадварыг өдгөө дэлхий дахин сонирхож байна. Түүнчлэн, моринд эрэмгий монгол түмнээс гадны улс орнууд унаач сурган авах сонирхолтойгоо ч уламжлаад байгаа тухай Д.Ганбаатар онцолж байсан.