Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Залуу эрдэмтэд 10 сая төгрөгийн тэтгэлэг хүртлээ

Э.ГАНЦЭЦЭГ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр "Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох" журмын дагуу шилдэг, залуу 10 эрдэмтэнд тэтгэлэг гардууллаа. Уг тэтгэлэг нь судлаачдын шинэ санааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үүгээр дамжуулан баялаг бүтээх,  мөн эрдэмтдийн залуу халааг бэлтгэхэд хөрөнгө оруулалт болж байгаа билээ. Энэ жилийн сайдын нэрэмжит тэтгэлэгт 50 гаруй төсөл өрсөлджээ.

Шилдэг төслийн эздэд тэтгэлэг гардуулсны дараа БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Монголын үе үеийн эрдэмтдийг залгамжлах хүндтэй хийгээд хариуцлагатай үүрэг та бүхэнд ногдлоо. Судалгааны бүтээлээ бодит ажил хэрэг болгож, цаашид шинэ бүтээл, шинэ нээлтээр дүүрэн байхыг хүсье” хэмээн залуу судлаачидад захисан юм.

“Ямааны сүүнээс уураг гаргаж авах технологи”, “Бага насны хүүхдийг тоглоом, наадгайн аргаар сурган хүмүүжүүлэх арга зүй”, “Зүрхний төрөлхийн гажгийг катетерын аргаар эмчлэх”, мөн “Мах, махан бүтээгдэхүүнд агуулагддаг удаан задардаг органик бохирдуулагчийг тодорхойлох аргазүй” гэх мэт амьдралд ойр, хөрсөнд бууж, үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой хэд хэдэн төсөл энэ удаагийн тэтгэлгийг хүртжээ. Эл тэтгэлгийг олгох болсоор таван жилийн хугацаанд 46 залуу доктор тус бүр 10 сая төгрөг хүртээд байна.

М.Нарангэрэл: Чихрийн шижинтэй хүмүүст шар сүүний уураг уулгахад цусанд агуулагдах сахарын хэмжээ буурсан

Хөдөө аж ахуйн их сур­гуулийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхи­мийн эрхлэгч М.На­ран­­гэрэл “Шар сүү­ний уураг үйлдвэрлэх технологийг хүнс­ний үйлдвэрлэлд нэвт­рүүлэх нь” сэдэвт төсөл бичиж тэтгэлгийн эзэн болсон юм.
Тэрээр судалгааныхаа ажлын талаар ийн ярив.
 
“Ямааны сүүг нарийвчлан судалснаар үнээний сүүнээс дутахааргүй шим тэжээл, ашигт бодисоор баялаг болохыг судалгааны явцад тогтоолоо. Ямааны сүүг бифидум бактериар баяжуулж аарц, харин шар сүүнээс нь уураг гаргаж авах боломж бий. Тэр дундаа шар сүүнээс уураг гаргаж авах технологид голчлон анхаарсан. Хэдийгээр дэлхийн олон оронд шар сүүний уургийг биотехнологийн, имберанил шүүлтүүрийн аргаар ялгаж байгаа ч эдгээр нь сүүний нийлүүлэлт хязгаарлагдмал, улирлын чанартай, өндөр үнэтэй нөхцөлд асар үнэтэй тусна. Тиймээс дэлхийн хэмжээний технологид суурилсан Монголын нөхцөлд нийцэх арга боловсруулж байна. Мөн сүүний үйлдвэрээс их хэмжээний шар сүүний хаягдал гардаг ч хаягдалд агуулагддаг шимт бодисуудын талаас илүү хувь нь үлддэг болохыг туршилтын явцад судалж мэдсэн. Хаягдаж буй энэ үнэт түүхий эдийг ашиглах, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд судалгааны ажлын гол зорилго оршиж байна. Судалгааны явцад чихрийн шижинтэй хүмүүст шар сүүний уураг уулгахад тэдний цусанд агуулагдах сахарын хэмжээ буурч, эерэг дүн гарсан. Энэ нь инновацийн том үзүүлэлт болж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан