БНХАУ, Монгол Улсын анхдугаар экспо, соёлын солилцооны долоо хоногийн хүрээнд өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээн энэ сарын 23-27-нд ӨМӨЗО-ны Хөх хотод болж өнгөрлөө. ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Хөлбөмбөгийн холбоо, Спортын захиргаа, Бүс нутгийн худалдаа аж үйлдвэрийн газар хамтран өндөр хэмжээнд зохион байгуулсан тэмцээнд хоёр орны 15 хүртэлх насны тус бүр дөрөв, нийт найман баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Монгол Улсын “ДМЮ” клубийн баг тамирчид аваргалжээ.
Тэд “А” хэсэгт ӨМӨЗО-ны Ордос аймгийн шигшээ багийг 3:2, Бугат аймгийн шигшээ багийг 7:1, нутаг нэгт “Хараацай”-г 2:0-ээр буулган авч, хагас шигшээд шалгарсан. Гэвч хасагдах шатанд амаргүй тоглолтууд хийжээ. Б.Батзаяа дасгалжуулагчтай “ДМЮ” хагас шигшээд Монголын өсвөрийн хөлбөмбөгийн өөр нэг шилдэг клуб болох “Дэрэн”-тэй таарч, үндсэн цагт 1:1-ийн харьцаатай тэнцсэн байна. Улмаар, ялагчийг торгуулийн цохилтоор тодруулахад “ДМЮ” клубийн хаалгач Г.Мөнх-Оргил эсрэг багийн хоёр ч цохилтыг хааснаар баг нь 4-2-оор ялсан билээ.
“Монголын дерби”-д ялалт байгуулсан “ДМЮ” шигшээ тоглолтод Ордос аймгийн шигшээ багийг 5:2-оор буулган авснаар энэ онд Монголд үзүүлсэн амжилтаа Өвөрмонголд ч үргэлжлүүлж чадлаа. Тус клубийн баг энэ жил 15 хүртэлх насны ангилалд Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан гадаа талбай, футзалын улсын аваргад алтан медаль хүртээд байсан юм. Багийн бүрэлдэхүүнд А.Мөнх-Оргил, Т.Анхбаяр, А.Баттулга, Г.Мөнх-Оргил, С.Жамбалбавуу, Б.Чойжилсүрэн, Ү.Мөнх-Эрдэнэ, Л.Алтангэрэл, А.Есөнхүсэл нарын өсвөрийн тамирчид байдаг.