Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Дамдиншарав: Олимпоос мөнгөн медаль авбал хүмүүс амжилт гэж хүлээж авахгүй

А.АКЭРКЭ

Одоогоос 47 жилийн тэртээ буюу 1968 оны аравдугаар сарын 20-нд Мексикийн Мехико хотноо зуны XIX олимпын  наадмын чөлөөт бөхийн төрөлд хүчээ сорьсон Монголын тамирчид олимпын анхны медалийг хүртэж байсан түүхтэй. Чөлөөт бөхийн жингийн дарааллаар Чимэдбазарын Дамдиншарав 52 кг-д салхийг хагалж хүрэл медалийн эзэн болсон бол түүний араас Дан­зан­даржаагийн Сэрээтэр /70 кг/ Төмөрийн Артаг /78 кг/ нар хүрэл медаль хүртэж Жигжидийн Мөнхбат /87 кг/ Монголоос төрсөн олимпын анхны мөнгөн медальтан болсон нь Монголын спортын түүхэнд алтан үсгээр бичигдсэн түүх юм.Олимпын анхны медальтан болох энэ тамирчдын түүхэн гавьяат замналыг үе үеийн тамирчид үргэлжлүүлж буй.
Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулж Монгол Улсын түүхэнд олимпын  анхны медалийг эх орондоо авчирсан гавьяат тамирчин, дасгалжуулагч, ардын багш Ч.Дамдиншарав гуайтай цөөн хором ярилцлаа.

-Монгол Улсын төдийгүй таны хувьд баярт түүхэн өдөр өнөөдөр /өчигдөр/ тохиож байна. Юуны өмнө танд баяр хүргэх нь зөв байх?
-Баярлалаа. Монголчууд энэ түүхэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлээд олон арван жил болжээ. Сүүлийн үеийн залуус энэ түүхэн өдрийн талаар төдийлэн сайн мэдэхгүй, ойлгохгүй байж магадгүй. Тухайн үед нийгэм ямар байсан билээ, спортын хөгжил ямар байлаа. Гэтэл өнөөдөр ямар болчихоод байна вэ гээд харьцуулаад үзэхээр өдөр, шөнө шиг ялгаатай байна шүү дээ. Хамгийн гол нь монголчууд олимпоос медаль авсан түүхэн амжилтыг хэвлэл мэдээллээр сурталчилж буй нь хойд залуу үеэ хүмүүжүүлэхэд том нөлөөтэй юм. Нэг жишээ хэлэхэд би олимпын анхны медалийг эх орондоо авчирахад гурван мянган төгрөг, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулж байлаа.

-Тухайн үед хэр их мөнгө байв?
-Тэр үед мотоцикль таван мянган төгрөгийн үнэтэй байлаа шүү дээ. Гэтэл өнөөдөр олимпын байтугай дэлхийн аваргаас ямар нэгэн медаль авсан тамирчиндаа Монголын чөлөөт бөхийн холбоо нэг кг, 500 гр, 300 гр алт өгчихөөд нэмээд хоёр, гурван өрөө байраар шагнаж байна. Урамшуулал нь ийм өдөр шөнө шиг ялгаатай болж. Энэ нь хойшдын залуу үеийнхэнд маань хэрэгтэй юм. Нөгөө талаар амжилтын төвшин өндөр байгааг би Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдоржтой холбож ойлгодог хүн.

-Яагаад тэр вэ?
-Учир нь, Лондонгийн олимпын дараа олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн  үе үеийн тамирчдадаа бүх насаар нь сар болгон цалин, тэтгэлэг урамшуулал олгох болсон. Энэ Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш Монголын тамирчдын амжилтын төвшин ямар болов. Юу болов гэмээр мэдэгдэхүйцээр нэмэгдсэн шүү дээ.

-Амжилт гаргаж чадах л юм бол амьдралын төвшин нь баталгаажиж байна?
-Яг тийм. Насан туршийн амьдралын баталтгаатай болж байна. Тийм учраас Ерөнхийлөгчдөө талархаж буйгаа хэлэх нь зүйтэй.

-Олимп болоход найман сарын хугацаа үлджээ. Чөлөөтийн тамирчдыг алтан медаль авахыг хүсэн хүлээж байгаа хүн олон бий?
-Манай чөлөөтийнхөн энэ жил  их сайхан амжилт үзүүлж олон медаль авлаа. Дэлхийн шилдэг багуудын тоонд багтаж чадлаа. Монгол Улс олимпоос 24 медаль авсан байдаг юм. Үүний есийг нь чөлөөтийн бөхчүүд авсан байдаг. Найман медалийг манай эрэгтэйчүүд 1980 оноос өмнө авч байлаа. Сүүлийн 35 жил медаль аваагүй байж байгаад манай Батцэцэг ес дэх медалийг эх орондоо авчирч бахдам амжилт үзүүлсэн. Одоо бол бидэнд олимпын алтан медаль л хэрэгтэй. Арав дахь мөнгөн медалиа хүртэх юм бол монголчууд тийм айхтар том амжилт гэж хүлээж авахгүй. Тийм болохоор шавь нартаа, залуучууддаа, чөлөөт бөхийнхөн минь олимпын алтан медаль аваарай гэж хүсмээр байна. Цаад бокс, жүдогийнхон чинь биднээс өмнө арваад жилийн өмнө алтан медаль авчихсан шүү гэж хэлмээр байна. Тэгэхээр чармайх л хэрэгтэй байна.

-Хоёулаа эргээд түүхэн өдрийнхөө үйл явдал руу оръё. Ингэхэд та тэр үеийн сайхан дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцаач?
-Монголчууд анх удаа түүхэндээ олимпоос медаль хүртсэн тэр салхийг нь хагалсан хүн болохоор мэдээж өөрөөрөө бахархдаг. Медаль авчихаад өрөөндөө орж иртэл Мөнхбат, Сэрээтэр, Артаг нар уухайлаад л босоод ирж билээ. Тэд шийдвэрлэх барилдаанаа хийх гэж байсан болохоор тухайн үед тэдэнд их урам өгсөн гэж боддог доо. Ах нь олимпоос медаль хүртсэндээ биш, анхдагч болохоор л хүмүүст танигдаж, түүхэнд тэмдэглэгдсэн боловуу.

-Тухайн үед бусад орны тамирчид хэр хүчтэй байв?
-Надтай барилдсан бөхчүүд бүгд л сайн байсан. Хамгийн сүүлд Японы бөх олимп, дэлхийн аваргатай барилдаад ялагдсан. Тэр үед Монголыг мэддэггүй байсан юмуу, бүү мэд. Шүүгчийн хавчлага, дарамт их нөлөөлсөн гэж боддог. Үнэнээ хэлэхэд ах нь медаль хүртэнэ гэж бодоо ч үгүй байсан. Хоёр дахь жилдээ л олимпод оролцсон болохоор тэр юм болов уу. Нас залуу 23-тай л байлаа шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан