Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Үндэсний цом”-ын тэмцээн наадмын дайтай болж байна

А.ЦАГААН

Хэдийгээр өчигдөр гадаа хүйтэн цас орж байсан ч зуны аагим халуун өдрийг санагдуулам уур амьсгал Спортын төв ордонд бүрдсэн өдөр өчигдөр өнгөрлөө. Сагсан бөмбөг сонирхдог, шимтэн үздэг, хичээллэдэг хүүхэд залуусыг өөрийн эрхгүй Спортын төв ордны зүг анхаарлыг нь татаж, үзэхэд хүргэсэн тэмцээн бол яах аргагүй МҮСБХ-ноос санаачилсан сагсан бөмбөгийн “TLG13” ТББ-ын 10 жилийн ойн нэрэмжит 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом”-ын аварга шалгаруулах А зэрэглэлийн тэмцээн байж чадлаа. Өглөөнөөс оройг хүртэл заал битүү хүмүүс, зарим нь зогсоогоороо л үзэж байв. Үнэхээр ширүүн өрсөлдөөн шилдэг хөгжөөн дэмжигчид, лигийн шилдэг тоглогчдын аймаг аймгаасаа тоглох торгон aгшин гээд энэ тэмцээн үндэсний наадам мэт л болж байна гэхэд хилсдэхгүй. Энэ сарын 25 хүртэл үргэлжлэх тэмцээн сагсан бөмбөг хэмээх агуу спортоор амьсгалсан долоо хоног болох нь нэгэнт тодорхой болсон. Үндэсний бөхчүүд, олны танил хүмүүс маань аймгийнхаа шигшээ багт орон тоглож байгаа нь тэмцээнийг улам илүү сонирхолтой болгож чадсан юм.

Хэдийгээр бүх аймгийн баг оролцоно гэж байсан ч энэ удаад 15 аймгийн баг тамирчид дөрвөн хэсэг болон өрсөлдөж буй. Аймгуудын баг бүрт Үндэсний супер лигийн дөрөв хүртэлх тамирчин төрөлх нутгаасаа оролцон тоглох боломжтойгоороо тэмцээнийг маш өрсөлдөөнтэй болгож чадсан байлаа. Ингээд энэ удаагийн тэмцээнд аль аймгийн багт ямар тамирчид тоглож байгааг сонирхуулъя.

Архангай

Архангай аймгийн харьяат алдартнуудаас Монгол Улсын начин, Даншигийн арслан Пүрэвдагва, “ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр нар байгаа бол сагсан бөмбөгийн сонирхогчдоос амьд домог хэмээн хүндлэгддэг дээд лигт 12 жил тоглохдоо багаа 12 жил финалд шалгаруулж лигийн зургаан удаагийн аварга, зургаан удаагийн дэд аварга, хоёр удаагийн тэргүүн тоглогчийн шагналт ОУХМ Тагарвайн Түвшинбаяр аавынхаа нутгаа даган Архангайн багт тоглож байна. Мөн л аавын нутгаа даган Моносоникийн Баярхүү, Цэвэгмэдийн Баярхүү нэрээр алдаршсан ОУХМ Ц.Баярхүү тэдний эгнээнд оржээ.

Өвөрхангай

Нутгийн хүчит арслан Д.Ганхуяг тэдний давуу тал болж буй юм. Тэрээр оюутан ахуйдаа дээд лигийн Генералууд багт хүчин зүтгэж, сагсан бөмбөгийн Спортын мастер цолны болзол хангасан. Өвөрхангайн залуус нутгаа Гэгээнхангай нэрээр төлөөлөн Спрайт супер лигт хүчтэй өрсөлддөг, өсөх ирээдүйтэй олон тамирчинтай. Тэднийг дасгалжуулдаг ОУХМ Ш.Сэдбазар энэ удаа шавь нартайгаа нутгийнхаа өмнөөс хүчин зүтгэж байгаа бол тэдэн дээр Залуучуудын шигшээ болон Мон-Алтиус Шонхорууд багийн Э.Цэрэнбаатар, Б.Дархантөгс нар хүч нэмж байна.

Орхон

Эрдэнэтийн залуусыг Танан Гарьд болон Үндэсний хоёрдугаар шигшээ багийн төвийн тоглогч М.Дорждагва ахалж байна. Үзэгчдийн таашаалд нийцсэн олон киноны гол дүрийг бүтээж талархлыг хүлээсэн жүжигчин Батзаяа төрөлх хотынхоо багт нэгджээ.

Хэнтий

Хэнтийн залуус нутгийнхаа Оюутны лигийн залуусаар хүчээ зузаатган өрсөлдөж байна. Нутгийн залуу арслан Оюунболд тэдэнтэй хамт өрсөлдөх байсан ч Хан-Уулын барилдаанд бэртэл авсны улмаас эмчилгээ хийлгэхээр Солонгос улсыг зорьжээ. Өнгөрсөн жил Хэнтийнхээ лигийг нутагтаа зохион байгуулж улмаар Хэнтийн шигшээ багийг байгуулсан залуу дасгалжуулагч Дожоодорж битүү морьдоо Спрайт хөгжлийн лигт сойн ногоон гэрлээр аварга авч олныг цочроосон. Энэ удаад ч гэсэн битүү морьд байхыг ч үгүйсгэхгүй байгаа юм.

Сэлэнгэ

Спрайт лигт оролцдоггүй ч Спрайт лигийн шаггүй тамирчид дээр Их Өргөө Аравтуудын Батбямба, Хэнтий Чингис Сити багийн Улаанхүү, Даваасамбуу нарын тоглогчтус багт нэгджээ.

Төв

Төв аймгийн уран барилдаант заан Батмөнх аргагүй уран барилдаант заан гэсэн шиг хөнгөн шингэн, хурдан хөдөлгөөнтэй зүлэг ногоон дэвжээнээ элдэвтэй байдаг шигээ сагсан бөмбөгийн талбай дээр ч элдэвтэй аж.Спрайт лиг, Үндэсний супер лигт нутгаараа овоглосон багтай Төв аймгийнхан олон жил нэг багт хүчин зүтгэсэн НЭГ ГЭР БҮЛ.
Спрайт лигийн тоглогчид дээрээ тэд ОУХМ Д.Дэлгэрням, Ганболд, Мөнхтөр Үндэсний аварга Альянс Тех Харцагуудын Дорждамба нарыг нэмжээ.

Дорноговь

Дээд лигийн аварга цолыг хэдэнтээ хүртсэн Ж.Отгондарь дасгалжуулагч ахалж байна билээ. Нутгийн хүчтэн Цацабшир сагсан бөмбөгийнхөө багтай нэгдсэн байна. Тэдэнд Үндэсний шигшээ багийн төвийн тоглогч ОУХМ С.Өрнүүнбилэг, Үндэсний хоёрдугаар шигшээ багийн холбон тоглогч Б.Баярбат, Ригсийн Нямбаяр, Мэндбаяр нар нэгджээ.

Хөвсгөл

Монгол Жордан, Лигийн Тэргүүн тоглогч ОУХМ Ж.Майбаяр, Тэргүүн тоглогч ОУХМ Б.Пүрэвдорж, ОУХМ Г. Наранбаатар, ОУХМ Т.Санчир, ОУХМ М.Отгонмөнх, Залуучуудын шигшээ багийн О.Цэлмэг нар байна. Хөвсгөл аймгийн харьяат Улсын начин Баянмөнх нутгийнхаа багийг дэмжин мөн өрсөлдөж байна.

Баянхонгор

Чөлөөт бөхийн нэгэн үеийн шилдэг тамирчдын нэг Халтмаагийн Баттуул төрөлх нутгийнхаа багт тоглож байна. Чөлөөт бөхийн шилдэг тамирчин, бизнесмэнээс гадна Ахмадын сагсан бөмбөгийн УАШТ-д амжилттай оролцдог ухаалаг, дайчин сагсан бөмбөгч.
Тэдэнд Монгол Пиппен ОУХМ П.Батзаяа туршлага нэмж өөрийн хүү Б.Эрхэсээр эрч хүчийг нэмж байна. Залуучуудын шигшээгийн Бямбадорж хурд нэмж, Их Өргөө Аравтуудын Б. Мөнхбат самбарыг нь бат найдвартай манаж байна.

Өмнөговь

Сагсан бөмбөгийн Олон улсын хэмжээний мастер Батаагийн Мөнхболд төрөлх нутгийнхаа зон олны магнайг тэнийлгэж байна. Өмнөговийн харьяат улсын начин Одбаяр багийнхаа залууст итгэл нэмж хүчин зүтгэж буй аж. Өмнөговийнхон нутгийнхаа уугуул, суугуул сагсан бөмбөгчдийг сайтар цуглуулж жигдхэн сайн багийг байгуулжээ.

Увс

Монгол Улсын залуу аварга Мөнхбат нутгийнхаа залуусыг удирдан хийморийг нь өргөж байна. Үндэсний аварга, Альянс Тех Харцагуудын төвийн тоглогч ОУХМ П.Болортулга Увсынхан гол ноён нуруу. Бөмбөг бүрийн төлөө тэмцэлдэх нь Увс аймгийн багийн хамгийн том давуу тал болж байна.

Ховд

Нутгийн уугуул Үндэсний шигшээ баг болон СБЛ Хасын Хүлэгүүд багийн довтлогч, Үндэсний супер лигийн Үнэ цэнэтэй тоглогч ОУХМ Б.Билгүүн, Альянс Тех Харцага багийн довтлогч ОУХМ Ц. Азбаяр, 2014-2015 оны Үндэсний супер лигийн Үнэ цэнэтэй тоглогч Мөнхтүвшин, Хэнтий Чингис Сити багийн тоглогч Алтансоёмбо зэрэг тоглогчоор хүчээр зузаатгасан тэднийг тэмцээний гол фаворитоор олон сагсан бөмбөг дэмжигчид нэрлэжээ.

Дархан

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар багаа ахалж, амжилт үзүүлэх бүх нөхцөл бололцоог хангаж байна. Дасгалжуулагч ОУХМ Д.Гүржав унаган шавь нараа удирдаж байна. Танан Гарьд багийн холбон тоглогч ОУХМ Г.Ихбаяр, Үндэсний шигшээ баг, Танан Гарьд багийн тоглогч ОУХМ О.Ууганбаяр, Танан Гарьд болон Үндэсний хоёрдугаар шигшээ багийн довтлогч Цэрэнбат, СБЛ Хасын Хүлэгүүдийн Энхтүвшин нар нутгийнхаа багт нэгджээ.

Завхан

Өндөр гарьд Баяржавхлан нутгийнхаа өмнөөс босч байна. Залуучуудын шигшээ багийн А.Гансүх, Альянс Тех Харцагын Г.Цэнгүүнбаяр, Энхцогтын Дөлгөөн, Сентоза Арслангуудын Даваасүрэн нар Завханы багт нэгджээ. Тэдэн дээр туршлагатай холбон тоглогч Төрмөнх, Ууганбат, довтлогч Нямдорж, Алтан-Очир нар байна.

Сүхбаатар

Монгол банкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Жавхлан нутгийнхаа сагсан бөмбөгчдийг зүрх сэтгэлээрээ дэмжин ажиллаж байна. Тэрээр мөн Үндэсний цомд Сүхбаатарын залуустайгаа хамт өрсөлдөнө. Спрайт лигийн хүчтэй багуудын нэг Сүхбаатар аймгийн багт Залуучуудын шигшээ багийн тоглогч Энхбатын Дөлгөөн, Б.Батзолбоо нар нэмэгдэнэ.
Дээгүүр бөмбөгийг Дөлгөөн, доогуурхыг Батзолбоо хамна гэж сагсан бөмбөг шимтэн үздэг хорхойтнууд шивэр авир хийж байна билээ.

Ямартай ч тэмцээнийг үзэж сонирхож буй хүүхэд, залуус нутаг, нутгийнхаа багийг уухайлан дэмжиж байсан бол урмаар тэтгэгдсэн тамирчид ч тэдэнд ур чадвар, тактик, үзүүштэй тоглолтоор бэлэг барьж байсан юм. Багуудын тоглолтын оноо ч гэсэн хол зөрүүгүй, ижил төвшинд явж байсан нь ямар чансаатай тамирчид нэг баг болон тоглож буйг илтгэх мэт. Өчигдрийн байдлаар Увс, Баянхонгор аймгийн багууд тоглож 76:65, Төв, Дорноговь учраа таарч 99:95, Хөвсгөл, Сэлэнгэ 84:81 харьцаатайгаар тоглолтыг өндөрлүүллээ. Харин дараа дараагийн тоглолт хэрхэн болж өнгөрснийг бид дараагийн дугаартаа нийтлэх болно.

Ингээд бид тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллаж буй Цэвэгмэдийн сэтгэгдлийг сонссоноо хүргэе.

Р.Цэвэгмэд: Дараа нь 21 аймгийн лигийн тэмцээн зохионо

-Тэмцээнд 21 аймгийн баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон бол илүү сонирхолтой байх байлаа?
Энэ удаагийн тэмцээнд Булган, Дорнод, Дундговь, Баян-Өлгий аймгийн баг хараахан оролцож чадсангүй. Цаашдаа бид Үндэсний супер дээд лигийн дараа буюу дөрөв, тавдугаар сард 21 аймгийн лиг гэдэг тэмцээн зохион байгуулах бодолтой байна. Тэрхүү тэмцээнд 21 аймгийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно гэж найдаж байгаа.

-Үндэсний бөхийн төлөөлөл олон байгаа нь тэмцээнд бас нэг өнгө нэмж байх шиг?
-21 аймгийн менежментийг сурталчлахын тулд бид тухайн аймгаас төрж гарсан спорт, урлагийн одуудыг оролцуулж буй юм. Энэ удаагийн тэмцээнд ихэвчлэн улсын алдар цолтой бөхчүүд оролцож байна. Улсын аваргаас авахуулаад начин, харцага, заан гэсэн бөхчүүд маань тоглолтод оролцож байгаа нь тухайн аймгийн бас нэг нэр нүүр юм. Түүнээс гадна лигийн тэмцээний үеэр зохион байгуулдаг гурван онооны шидэлтийн тэмцээн хүртэл хийж байна. Тэмцээнийг маань бас нэг сонирхолтой болгож буй зүйл нь 1980, 1990 онд энэхүү спортыг авч явж байсан олон сайн тамирчин оролцож буй явдал.

-Таны бодлоор аль баг илүү ур чадвартай, тактиктай тоглож байна вэ?
-Тэр, энэ баг гэх арга үнэхээр алга. Бүгд л жигд сайн тоглож байна. Яагаад гэхээр тухайн багийн үндсэн суурь нь Спрайт, Супер лигт тоглож буй тамирчид байгаа. Тэгэхээр байнгын бэлтгэл сургуулилттай байгаа учир тоглолтыг илүү идэвхтэй сонирхолтой болгож байна. Тоглолтын сүүлийн хэдхэн секундэд хожил нь тодорхой болж шийдэгдэж байна. Нэг их хол зөрүүтэй онооны ялалт, ялагдал байхгүй байна шүү дээ. Өдөр бүр Спортын төв ордны заалны суудал дүүрсэн сайхан тэмцээн болж байна.

0 Сэтгэгдэл
БӨХЧҮҮД ГЭЖ ХАА ЯВСАН ГАЗРАА ШОУ ХИЙЖ ЯВДАГ БОЛЖ ДЭЭ...ЭД НАРЫН САГС ТОГЛОХ ГЭЖ ЮУ БАЙХАВ
Хамгийн их уншсан