Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Хэвлэл мэдээллийн салбарынхан тэр бүр тэмцээн уралдаан зохиож, уулзаж учраад байх нь ховор. Уншигч, үзэгчдэд цаг үеийн мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэхээр өглөө нарнаас үдэш хүртэл ажилладаг сэтгүүлчид маань амралт, чөлөөт цагаа спортоор хичээллэж, цэвэр агаарт өнгөрүүлэх цаг зав муутай улс. Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдээр хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нэгтгэсэн үйл явдал тохиож Өдөр тутмын сонинуудын холбоо, Монголын телевизүүдийн холбоо, мэдээллийн сайтуудын төлөөллүүд спортын тэмцээн уралдаанд оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөө.
БНСУ-ын Элчин сайдын яамнаас уг арга хэмжээг Тэрэлжийн “Хос хад” жуулчны баазад зохион байгуулсан юм. Өдөрлөгт телевиз, сонин сэтгүүл, мэдээллийн сайтын 20 орчим баг оролцож олс татах, дээс, караоке дууны аваргаа шалгаруулсан. Түүнчлэн, зохион байгуулагч БНСУ-ын Элчин сайдын яамны баг тэмцээнд оролцсон нь өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож байв.
Өдөрлөгт БНСУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Шин Сан Юун, Өдөр тутмын сонины холбооны гүйцэтгэх захирал Ц.Цолмон, МТХ-ны ерөнхийлөгч Э.Дагиймаа нар оролцож шүүгчдийн үүрэг гүйцэтгэсэн.