Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэдэг. Өчигдөр Дэлхийн хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиов. Жилийн жилд, ганцхан өдөр түнэр харанхуйд бүгсэн хараагүй иргэдээ эргэн харж, эрхийг нь хамгаалах тухай ам уралдан ярьдаг бид тэдний төлөө, түнэр харанхуйг гэрэлтүүлэхийн төлөө юу хийсэн билээ. Хараан зүхэж суудаг харанхуйг гэрэлтүүлэхээр “лаа” асаасан нь хэд билээ.
Нийгмийн цөөнх болсон эдгээр иргэд амьдрах орчин нөхцөлөөс аваад үндсэн хуулиар олгогдсон, төрмөл эрхээ ч бүрэн эдэлж чадахгүй энэ цаг үетэй золгосон. Хэдий хараагүй, харааны бэрхшээлтэй ч сурч боловсрох очрин нөхцлийг нь бүрэн бүрдүүлж, хууль эрх зүйн орчин бий болгож чадвал тэдний нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг эрүүл биднээс ч дутахгүй. Гэвч, өнгөрсөн 20 гаруй жил хараагүй иргэдийн боловсрол, соёлын асуудал хөсөр хаягдаж тэр хэрээр нийгмийн харилцаанд орох, мэдээ мэдээлэл олж авах, солилцох эрх нь хязгаарлагдсаар ирсэн.
Тэгвэл хөмөрсөн тогоонд гэрэл тусахын адил хараагүй хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулалт болохуйц үйл явдал өчигдөр тохиов. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо хамтран хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид боловсрол олгох асуудалаар хамтран ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг сурч боловсрох эрхийг хангах, сургалтын орчинг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хөгжил мэдээллийн технологийн төвийн тэргүүн М.Баясгалан гарын үсэг зурж баталгаажуулсан.
Санамж бичгийн хүрээнд тусгай хэрэгцээт боловсролын тухай хуулийн төсөл, төслийн танилцуулга, үзэл баримтлал боловсруулах, брайл бичгийн стандарт боловсруулж, батлуулах, крилл, брайл хосолсон сурах бичиг хэвлүүлэх зэрэг чухал ач хоблогдолтой, нэн тэргүүнд шийдэх ёстой асуудлыг тусгасан байна.
Түүчнлэн, санамж бичигт гарын үсэг зурахын өмнөхөн БСШУ-ны сайдын дэргэд хараагүй оюутан, суралцагчдын эрх ашгийг хамгаалах, дэмжлэг туслалцаа үзүүлэх, бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг уялдуулан зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байгуулагдсан юм.