Б.БААТАР
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “cbsnews.com” сайтын сэтгүүлч Стив Крофттой дэлхий дахинд өрнөөд байгаа асуудлаар цаг орчим хугацаанд ярилцсан юм. Түүний ярилцлагын өмнөх хэсгийг өчигдрийн дугаарт нийтэлсэн бөгөөд үргэлжлэлийг хүргэж байна.
-Украины асуудлыг зайлшгүй хөндөх ёстой сэдэв гэж бодож байна. ОХУ нэгэнт Крым, Донецск болон Луганскийг эрхэндээ орууллаа. АНУ ямар ч арга хэмжээ авч чадаагүй талаар сэтгүүлчид болон мэргэжилтнүүд онцолж байна?
-Украины нөхцөл байдал Сиритэй харьцуулбал арай өөр. Тэнд хүмүүс өөрсдийн эх орноо сонгож байна. ОХУ-ын төлөө зүрх сэтгэлтэй хүмүүс байна. Гэхдээ тэд зэвсэг барин дайтаагүй, ОХУ-ын тал тэдэнд тусалж байгаа. Мөн Украины улс төрийн болон өнөөгийн нөхцөл байдал тун хүнд байгааг дэлхий нийт харж байгаа. Хүмүүсийн амьжиргааны төвшин бага, хоол хүнс хомс байдалтай өдөр хоногийг аргацааж байгаа талаарх мэдээлэл хаа сайгүй бий. Гэхдээ АНУ Украины асуудлаар зөвхөн ажиглагчийн үүрэгтэй гэдгийг л хэлэх байна. Хэдийгээр НАТО-д элсэх, НАТО-гийн цэрэг армийн хүчийг газар нутагтаа байрлуулах зэрэг олон хувилбар байсан ч АНУ-д ОХУ-ын цэргүүдтэй НАТО-гоор халхавч хийж сөргөлдөх сонирхол байгаагүй. АНУ хүний эрх чөлөөг дээдэлдэг орон. Салан тусгаарласан хүмүүсийг ч ойлгож байгаа.
-Та болон АНУ Украины асуудлаар буулт хийлээ. Энэ оны эхээр АНУ ОХУ-ын түрэмгийлэл заналхийлэл, цэргийн үйл ажиллагааг шүүмжилж, эдийн засгийн хориг арга хэмжээ аваад ОХУ-тай харилцах холбоогоо тааруу болгосон нь үнэн. Гэвч, НҮБ-ын 70 жилийн ойн чуулган дээр та яагаад В.Путинтай хундага дарс тулгасангүй вэ?
-Би санамсаргүй алдаа гаргасан байна лээ. Чуулганы дараа уучлалт гуйж халуун яриа өрнүүлсэн. Дэлхий нийтэд буруу сэтгэгдэл төрүүлсэндээ хүлцэл өчье.
-За баярлалаа, ноён Ерөнхийлөгч өө. Тэгэхээр бидэнд өмнө нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Хиллари Клинтоны хувийн цахим шууданг тагнаж байсан талаар мэдээлэл бий. АНУ-д бүхэл бүтэл 15 жил ажилласан хүнийг яагаад тагнасан юм бэ?
-Дараа хариулъя, дараагийн асуулт.
-Та үнэхээр тэгж хэллээ гэж үү. За тэгвэл АНУ-ын улс төрөөс эхэлмээр байна. Дональд Трампийн талаар?
-Дональд лав Ерөнхийлөгч болохгүй. Яг үнэндээ тэр бол улс төрийн сайн тоглогч байж болно. Бүгд найрамдах намын голлон тоглогч ч байж болно. Гэхдээ түүнийг хэн ч сонгохгүй л болов уу. Энэ үгээрээ би түүнийг доош нь хийж, гутаан доромжилж байгаа юм биш. Аливаа улс төрийн нам хүчний дунд рейтинг гэж зүйл байдаг. Түүний хэлж ярьж байгаа зүйл цагаачлалыг дэмждэггүй нэг тийм үгээр хэлэмгүй бодолтой нэгэн. Өнөөдөр АНУ цагаачдаас бүрддэг байсан түүхт он жилүүд бий. Гэвч Ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа хүн цагаачдын эсрэг үг хэлнэ гэдэг муугийн дохио. Сүүлийн жилүүдэд бүгд найрамдах намаас гарч байгаа, нэр дэвшиж байгаа хүмүүс цагаачлалын асуудал дээр тулгуурлаж сонгуулийн шоу хийх гээд байх юм. Буруу шүү дээ. Тэр бусдын анхааралд орсон гэдгээ мэдэж байгаа. Тэр бол классик орчин үеийн телевизийн реалити шоуны гол дүр. Хэлэх үг бүртээ бусдын анхаарлыг татахын тулд байдаг нэгэн.
-Та түүнийг энэ бүхнийг сонсоод сэтгэл санаагаар унаж, нэрээ татна гэж бодож байна уу?
-Би түүнийг зүгээр нэг бууж өгөх хүн гэж бодож байгаагүй. Тэр хэзээ нэг өдөр бүтэлгүйтлээ мартаад дээшээ мацах хувийн зан чанартай хүн. АНУ-ын Ерөнхийлөгч болохын тулд байдаг бүхнээ хийнэ. Би мэдэж байна.
-Түрүүхэн би асуусан Хиллари Клинтоны хувийн цахим хуудасны талаар. Та мэдэж байсан байж яагаад хариулт өгөхгүй байгаа юм бэ. Зүгээр л нэг тайлбар байхад хангалттай шүү дээ?
-Би цахим шууданг тагнаж байсан гэдгийг мэдээгүй.
-Төрийн нарийн бичгийн дарга байх хугацаандаа тагнуулж байсан гэдгийг нь ч үү?
-Мэдэхгүй.
-Энэ бүхэн үндэсний аюулгүй байдлыг цочроож байгааг та мэдэхгүй байна уу. Асуудал өрнөж байхад та юу ч мэдэхгүй байгаа хэрэг үү?
-Би энэ бүхнийг үндэсний аюулгүй байдалтай холбож ойлгохгүй байна. Би үүнийг ингэж харж байна. Бид бүхэн энэ төрийн нарийн бичгийн дарга гэсэн албыг хашиж, даван туулсан үе зарим Ерөнхийлөгч нарт бий. Гэхдээ албан үүргээ хүлээж асван л бол хувийн, албаны цахим шуудан бүртээ мэдрэмжтэй байж, хяналтаа сайжруулах ёстой гэдгийг тэр мэдээгүй хэрэг үү. Үүгээрээ би түүнийг буруутгах гээгүй. Зүгээр төрийн алба хашиж байж сонор сэрэмжтэй байх нь өдөр тутмын ажилтай яг адилхан. Хувийн зүйлийг илүү нарийн, хувийн байдлаар явуулах хэрэгтэй. Эсвэл би үүнийг улс төрийн тоглолт хийж байна гэж ойлгож байгаа. Гэхдээ...
-Та яг энэ талаар олж мэдээд юу бодсон вэ?
-Хэмжээ хязгаарын талаар би эхний ээлжид бодлоо. Гэвч сүүлийн гурван сарын хугацаанд энэ яриаг ярьж байгааг би анзаарсан ч энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг, мөч гэдгийг сайн мэдэж байна.
-Хатагтай Хиллари болон Ерөнхийлөгч асан Клинтон энэ бүхнийг тийм ч том зүйл байгаагүй гэсэнтэй та санал нийлж байна уу?
-За би яг энэ асуултад тайлбар хийхийг хүсэхгүй байна.
-Та үүнийг том асуудал гэж бодохгүй байна уу?
-Яг энэ асуултад хариулт авлаа гээд АНУ-ын олон нийтийн сэтгэл, санаа амрах юм биш гэдэг нь л хамгийн чухал. Асуултад хариуллаа гээд дараагийн асуулт л гарч ирдэг. Олон нийт өөрсдийн дүгнэлтийг гаргадаг. Би үүнийг АНУ-ын аюулгүй байдалтай холбох асуудал биш гэдгийг л хэлмээр байна.
-Гэхдээ одоогийн төрийн албаны бүх л хүн өөрийн хувийн зүйлсээ компьютер дээрээ хадгалсан байгаа шүү дээ. Энэ бүхэн тэгээд чухал биш гэж үү?
-Миний ойлгож байгаагаар төрийн мэдлийн ч бай, хувийн ч бай хүмүүс нуух ёстой, ёсгүй зүйлээс санаа зовж, зарим нь амгалан байдаг байх. Хүн бүрд л оногдсон үүрэг даалгавар, хийх ёстой ажил өмнө нь байгаа. Гэхдээ мэдээлэл нууцлах шалтгаан байсан бол өндөр хамгаалалттай дамжуулах байсан болов уу. Энэ бол миний л хувийн бодол.
-Хэрэв тэр таны өрөөнд энэ талаар ярилцмаар байна гэвэл?
-Тэгвэл би таны асуусан бүхий л асуултыг өөрт нь тавиад сууж байх байсан байх. Тэгээд бүхнийг Хилларид үлдээнэ. Эсвэл би таны оронд ярилцлага хийгээд сууж байх байсан байх.
-Яг одоо та бид хоёр л энэ өрөөнд ярилцлага хийгээд сууж байна. Та Жое Байденийг энэ удаагийн Ерөнхийлөгчийн өрсөлдөөнд ороосой гэж бодож байна уу?
-Би түүнийг яг таны хэлсэн шиг шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Бас түүнийг АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн албыг түүхэнд хамгийн урт хугацаагаар хашсан гэсэн нэрийг зүүхийг би хармааргүй л байна. Түүнийг дэмжиж байгаа. Учир нь би түүнийг дэд Ерөнхийлөгч байх хугацаандаа маш их ажил хийсэн гэж дүгнэж байна. Түүний хийсэн ажлыг өөр хэн хийж чадах байсан бол гэж би заримдаа эргэлзэж суудаг. Тэр миний хажууд суугаад төрийн асуудал шийдэж байхдаа дотроо “Би ч сайн зүйл, сайн ажил хийж байгаа юм байна” гэсэн бодолтой байдаг юм шиг санагддаг шүү. Тэр бол сайн улстөрч, сайн дэд Ерөнхийлөгч.
-Конгрессийн талаар ярилцмаар санагдлаа. Та Жон Бойнерийг санах байх даа?
-Бид хоёр бүх зүйл дээр санал зөрөлддөг. Ялангуяа, нийгмийн тогтоосон хууль журам дээр маш их маргаан үүсдэг. Түүний хувьд нийгмийн тогтоосон хууль журам огт хамаагүй мэт байдаг нь намайг залхаадаг. Тэр бидний ардчиллыг 100 хувь үл тоодог. Бид хоёрт ижил төстэй зүйл байгаа гэж би хэлэхгүй. Гэвч бид хоёр ярилцаж, ямар нэг зүйлийн ард хамтдаа гарч болох талаар би түүнд хэлдэг. Ганц Жон Бойнер гэлтгүй конгресс дотор хэсэг бүлэг хүмүүс бий. Тэд Засгийн газар болон АНУ-д ямар нэг асуудал үүсч, шийдвэр гаргаж чадахгүй байдлыг өөрсдөдөө ашигтай мэт байдал үүсгэдэгт нь би дургүй. АНУ-ын асуудал ихсэх тусам тэд сайжрах юм шиг асуудалд ханддаг нь миний уурыг бардаг.
-Та конгрессын шийдвэрээр ямар нэг зүйлийн ард гарч, асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэдэг үү?
-Конгрессын үйл ажиллагаа, гаргасан шийдвэр зэрэг нь сүүлийн нэг, хоёр цаашлаад гурав дөрвөн жилийн хугацаанд үр дүн дагуулсан гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ эдийн засгийн хүнд он жилүүдэд нэмэр биш нэрмээс болж байсан шийдвэрүүд биднийг хойш татсан үе бий. Орчин үед хэрэгтэй илүү ирээдүйгээ харсан шийдвэрт бодолтой хандах нь тэдний үүрэг гэж бодож байна. Яг өнөөдрийн байдлаар манай улсын эдийн засаг бодож байснаас илүү хүчтэй байгаа нь үнэн. БНХАУ, Европ гээд санхүү эдийн засгийн салбарууд бүгд л асуудалтай байгаа. Хэрэв бид Засгийн газраа ямар нэг шийдвэрийн дагуу тараах юм бол нөхцөл байдал бүр ч хүндэрнэ. Улс орнуудын эдийн засгийн сүлжээ нуран унах болно. Жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхэлдэг Засгийн газрыг дэмждэг байгууллага хямралд илүү өртөнө. Гарах үр дагавар нь илүү аюултай болж таарч байгаа юм. Түүнээс биш хүссэн үедээ Засгийн газраа тараагаад шинэ Засгийн газар байгуулдаг нийгэм байсан бол бүгд тэгэх байсан. Өнгөрснөө биш ирээдүйгээ тооцоолж байх нь чухал. Их гүрний дотоод эдийн засгийн чадамж, чадвар нь том байж улс орнуудад өөрсдийн байр суурийг улам бэхжүүлэх суурь тавигдана гэдгийг л конгресс дутуу хараад байгаа юм шиг. Бидэнд олон сонголттой шийдвэр, төлөвлөгөө хэрэгтэй. Боломжит гарцыг сонгох олон хувилбартай байх ёстой.
-Хэдэн сарын өмнө тэргүүн хатагтай таныг дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй болсонд баяртай байгаа талаар хэлсэн?
-Тэр тэгсэн гэж үү.
-Та түүнтэй адилхан бодолтой байна уу?
-Юу гээч. Энэ их сонирхолтой зүйл. Та сүүлийн жил ажиллаж байгаа ч түүнийгээ мэдэхгүй байх гэж хичээхтэй адил зүйл. Нэг жил үлдсэн ч дараагийн Ерөнхийлөгчид өөрийн хийсэн бүхнийг үлдээх ухаан АНУ-ын түүхэнд байсан гэж би боддог. Би ч дахин олон зүйл, олон ажил хийхийг хүсэж байна шүү. Гэхдээ цаг нь ирэхээр би ажлаа хүлээлгэн өгнө. Миний явах цаг ирнэ. Тийм учраас бид бүхэн Жорж Вашингтон Ерөнхийлөгчийг хамгийн агуу хүн гэж нэрлээд байгаа юм. Оргилд гарсан ч бууж л таарна гэсэн түүний ухаан гайхамшигтай байсан. Би Ерөнхийлөгчийн суудлаас бууж, эргээд АНУ-ын иргэн болно. Ерөнхийлөгч байхдаа би юу хийж чадаагүй, юу хийж чадсан гэдгээ эргэн харах болно. Ардчилсан нийгэмд би маш олон зүйл хийж чадсан гэдгийг л мэдэж байхад надад хангалттай. Энэ сэдвийн талаар л битгий асуугаарай. Маш өргөн хүрээний яриа дахиад эхлэх гээд байна. Найман жилийн өмнө би ажлаа аваад их зүйл амжуулсан байна. Энэ бүхэн эрүүл бас сайхан харагдаж байгаад баяртай байна.
-Хэрвээ ямар нэг байдлаар та дахиад нэр дэвших боломж гарч ирвэл, ямар нэгэн байдлаар шүү. Та дахин сонгогдоно гэж бодож байна уу?
-Тийм.
-Та тэгнэ гэж үү?
-Би тэгнэ.