Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элэг хөшим тэнэг хэргүүд

Бага ч гэсэн инээд стресс, ядаргаа тайлах маш их хүчтэй байдгийг олон тооны судалгаа нотолсон байдаг. Иймд стрессээ тайлан, муу бүхнээ ардаа үлдээхийг хүссэн хүн бүхэнд инээцгээ гэж сэтгэл судлаачид зөвлөдөг. Бид ч энэ зөвлөгөөг даган танд стрессээ тайлахад тус болж, хамгийн санаанд оромгүй тэнэг гэмт хэрэг, тэдгээрийг үйлдсэн лут “ухаантай” хүмүүсийн талаарх бяцхан зүйлийг хүргэж байна.

Хайнгын гай
Америкийн Калифорни дэх Макдоннель Дуглас компани гурван ажилтан банк дээрэмдэхээр шийджээ. Энэ гурав зүгээр ч компанид биш харин сансар, нисэх онгоцны компанид ажилладаг ухаантай хүмүүс байсан болохоор цайныхаа цагаар дээрэм хийчихээд баригдах магадлал хамгийн өндөртэй эхний хэдэн цагийг компанийхаа цайны газарт гэмгүй царайлан сууж өнгөрөхөөр шийджээ. Ингээд хэдэн долоо хоногийн туршид багаа яаж өмсөх, буугаа яаж гаргах, хэрхэн зугатах зэргийг бэлтгэлийг секнуд хэмжичг барьж байгаад маш сайн давтасны эцэст дээрмээ хийжээ. Дээрэм ч амжилттай болж ямар ч алдаа гаргасангүй. Тэгээд компанийхаа цайны газар гэмгүй царайлан сууж байтал нь цагдаа ирж баривчлахад гайхахын ихээр гайхжээ. Тэгтэл компани нэр, өөрсдийн нэр, албан тушаал зэргийг бичсэн энгэр дээрээ зүүж явдаг тэмдэгээ дээрэм хийх үедээ авахаа мартчихсан байсныг нь банкны камерууд бичээд авчихсан байсан байжээ. Хамаг мэдээлэл нь энгэр дээр нь зүүлттэй байхад мянга бага өмсөж, зугатаад, гэмгүй царайлаад ямар нэмэр байх вэ дээ.

Сурлага муутайн гай
Сан Франциско хотод аж төрдөг, хичээл сургуульдаа тааруухан байсны улмаас тодорхой эрхэлсэн ажил төрөлгүй Пол гэгч залуу дээрэм тонуултай кино үзсээр байгаад нэг өдөр банк дээрэмдэн ядуурлаас гарахаар шийдсэн байна. Тэгээд кинонд гардаг шиг цаасан дээр бэлэн мөнгө шаардсан бичгийг теллерт нь өгч айлгаад, хамаг мөнгийг нь хамаад зугатахаар шийдсэн байна. Ингээд цайны цаг болохын өмнөхөн “Бэнк оф Эмерика” –ийн нэгэн салбарт орж ирээд орлогын мэдүүлэг нэгийг авч байгаад ард нь бэлэн мөнгө шаардсан шаардлагаа биччихээд үйлчлүүлэхээр дугаарлсан хүмүүсийн дугаарт орон зогссон байна. Хэсэг зогссоны дараа шаардлага бичиж байсан ширээнийх нь дээр камер зоолттой байсныг олж хараад ихэд сандарч, өөр банкинд очиж азаа үзэхээр шийдэв. Үүнийхээ дараа замын эсрэг талд байрласан “Вэллс Фарго” банкны салбар руу ороод теллерт нь өмнө нь бичсэн бичгээ сарвайжээ. Гэтэл гай болж “Бэнк оф Эмерика”-ийн орлогын мэдүүлэг дээр “Эн бол дэрэм. Бүх мөнгийг шудаанд хий” гэж бөөн алдаатай бичсэн байснаа сурлага муутай болохоор огт анзаараагүй байж. Харин банкны теллер түүний бичсэн шаардлагыг уншаад сэтгэцийн өвчтэй хүн байна гэсэн дүгнэлт хийгээд инээдээ барьж ядан байж өөр банкны орлогын мэдүүлэг дээр бичсэн шаардлагын дагуу мөнгө яагаад ч өгч чадахгүй, мөнгө үнэхээр л авах гээд байгаа юм бол наад банкныхаа салбар дээр очиж ав, үгүй бол одоохон манай банкны орлогын мэдүүлэг дээр шинээр хуулж бич гэж хэлжээ. Сурлага муутай Пол хэсэг хугацаанд бодлогширсноо теллерээс уучлал гуйгаад банкнаас гарч явсан байна. Үүнээс хэдхэн минутын дараа түгшүүрийн дохиогоор ирсэн цагдаа нар сурлага муутай Полыг “Бэнк оф Эмерика”-ийн өөр нэгэн салбарт нөгөө бичгээ барьчихсан дугаарлан зогсож байхад нь барьж авсан байна.

Туршлагагүйн гай
1991 оны гуравдугаар сард зургаан англи залуу 12 сая фунт тээж явсан банкны машин дээрэмдсэн нь үнэхээр том хэрэг байлаа. Тэд отолт хийж байгаад машиныг зогсоож, хамгаалагчдын зэвсгийг хурааж авчихаад мөнгөтэй машиныг унан ой руу амжилттай зугатаж чаджээ. Тэгээд ойд очиж байгаад машиныг нээж мөнгөө авахаар үзэж гарчээ. Гэтэл тэд хуягласан машиныг автогенээр зүсч авдаг гэхээс өөр ямар ч дадал, туршлагагүй гэдгээ мартсан байжээ. Ингээд автогенээ асааж авч байгаад машиныг хэдэн талаас нь огтолж эхэлтэл удалгүй машин тэр чигээрээ галд автан дүрэлзсэн асах нь тэр. Галыг унтраах гэж хэсэг үзээд дийлэхгүй болохоор ядаж галт дотроос мөнгөтэй ганц хоёр уут авч гарах гэж байгаад бүгд түлэгдсэн байна. Түлэгдэнэ гэдэг тун ч яггүй хэрэг болохоор мань зургаа ойролцоох эмнэлэг орсон нь мэдээж. Хүлээж авсан эмч нь мэдээж хэрэг цагдаа дудаад зургаан хэрэгтэн баригдах нь тэр. Энэхүү түймэрт 1 сая фунт шатаж үгүй болсон болохоор энэ зургаан хэрэгтэн нь 20-р зууны түүхэнд хамгийн өндөр өртөгтэй түймэр тавьсан хэрэгтнүүдээр тодорсон юм.

Дүрдээ хэт итгэхийн гай
Парис хотоос холгүйхэн оршдог нэгэн жижигхэн хотод амьдардаг байсан гурван залуу дээрэм тонуултай кино үзсээр, сүүлдээ өөрсдийгөө жинхэнэ дээрэмчид мөн гэдэгт эргэлзэхээ больтлоо итгэжээ. Тэгээд гурвуулаа дээрэм хийхээр шийдэж буу барин ойролцоох банкны салбар руу харайлгасан байна. Гэтэл дүрдээ хэт их орж, хар эрчээрээ гүйж байсан гурав банкны эргэлддэг үүдээр орох гээд учраа ололгүй аргагүй эрхэнд хоёр гурван минут дотор нь гүйх нь тэр. Тэгсээр дотогш орж чадахгүй эргэдэг хаалганд түгжигдэлтэй нь биш гэж бодоод аргагүйн эрхэнд арай гэж нэг юм гадагш гарчээ. Амьсгаагаа дарж байгаад дараагийн оролдлогоор дотогш ороод буу гаа савчин байж 100 мянган франк нэхэж эхэлсэн байна. Гэтэл урд нь хаалгыг зогсоож чадахгүй тэнэгтэж байхыг нь харж элгээ хөштөл инээсэн банкны ажилчид нөгөө гурвын мөнгө нэхэхийг нь хараад тоглож байна гэж ойлгоод бүх газар эвхэрэн унахаас наагуур инээлдэж эхэлжээ. Ингэнэ чинээ бодоогүй байсан дүрдээ итгэсэн гурван залуу балмагдаад хэт их мөнгө нэхсэн болоод шоолуулаад байна гэж бодоод нэхсэн мөнгөнийхээ хэмжээг буулгасаар гурван минутын дараа гэхэд зуун мянга биш нэг мянган франк нэхэж эхэлжээ. Гэвч ажилчтнуудын инээд тасрахгүй байсанд дээрэмчдийн ахлагч нь асар ихээр уурлан теллерийн өмнөх давцан дээр үсрэн гараад буугаа тулгах гэтэл эрчиндээ халтирч унаад хөлөө хугалж орхиж. Нөгөө хоёр нь ахлагчаа ясныг хараад зугатсан ч ахиад л эргэлддэг хаалган дотор гацчихаж.

Шуналтайн гай
Аризоны мужийн Робин Жаспер гэгч нөхөр банкны жижиг салбар энэ тэр дээрэмдэхийг цагаа дэмий үрсэн хэрэг гэж үздэг байжээ. Тиймээс ганцхан удаа мужийнхаа хамгийн том банкийг “цөм дэлбэлээд” насан туршдаа идэх мөнгөтэй болохоор шийдсэн байна. Ингээд олон өдрийн турш муж улсаараа машинтайгаа тэнэсээр “Blood bank” гэсэн томоос том бичигтэй, том байшинг нүдлээд авч. /Энэ нь уг нь бол хүмүүсийн доноруудын цусыг худалдан авч хадгалдаг цусны банк буюу цусны төв юм./ Дээр нь мань хүний нүдэлсэн банк нь тав дахь өдрийн үдээс хойш хаагаад, нэгдэхийн өглөө нээгддэг байсан нь бүр ч сэтгэлд нь нийцсэн байна. Энэ бүх ажиглалтынхаа дараа мань хүн нэгэн тав дахь өдрийн орой лайтай том банкыг лайтай их мөнгөөр шатаах ажлаа хэрэгжүүлэхээр ханцуй шамлан дайрчээ. Робин нь банк руу агааржуулах хоолойгоор дамжин орохоор шийдсэн байна. Гэтэл нарийхан хоолойгоор хэдхэн см мөлхөөд л хамаг тамираа барчихаад байж байтал нь хоолой нь гэнэт цөмөрч мань эр банкны офисын өрөөнд дотор газарджээ. Газардах газардахдаа тун ч амжилтгүй газардсан байна. Мань эрийг нэгдэхийн өглөө офисын ажилтнуудын тусгаарладаг нэгэн таславчин дээр салтаагаараа суучихсан ухаагүй байж байхыг нь олсон аж. Гэхдээ мань эр нэг талаар азтай гэж болох юм. Учир нь таславчин дээр салтаагаараа мордон унаснаас болоод Робиныг цаашид хүүхэдтэй болох боломжоо бүрмөсөн алдсан гэдгийг мэдээд банкны эзэн нь гомдолгүй гэж мэдэгдээд хэцүү нэртийнд хэдэн жил суухаас нь аварчээ.

Тэнэгийн гай
Канадын Питерборо нэртэй хотод оршин суудаг Жералд Диксон гэгч гэмт хэрэгтнийг өмгөөлөгч нь засрашгүй тэнэг, хөлдүү гэдгийг нь баталсан болохоор шүүх хэргийг нь цайруулсан байна. Яагаад засрашгүй хөлдүү вэ гэхээр ингэсэн байгаа юм. Мань эр Уитби нэртэй хотод байдаг Монреалийн банкны салбарыг дээрэмдэхээр шийджээ. Тэгээд уулын цанын хэрэгсэл зардаг дэлгүүр ороод цаначдын өмсдөг дуулга, шил, бага худалдан авсан байна. /Наймдугаар сард шүү дээ. Ид халуунд уулын цанын бага авч байгаа хүнийг худалдагч тун ч сайн тогтоож авах нь мэдээж./ Зүгээр ч нэг авсангүй авсан даруйдаа багаа дэлгүүрт өмсөж аваад гарсан аж. /Цанын бага өмссөн хүн дээрэм хийсэн тухай зурагт, хэвлэлээр мэдэгдэхээр яана гэж бодсон юм байгаа юм бүү мэд/ Ингээд багаа тайлалгүйгээр банк орж амжилттайгаар дээрэм хийчихээд хоёр цагийн дараа нөгөө банкиндаа эргэж ирээд данс нээлгэхээр болжээ. Дансандаа хэдий хэмжээний мөнгө хийх вэ гэсэн ажилтын асуултын хариуд нь дээрэмдсэн 2600 доллараа хийж гарсан цүнхээ нээж үзүүлээд “2600 доллар бэлнээр нь хийнэ” гэж хариулсан аж.

Тачаангуйн гай
Мельбурн хотод амьдардаг дөрвөн залуу хотдоо л алдартай бэлгийн сулрал эмчилдэг эмнэлгийг дээрэмдээд тачаангуйгаасаа болж нэг хоногийн дараа баригдсан байдаг. Дөрвөн залуу эмнэлгээс нэлээд хэдэн мянган австрали долларыг, хуял тачаал сэргээдэг маш хүчтэй хэдэн эмийн хамт авч зугатсан юм байж. Тэгээд яасан бэ гэхээр нас залуу болохоор авсан мөнгөөр нь зүгээр нэг наргичихсангүй мундаг тачаангуй гэдгэ хүүхнүүдэд харуулахыг хүсч нөгөө эмнүүдийг хэд хэдээр нь давхарлан ууцгаасан байна. Тэр эмнүүд нь Виагратай адил боловч үйлчлэх хугацаа нь хэдэн өдрөөр үргэлжилдэг маш хүчтэй эм байсныг мунаг залуус яаж мэдэх билээ. Ийм эм уусан цоо эрүүл хүний нөгөөх нь хөвчрөөд хоёроос гурван өдрийн турш буулгүй тав тухыг алдуулан тун ч эвгүй байдалд оруулдаг үйлчилгээтэй байжээ. Ингээд цагдаа нар “маш ичингүйрсний дээр ихэд ядарсан царайтай” залуучуудыг хайж байна гэсэн зар тараасны дараа тун удалгүй баригдацгаажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан