Богц дүүрэн медальтай ирсэн баг тамирчдыг төлөөлүүлэн “Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгатай ярилцсанаа хүргэе.
-Пауэрлифтинг гэхээр хүмүүс сайн мэдэхгүй байх.Хүндийн өргөлттэй андуурах гээд байдаг талтай?
-Магадгүй. Пауэрлифтинг бол хүчний гурван төрөл буюу хэвтээ шахалт, нуруун дээр штанг тавиад босох буюу нуруун дээрх суулт, газраас таталт гэсэн хүний хүчний гол гурван үзүүлэлт дээр тулгуурладаг спорт.Хүндийн өргөлтөөс асар их ялгаатай. Энэ спортыг 100 хувь хүчнийх гэж хэлж болно.
-Холбооны үүсэл хөгжлөөс сонирхвол?
-Манай холбоо 2003 онд байгуулагдсан. Азийн аваргаас ахмад тамирчин Хөхөө алт, Мөнх-Эрдэнэ хүрэл медаль тус бүр хүртэж эх орондоо Монголын пауэрлифтингийн анхны медалийн шанг татаж байсан түүхтэй. Үүнээс хойш медалийн буухиа тасралтгүй үргэлжилсээр байна. Анхны улсын аваргыг 2005 онд зохион байгуулснаас хойш энэ спортоор хичээллэх залуусын тоо эрс өссөн.
-Залуучууд хэр их хичээллэж байгаа бол.Үүнээс байнгын бэлтгэлтэй тамирчид?
-Сонирхон хичээллэдэг 6000 гаруй тамирчин байгаагаас 500 гаруй нь байнгын бэлтгэлтэй, тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож байна. Зөвхөн хотод гэлтгүй орон нутагт ч маш эрчимтэй хөгжиж байна.Хотод л гэхэд 20 гаруй клуб байнгын үйл ажиллагаагаа явуулж байгаа болӨвөрхангай, Төв, Дархан, Эрдэнэт, Увс, Хөвсгөл, Багануур, Замын-Үүдийн залуус ч идэвхтэй хичээллэж байна.
-Эмэгтэй тамирчид хэр их байдаг вэ?
-Байлгүй яахав. Нийт тамирчны 20 гаруй хувь нь эмэгтэй. Саяхан Швед улсад болсон Дэлхийн аваргаас Өвөрхангай аймгийн тамирчин Орхонтуул хүрэл медаль хүртсэн. Одоо 16 настай, ирээдүйтэй тамирчин байгаа.
-Манай тамирчдын чансаа дэлхийн хэмжээнд хэр байна?
-Колорадод болсон тэмцээн бол мастер зэрэглэлийн, 1-4 хүртэлх ангиллын тамирчид оролцдог үзүүлэлт өндөртэй тэмцээн. Манай тамирчид 21 оноогоор 20 гаруй орны 220 тамирчдаас жагсаалтаар зургадугаар байрт эрэмбэлэгдсэн. Энэ бол том үзүүлэлт. Олон жилийн туршлагатай Европын орнуудыг хойноо хаяж чадсан.
-Тамирчид хэчнээн бэлтгэлээ хангаад ч зардалгүй бол уралдаан, тэмцээнд оролцох боломжгүй. Санхүүгийн асуудлаа яаж шийдвэрлэж байна вэ?
-Улсын зүгээс ямар нэгэн хангамж, тусламж үзүүлдэггүй. Тэмцээн уралдаанд оролцохдоо тамирчид хувиасаа зардлаа гаргадаг. Гадаадад байгаа монголчууд маань тэмцээний үеэр бидэнд их тусалж дэмждэг.Америкт болсон тэмцээний үеэр тэнд ажилаж, амьдарч байгаа нутаг нэгтнүүд маань маш их тусалсан. Энэ дашрамд баярлалаа гэж хэлье. Азийн аварга шалгаруулах тэмцээнд явсан манай гурван тамирчин гурвуулхнаа Оманы Мускант хотруу явсан. Уг нь эмч, дасгалжуулагч гээд бусад албаныхан явах хэрэгтэй байдаг ч зардлаас болоод явж чадаагүй.