Улс орон даяар өнгөрсөн баасан гаригаас ням хүртэлх гурван хоногт ЭЕШ болж, олон мянган төгсөгч хүүхдийн хувь заяаг шийдлээ. Энэ жил шалгалт өгөхөөр 43087 шалгуулагч бүртгүүлсэн ч 6325 нь ямар нэгэн шалтгаанаар өгч чадсангүй. Харин шалгалт өгсөн хүүхдүүдийн хувь заяа хааш эргэх нь эргэлзээ төрүүлсээр. Хэдийгээр энэ удаагийн шалгалт өмнөх жилүүдийнхийг бодвол маш сайн зохион байгуулалттай, хяналттай болсон гэх хүн олон байгаа ч нөгөө талаас нь аваад үзвэл бас тийм биш юм аа. Сүүлийн шалгалт дуусаад дөнгөж гурав л хонож байхад элдвийн асуудлууд ар араасаа ундрах нь тэр. Зохион байгуулалт муутай байсан, шалгалт цагтаа эхлээгүй, хүүхдүүд нэг нэгнээсээ хуулсан, номноос харж хуулаад байхад шалгалтын комиссынхон юу ч дугараагүй, тест задарсан, шалгалтын материалууд алдаатай байсан гээд олон гомдол араасаа дагуулах шиг болж байна. Харин энэ бүгдэд Боловсролын үнэлгээний төвийнхөн “Зарим төвд хуваарилагдсан багш нар энэ жил анх удаа ажилласан болохоор хяналт муу тавьсан байж магадгүй. Та бүхний шүүмжлэлийг хүлээж авлаа. Баярлалаа” гээд эелдэг гэгч нь хариулж байна. Олон мянган хүүхдийн хувь заяа хэрхэхийг шийдэж буй улсдаа ганц төв нь долоон жил элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулж ирчихээд “Уучлаарай бидний буруу” гээд хээвнэг хариулж байгаа нь хэр зохимжтой юм бол. Тэдний болчимгүй алдаанаас болж залуучууд хохироод үлдэж мэдэх. Ингээд Увс аймгийнхан ЭЕШ-аа зохион байгуулж чадаагүй, будлиантай болсон гэх мэдээллийн дагуу тус аймгийн Боловсрол соёлын газрын даргатай холбогдож дараахь тодруулгыг авлаа.
Г.Цэрэндулам: 600 материал дутуу ирүүлсэн
-Танай аймагт ЭЕШ нэлээд будлиантай болсон, цагтаа эхлээгүй гээд олон асуудал гарсан байх юм. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнээс тодруулсан нь дээр байх.
-Хамгийн гол нь би танаас л тодруулмаар байна. Та чинь БСГ-ын дарга нь шүү дээ?
-Шалгалт цагтаа эхлээгүй гэдэг нь үнэн. Гэхдээ орон нутгаас шалтгаалсан нэг ч зүйл байгаагүй шүү. Манай аймгаас ЭЕШ өгөхөөр 1515 шалгуулагч бүртгүүлсэн. Харамсалтай нь, шалгалтаа эхлүүлэх гээд лацтай хайрцгаа задлаад шалгалтын материалуудыг нь тоолтол 600 дутуу байсан. Тэгээд энэ тал дээр Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Ганбат шуурхай ажиллаж нөөцөлж боловсруулсан сэдвээсээ гаргаж ирсэн байгаа.
-Нөөцийн сэдэв гэж байдаг хэрэг үү?
-Ямар нэгэн асуудалтай тулгарвал гаргаж ирдэг юм билээ. Зарим сэдвийг нь хувилах гэж нэлээд цаг зарцуулсан. Ийм л учраас цагаасаа хоцорч шалгалтаа эхлүүлсэн хэрэг.
-Танай аймагт хэчнээн хүүхэд шалгалт өгөх талаархи мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийнхөн авсан биз дээ?
-Авалгүй яахав. Хайрцаглахдаа л дутуу хийчихсэн юм шиг байна билээ. Хариуцлагагүй байгаагийн шинж л дээ. Өмнө нь БҮТ-ийнхөн лацтай шалгалтын материалаа аймгийн цагдаагийн газарт хүлээлгэж өгдөг байсан. Энэ жил Тагнуулын ерөнхий газраар дамжуулж явуулсан. Энэ талаар бид өмнө нь огт сонсоогүй. Шалгалтын өмнө л мэдэгдсэн юм. Тэгээд ч шалгалт эхлэхээс өмнө бид лацтай хайрцгийг задлах эрхгүй болохоор дутуу гэдгийг нь мэдсэнгүй.
-Ер нь, өмнө нь иймэрхүү алдаа гардаг байв уу?
-Ийм олон тооны материал дутаж байсан удаа байхгүй. Яахав ганц нэг дутуу ирсэн тохиолдол гарч байсан л даа.
-Өөр ямар нэгэн асуудал гарсан уу?
-Дутагдал гэмээр нэг асуудал байна. Боловсролын үнэлгээний төвийнхөн шалгалт авах багш нарын хөлсийг гурван мянган төгрөгөөр бодчихсон байсан. Үүнээс болж шалгалт авах багш олдохгүй хүндрэл учирсан. Бүр ажил хаях дээрээ хүртэл тулсан гээд бод доо. Энэ мэт асуудал дээр БҮТ-ийнхөн цаашид анхаарах хэрэгтэй болов уу.
Энэ мэтээр Боловсролын үнэлгээний төвийн үйл ажиллагаа, хариуцлагагүй байдалд шүүмжлэлтэй хандах хүн олон байна. Шалгуулагчдын зарим нь “Боловсролын үнэлгээний төвийнхөн ажлаа хийдэггүй нь харагдаж байна. ЭЕШ-д дэндүү хариуцлагагүй хандлаа. Зарим хянагч багш нь шалгалтын материалаа яаж битүүмжлэхээ ч мэдэхгүй байна билээ. Математикийн шалгалтыг 100 минут авах ёстой байтал санамж, шалгалтын дэвтэр дээрээ 80 минут гэж бичсэн байсан. Энэ алдаанаас нь болж зарим төв шалгалтаа 80 минут авсан байна. Мөн зарим бодлогынх нь хариу байгаагүй. Шалгалтын цаг болчихоод байхад материалаа ч задлахгүй байсан” гэдэг гомдлыг нэг бүрчлэн тоочиж байна билээ. 40 мянга шахам хүүхдийг хооронд нь өрсөлдүүлж амьдралыг нь шийдэж байж энэ мэтээр дэндүү хариуцлагагүй хандаж болно гэж үү. Ингээд бодохоор долоон жил шалгалт зохион байгуулж ирсэн БҮТ-ийнхөн энэ хугацаанд туршлагажаагүй байна гэдэг нь тэднийг ажилдаа хэрхэн ханддагийн илрэл биз. Жилдээ ганц авдаг улсын шалгалтынхаа материалыг ч олигтой бэлтгэж чадахгүй байгаа мэргэжилтнүүдтэй байснаас БҮТ-ийг тэр чигт нь татан буулгачихвал яасан юм бэ.