Ерөнхий боловсролын зарим сургуулийн захиргаа “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчдийнхээ өмнөх жилийн гэрээг дахин сунгасан нь хууль бус шийдвэр болж байна гэх гомдол АТГ-т иргэдээс ирүүлжээ. Гомдлын мөрөөр нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн 49,50, Хан-Уул дүүргийн 18, 115,41, Сүхбаатар дүүргийн 6, Баянзүрх дүүргийн 111, 33, Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуульд шалгалт хийж, сурагчдад халуун хоол ундаар огт үйлчлэхгүй байх, бага насны хүүхдэд худалдаалахыг хориглосон нүүрс ус сахарын хэт өндөр агууламж бүхий бараа бүтээгдэхүүнийг худалдах, түүхий эд нь шинжилгээний бичиггүй, ажилчид нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, ариутгал хангалтгүй зэрэг маш олон зөрчил илрүүлсэн байна. Тиймээс эдгээр сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар болон Боловсролын газарт албан бичгээр үүрэг болгосон байна.