Цэргийн хамтын ажиллагааны ил тод байдалд түлхэц болох зорилгоор Туркийн нутаг дэвсгэр дээгүүр ОХУ-ын цэргийн шинжээчид энэ долоо хоногт ажиглалтын нислэг хийнэ гэж тус улсын Цөмийн аюулыг бууруулах үндэсний төвийн тэргүүн Сергей Рязков мэдэгдэв.
“Нээлттэй тэнгэр” гэрээний хүрээнд ажиглалтын нислэгийг энэ сарын 12-16-нд хийх бөгөөд Диярбакыр хот дахь нисэх онгоцны буудлаас үйлдэнэ. Энэ удаагийн нислэг ОХУ-ын энэ жилд гэрээнд нэгдсэн орнуудын нутаг дэвсгэр дээгүүр хийж буй ажиглалтын 33 дахь нислэг болж байна.
Туркийн шинжээчид нислэгийн бүхээгт байлцаж, гэрээнд заасан ажиглалтын төхөөрөмжийг ОХУ-ын мэргэжилтнүүдийн ашиглаж байгаа болон нислэгийн параметрийг дагаж мөрдөж байгаа эсэхийг хянана гэж мэдэгдэлд дурджээ.
Энэ сарын 3-нд ОХУ-ын “Су-30” сөнөөгч онгоц Туркийн агаарын орон зайд нэвтэрсэн нь цаг агаарын таагүй байдлын улмаас болсон гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.
Энэ хэрэг хоёр орны харилцаанд нөлөөлөөгүй бөгөөд цаашид ийм зүйл болохгүй гэсэн баталгааг ОХУ өгсөн гэж Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгдсэн байна.