“Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадигийн явж байсан автомашины цуваанд агаараас цохилт өгсөн тухай урьд нь мэдээлсэн билээ. Мэдээллийн ИРНА агентлагийн мэдээлж буйгаар, агаарын цохилтын үеэр түүний гурван орлогч болох аль-Шишани, аль-Сури, аль-Карбули нар амиа алдсан бөгөөд аль-Багдади өөрөө шархаджээ.
Аль-Шишани “Лалын улс”-ын суртал ухуулга явуулах ажлыг хариуцдаг байсан бол аль-Карбури тус бүлэглэлийн шилдэг командлагчдын нэг байсан гэж ИРНА агентлаг эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжилж байна. Тус агентлагийн эх сурвалжийн хэлснээр, Иракийн нисэх хүчин босогчдын цуваанд толгойлогч нь явж байгаа гэх мэдээллийг авмагцаа цохилт өгчээ.
Сири улстай хил залгаа Иракийн баруун хойд нутагт оршдог Эль-Каим хотод агаараас цохилт өгөх үеэр ал-Багдади шархадсан гэж тус улсын Ерөнхий сайд Хайдер аль-Абади энэ оны эхээр мэдэгдэж байжээ. Тухайн үед “Лалын улс”-ын толгойлогч золоор амьд үлдсэн гэж Иракийн Засгийн газрын тэргүүн хэлсэн байна.
Абу Бакр аль-Багдадиг 1971 онд Иракийн Самарра хотод төрсөн гэж үздэг. Тэрбээр Ойрхи Дорнодод лалын халифт улс байгуулах зорилгоор өөрийнх нь цэргийн амжилтад урамшсан дэлхийн бүх босогчдыг цуглуулсан юм. Түүний толгойг авчирсан хүнд АНУ-ын эрх баригчид 10 сая доллар амлажээ.