Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хотын даргын захирамж нохой хуцахын дайтай юу

А.АКЭРКЭ

М.Энхболдыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч байхад буюу 2005 онд тусгай зөвшөөрлийг нь өгч байсан “Чинхур” бүрэн дунд сургуулийн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох шийдвэр одоогоос сар гаруйн өмнө гарсан. Тодруулбал,  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын долдугаар сарын 07-ны өдрийн 02-03/2163 дугаартай албан бичиг, улсын байцаагчийн хэд хэдэн дүгнэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн “АБЦ”, “Шонхор”, Чингэлтэй дүүргийн “Чинхур”, “Цахим эрин” сургуулийн тусгай зөвшөөрлийг наймдугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон билээ. Тухайн үед тусгай зөвшөөрлөө хүчингүй болгосон сургуулиудын захирал нартай холбогдоход энэ талаар сонсоогүй, мэдээгүй гэсэн тайлбар өгч байв. Харин Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир “Манай дүүрэгт харьяалагддаг “Чинхур”, “Цахим эрин” сургуулийн сургалтын менежерүүд албан ёсоор захирамжаа ирж авсан. Хамгийн гол нь тухайн сургуулиудад сурч байгаа хүүхдүүдийг л хэрхэх нь  асуудал болчихоод байна. Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт зургадугаар сарын 26-нд гараад долдугаар сарын эхэнд нийслэлийн Боловсролын газарт албан ёсоор хүргэгдсэн байдаг. Гэтэл өнгөрсөн сарын 26-нд манай хэлтэст ийм дүгнэлт ирсэн.

Сургуулиуддаа мэдэгд гэсэн албан бичгийн дагуу бид сургуулиуд руу мэдэгдсэн. Татан буулгасан захирамж нь есдүгээр сарын 2-ны өдөр бидэнд ирсэн. Харин хүүхдүүдийг нь аль сургууль руу шилжүүлэх вэ гэдгийг Дагвадорж захирал бидэнтэй зөвшилцөж шийдэх ёстой” гэсэн хариу өгч байлаа.
Харамсалтай нь, тусгай зөвшөөрлөө цуцлуулсан гэх “Чинхур” бүрэн дунд сургууль өнөөг хэр нь сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа гэх. Энэ талаар тус сургуулийн үүсгэн байгуулагч Д.Содбилэг ярихдаа “Манай сургуулийн хувьд үйл ажиллагаагаа явуулж байна. Яагаад гэхээр тусгай зөвшөөрөл цуцлах албан ёсны шийдвэр гараагүй. Тэгээд ч мэргэжлийн хяналтын байгууллагаас цэцэрлэгт хийсэн шалгалтынхаа дүнгээр сургуулийг маань хаах гээд байна. Түүнээс биш манай сургууль  өөрийн гэсэн байртай, сургалтын орчин сайтай. Тэр захирамж нь аль наймдугаар сарын 27-нд гарсан юм билээ. Гэтэл манай сургуульд есдүгээр сарын 2-ны өдөр дүүргийн боловсролын хэлтсээр дамжуулж ирүүлсэн. Манай сургууль хичээлийн шинэ жилийнхээ төлөвлөгөөг гаргаад, хятад багш нараа хүртэл урьчихсан байсан.  Эргээд тэдэнд хандахаар “Манайх мэдэхгүй” гэх хариулт өгсөн. Нийслэлийн Засаг даргын санхүү хариуцсан дарга нь хүртэл тусгай зөвшөөрөл цуцлах нөхцөл алга гэж үзээд яам руу бичиг явуулсан байгаа” хэмээсэн байгаа юм. Харин энэ талаар тус сургуулийн захирал Т.Дагвадоржтой өчигдөр холбогдож тодруулахад “Манай сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалснаа эргээд сэргээх л байлгүй дээ. Одоохондоо бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй байна.  Арав гаруй жил хэвийн ажилласан сургуулийг өөрсдөө л оролдсон шүү дээ. Тиймээс асуудлыг тэд шийдэх байлгүй. Хувьсах зардал өгөхгүйн тулд л ийм арга хэрэглэсэн байх. Оновчтой арга байсангүй.  Уг нь боловсролын байгууллагыг нийслэлийн Засаг даргын боловсрол хариуцсан хүн нь л хариуцах ёстой баймаар. Ажил үүргийг нь бодсон ч тэр. Тэрнээс биш санхүү хариуцсан хүн нь боловсролын асуудал хариуцаад болно, болохгүй гэдэг нь хэр оновчтой юм бол. Энэ талаар биечилж уулзаад ярилцъя гэлээ. 

Ямартай ч тус сургуулийн хамт олон үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй нь дээрх  тодруулгаас илт. Тиймээс цаашид хэрхэх талаар Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очироос дараахь тодруулгыг авлаа.

Т.Ням-Очир: Биднийг сургуулийнхаа үүдээр ч оруулахгүй байна

-“Чинхур” сургуулийн асуудал юу болов. Одоо хүртэл ажиллаж байгаа юм байна?
-Асуудал нь шийдэгдээгүй л байна. Мэргэжлийн хяналтаас албан шаардлага хүргүүлсэн. Манай хэлтсээс хүртэл асуудлаа шийдэгдтэл үйл ажиллагаагаа зогсоо, хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалаад өөр сургууль руу шилжүүл гэсэн албан бичиг өгсөн. Гэвч асуудлыг тус сургуулийн захирал огт хүлээж аваагүй. Манай хэлтсийн хүмүүсийг сургуулийнхаа үүдээр ч оруулахгүй байна. Маш хүнд байдал үүсгэчихлээ. Өнгөрсөн баасан гарагт нийслэлийн Боловсролын газрын даргад хандсан.

-Ц.Отгонбагана даргад хандсан гэсэн үг үү?
-Тийм ээ. Танайх тусгай зөвшөөрөл олгодог, цуцлах эрхтэй байгууллага учир энэ асуудалд оролцооч ээ гэсэн хүсэлт тавьсан.

-Хүсэлтийг тань хүлээж авсан уу?
-Отгонбагана дарга энэ асуудлаар Бат-Үүл, Баттулга даргатай уулзаж ярилцана гэсэн. Дараа нь хаах эсэхээ шийднэ гэсэн. Миний ойлгосноор дарга нар нь хүлээж авч уулзахгүй байгаа юм болов уу.

-Нийслэлийн Засаг даргын санхүү хариуцсан дарга нь тус сургуулийг хаах үндэслэл байхгүй гэж. Та энэ талаар сонсов уу?
-Ёстой мэдэхгүй. Хэрвээ тийм юм бол яаралтай захирамжаа цуцалж үйл ажиллагаа явуулах эрхийг нь сэргээх ёстой.

-Ямар ч гэсэн та нарын шаардлагыг хүлээж авахыг хүсэхгүй байгаа юм байна. Тийм үү?
-Бид журнал, сурах бичиг, хувийн хэргийг нь хуваарилаагүй байна.  Статистик тоон мэдээллийг нь авах боломжгүй болчихлоо. Тиймээс тус сургууль хувьсах зардал авах боломжгүй гэсэн үг. Хавар хүүхдүүд нь төгсөх үед төгсөлтийн баримт бичиг олгохгүй гээд олон асуудал ундарна. Энэ байдлаараа яваад байвал суурь боловсролын буюу бүрэн дунд боловсролын үнэмлэх олгогдохгүй шүү дээ. Бид энэ бүрийг тоочсон бичиг өгсөн. Тоохгүй л байна. Сургууль руугаа оруулахаа ч байсан гэв.
Энэ мэтээр салбар хариуцсан байгууллагын ажилтнуудыг үл тоож буй тус сургуулийн удирдлагуудыг хэрхэх нь удахгүй шийдэгдэх биз. Гэхдээ Нийслэлийн Засаг даргын захирамж ямар үнэ цэнэтэй болохыг, хэрхэн биеллээ олдгийг дээрх жишээ бэлхнээ харууллаа. Тэгэхээр нийслэлийн Засаг дарга аа, та зангаргаа харуулахгүй л юм бол захирамж тань завхрал болоод дуусах нь байна шүү.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан