Б.БААТАР
Украин болон Сирийн өнөөгийн нөхцөл байдлын талаар АНУ тэргүүтэй барууны тоймчид өөрсдийн дүгнэлтийг гаргасан байна. Тэдний дүгнэлт, шүүмжлэл хэтэрхий нэг талыг баримталсан учраас үндэслэлтэй гэхэд эргэлзээтэй гэвэл бас худал. Учир нь тэд олон өнцгөөс ОХУ-ын алхмыг тайлбарлахыг оролдсон байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн ОХУ-ын байлдааны нисэх хүчин Сирийн газар нутагт буй лалын дайчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж, найман цэгт зэрэг цохилт өгч дэлхий нийтийн анхаарлыг татсан. Харамсалтай нь, бүх зүйл ОХУ-ын санасан шиг бүтээгүй аж. Энгийн номхон иргэд агаарын цохилтод өртсөнийг лалын дайчдын ар гэрийнхэн болон холбоотон сүлбээтэн гэж Кремль мэдэгдсэн. Гэвч АНУ-ын зүгээс “агаарын довтолгоог явуулахаас өмнө тэднийг лалын дайчдын холбоотон гэж яаж батлах юм” гэж буруутгаж буй.
ОХУ-ын агаарын нисэх хүчин довтолгоог эхлүүлэхдээ Туркийн агаарын зурваст нэвтэрч асуудлыг улам томруулсан. Үнэндээ барууны орнууд ОХУ-ын Сири дэх ажиллагааг дэмжихгүй нь анхнаасаа тодорхой байсан. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин НҮБ-ын ээлжит чуулган дээр хэлсэн үгээрээ өөрийн эхлүүлэх ажиллагааг олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн. АНУ Сирийн газар нутагт агаарын хүчинд туслах, хуурай газрын цэргийн ажиллагаа явуулах зөвшөөрөл хүсэхдээ Сирийн эрх баригчдаас биш ОХУ-ын талтай шууд ярилцах гэж оролдсон нь Башар Аль Асадыг үл тоомсорлосон хэрэг болсон юм. Тоймчид барууны санхүүжилтээр өдийг хүртэл тогтсоор байгаа гэх Сирийн сөрөг хүчин, зэвсэгт босогчид нь лалын дайчидтай холбогдоод удаж байгаа гэдгийг “баталгаатай мэдээлэл гаргаж ирэхээс нааш АНУ-ыг Сирийн босогчдод дэмжлэг үзүүлдэг гэсэн яриа нэр төрд нь халдсан бүдүүлэг үйлдэл болно” хэмээн тайлбарласан.
Сирийн нутаг дэвсгэр дээр ОХУ-аас өөр улс орны цэргийн хүчин байрлах, хамтран ажиллагаанд оролцох асуудал нь олон улсын дүрэм журам, Сирийн эрх баригчдын шийдвэрийн хамтаар хүчин төгөлдөр болох нь тодорхой гэжээ. Украины үйл явдлаас болж, Сирийн газар нутагт ОХУ “өшөө” авж байна, Сирид яагаад ОХУ тусалж байгаа вэ, Сирийн цорын ганц холбоотон орон ОХУ гэж үү, эсвэл В.Путин Башар Аль Асад хоёрын хамтын хувьсгал уу. ОХУ болон Сирийн эрх баригчид, Украинаас салан тусгаарласан хүмүүс бүгд Ардчиллын эсрэг хөдөлгөөн өрнүүлэх зорилготой ийнхүү үйл ажиллагаа явуулж байна гэж тайлбарлах хэрэг ч байна. АНУ болон барууны орнуудын оролцоо дэмжлэггүйгээр Ойрхи Дорнодод эхэлсэн “Ардчиллын шуурга” хэмээн тэд үзэх болжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар дэлхий дээр өөрсдийн ноёрхлыг тогтоохын тулд бусдын анхаарлыг татаж байгаа мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг тоймчид онцлов. Тэд Ойрхи Дорнодын холбоо, Арабын холбоо, Азийн улс орнууд болон Европын холбоо нь Сири Украины асуудалд ажиглагчийн том байр суурийг эзэлсэн хэвээр байгааг ойлгох хэрэгтэй талаар өгүүлсэн. Үнэндээ Европын холбоо эдийн засгийн хямрал, цагаачдын асуудлаас давахгүй байгаа. Харин Арабын холбоо нь Йемен дэх цэргийн ажиллагаа, бүс нутгийн үндэстэн хоорондын зөрчлийг арилгаж хүчрэхгүй байгаа. Мөн Азийн улс орнууд БНХАУ-ын эдийн засгийн хүчирхэг давалгааны цаанаас өндийж чадахгүй хөрөнгө оруулагч, хөгжлийн гарцыг хайсаар дэлхий дахинд болж байгаа үйл явдалд төдийлөн анхаарал хандуулж чадахгүй байна. Ийм үед АНУ, ОХУ өөрсдийн улс төрийн тоглолтыг чөлөөтэй хийхээс өөр таатай цаг үе байхгүйг тоймчид цохон тэмдэглэв.
ОХУ-ын зүгээс Косово, Ирак, Ливи, Украинд үзүүлсэн цэргийн болон хүмүүнлэгийн тусламж нь ямар нэг ашиг хонжоо, бодлогын чанартай нүүдэл байсаар ирсэн. Гэхдээ АНУ шиг олон улсын терроризмын эсрэг хэмээн Афганистан, Иран, Ирак, Ливи, Сири, Йемен зэрэг олон орны газар нутагт чөлөөтэй цэргийн ажиллагаа явуулсан нэг ч орон байхгүй. Тэр бүрт ОХУ тэргүүтэй холбоотон орнуудыг зүгээс үйл явдлыг мэдээлснээс шүүмжилж байгаагүй билээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хууль батлан сунгаж, шинэчилээд, 21 дүгээр зуунд орчин үеийн дарангуйлагчаар өөрийгөө өргөмжилсөн мэтээр баруунд В.Путинг хүлээж авсан ч НҮБ-ын индэр дээр түүний хэлэх үгийг дуулгавартай сонссон талаар Их Британи улсын сэтгүүлчид мэдээлж байлаа. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель АНУ-ын хамгийн том холбоотон байсан ч түүний утас болон хувийн цахим шууданг тагнаж, чагнадаг байсан үйл явдлыг мэдээд Герман АНУ-ын харилцаа таагүй болсон. АНУ-ын Тагнуулын төв газрын бодлого дэлхийн улс орнуудын тэргүүнүүд рүү чиглэсэн байсан нь жилээс жилд батлагдаж, Европын холбооны эрх баригчдын санааг зовоосон.
Дэлхий дээр ардчиллын шуурга өөр ямар орныг дайран өнгөрөх вэ гэсэн асуултыг зүүний хүчнийхэн дэлгэсэн. Сүүлийн 15 жилийг эс тооцвол түүнээс өмнөх буюу 1985 оноос 2001 он хүртэл дэлхий ертөнц анир чимээгүй дайн дажингүй, сөргөлдөх талуудгүй, эвтэй, тухтай байсан талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлсэн удаатай. Сирийн газар нутгаас гаралтай гэх цагаачдын дунд лалын дайчид байх магадлал хамгийн их гэдгийг ОХУ-ын талаас анхлан анхааруулсан. Тийм ч учраас цагаачдын асуудалд Европын улс орнууд анхааралтай байж, гэр орондоо хэнийг оруулж байгаагаа сайн мэддэг байх ёстой талаар мэдэгдсэн.
Украины асуудалд АНУ яагаад том байр суурь эзлэх болсон талаар тоймчид мөн өөрсдийн байр суурийг илэрхийлж дүгнэлт хийсэн байна. Европын холбоонд нэгдэх асуудал Украины эрх баригчдын өмнө тулгарч байсан ч холбоонд нэгдсэнээс хойш л АНУ шууд асуудалд нь оролцож эхэлсэн. Ингээд АНУ Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал ард иргэдийн эрх, мөн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах их гүрнүүдийн хамтын бодлогын хувьд Крымын салан тусгаарлалт том ан цав үүсгэсэн гэж тайлбарлах болсон. Гэвч яг үнэндээ олон улсын хүний эрхийг хамгаалах бодлогын хүрээнд, Крымын асуудал жижиг зүйл мэт боловч НҮБ-ын хэмжээнд шийдэгдэх ёстой зүйл гэдэг нь үнэн. Украины эрх баригчид дангаараа Крымын асуудлаа шийдэж чадахгүй, бүрэн тусгаар улс болж чадахгүй учраас ийнхүү олон улсаас, хөндлөнгөөс их гүрнүүд асуудалд хутгалдсанаас эхлэлтэй. Крым гэхээс илүүтэй Донецск болон Луганск хотууд Крымын талд зогсч байгаа нь нөлөөлсөн гэдэгт тоймчид санал нийлсэн. Нэг талаар ОХУ-ын эрх баригчид иргэдээ хамгаална хэмээн Украин руу цэрэг оруулсан. Харин одоо Минскийн гэрээ гэдэг зүйлээр бүхнийг дуусгах бодлого барьсан байгаа талаар барууны тоймчид үзэл бодлоо илэрхийлсэн. Минскийн гэрээгээр ОХУ дахин цэргийн бэхлэлт хийхгүй, тогтоосон хил зурвасыг давахгүй, мөн ухрахгүй, бүх зүйл ингээд л байгаагаараа үлдэнэ гэсэн байр суурь илэрхийлсэн. Газар нутгаа алдсан Украины эрх баригчид эдийн засгийн чадамжгүй хэвээр байсаар байна. Энэ өвөл ОХУ-аас багахан хэмжээний байгалийн хий авах гэрээний үлдэгдэл нөхцөл бий. Энэ бүхний дараа ОХУ Украинтай харилцаа холбоогоо бүрмөсөн тасрах нь ойлгомжтой. Ингээд Европ руу холбогддог байсан ОХУ-ын нэг суваг хаагдсан. Тэгвэл Украинд болон Туркийн газар нутагт АНУ баллистик пуужингийн эсрэг хамгаалалт байрлуулах асуудлыг олон улсын төвшинд авч хэлэлцсэн.
Таийп Эрдоган Туркийн Ерөнхийлөгч болсны дараа Турк ОХУ-ын харилцаа уналтанд орсон. В.Путин Туркийн талуудтай ойлголцож чадахаа байж АНУ ч үүнийг ашиглан Турк улстай харилцаа холбоогоо сайжруулаад авсан. Үүнийг “Нью-Йорк Таймс” сонины тоймчид “улс төрийн томоохон нүүдэл” гэсэн. Турк нь ОХУ-ын ямар ч цэргийн үйл ажиллагааны зүйлийг нутаг дэвсгэрээрээ нэвтрүүлэхгүй гэсэн хатуу байр суурин дээр зогссон хэвээр байна. Сирийн агаарын ажиллагааны үеэр ч гэсэн Туркийн агаарын зурваст ОХУ-ын онгоц үзэгдэх юм бол гал нээхийг анхааруулсан. Газрын тосны томоохон шугам, төслийн ажилд хүртэл Турк эсрэг байр суурьтай хандаж, Беларус болон Болгари улсаар байгалийн хийн хоолойг барих ажил сунжирсан. ОХУ-ын хувьд Иранаас их хэмжээний газрын тос худалдан авах гэрээнд урьдчилсан байдлаар гарын үсэг зурсан. Гэвч эцсийн гэрээ хараахан бэлэн болоогүй байгаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай Барак Обама НҮБ-ын оройн зоог дээр хундага тулгаагүй өнгөрсөн нь дэлхий нийтэд нэг зүйлийг харуулсан талаар тоймчид онцлон тэмдэглэсэн. Энэ байдлаас хоёр улсын харилцаа маш тааруу байгаа нь илт байсан юм. АНУ бодлогын хүрээнд Куба улстай харилцаагаа сэргээж, дипломат байдлаа хавар сэргээсэн. Гэвч Куба улс хагас зуун жилийн хориг арга хэмжээ, хөгжлийн гацаа зэргийг зүгээр нэг мартах ард түмэн биш гэдгийг Европын тоймчид АНУ-д анхааруулсан юм.