Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Аливаа юмны эцсийн цэг, хүрч болох хамгийн дээд оргилд хөл тавина гэдэг сайхан. Өөр хоорондоо адилгүй өндөр оргилуудаас хамгийн өндөрт нь гарах хүсэл бэлд нь хөл тавьсан хэн бүхэнд төрдөг нь мэдээж. Үүнтэй адил их спортын ертөнцөд ч оргил гэж бий. Эл оргилд олон аавын хүү хүрч, төрийн дууллаа эгшиглүүлэхийг хүсдэг. Гагцхүү оргилд хүрэх зам дардан байдаггүй.
“Бага олимпоос их олимпын оргил өөд” уриатай Баянхонгорын бага олимп гурав дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Хэдий “бага” нэртэй ч их олимпын индэрт хүрэх зам эл олимпоос эхтэйг Баянхонгорын бага олимпыг сурвалжилж явахдаа ойлголоо. Олимпын дэвжээнд хүч үзэх баг тамирчдаа дэмжиж, оргилд хүрэх зам ньболж буй “Баянхонгорын бага олимп-2015”-ыг зорьсон аяны богцоо уншигч та бүхэндээ задалж байна.
Рио хүрэх замыг гэрэлтүүлэх бага олимпын бамбар
Ирэх онд Бразилийн Рио де Жанейро хотноо тохиох их олимпын урьтал болж энд онд зохиогдсон бага олимпыг сурвалжлах багт багтаж, Баянхонгорын бага олимп өргөн хүрээг хамарч, өндөр зохион байгуулалттай болдогийг биеэр явж нүдээр үзээд ирлээ. Төв, хангай, говь гэсэн гурван бүсэд хуваагдаж Баянхонгор хот, Бууцагаан, Баянлиг сумдад зохиогдсон бага олимп спортын 15 төрөлд нийт 1500 гаруй тамирчин хүч үзсэн.
Баянхонгор аймгийн 21 сум, аж ахуй нэгж, албан байгууллагын ес, нийт 30 баг бага олимпод оролцсон юм. 2008 оны бага олимпын дараа Монгол Улс 44 жил хүлээсэн олимпын алтан медальтнаа өлгийдсөн, түүнчлэн бага олимпын бамбарыг анхлан асаасан Гавьяат тамирчин М.Уранцэцэг жүдо бөхийн дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн нь бага олимпын бахархал билээ.
Харин энэ жилийн бага олимпын бамбарыг асаах эрхэм хүндтэй үүргийг жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар хүлээсэн нь ирээдүйн их амжилтыг билгэдсэн биз ээ. Рио хүрэх замыг гэрэлтүүлэх бага олимпын бамбарыг асаах ёслолын дараа хонгор нутгийн багачууд нийтийн биеийн тамирын үзүүлбэр үзүүлж Баянхонгорт биеийн тамир, спортоор хичээллэгсдийн тоо өсч, залуужиж буйг харуулсан юм.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, Гавьяат тамирчин, бага олимпыг санаачлагч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, олимпын аварга Н.Түвшинбаяр, 1980 оны Москвагийн олимпын мөнгөн медальт Ц.Дамдин, дэлхийн аварга Г.Болдбаатар, ОУХМ Д.Сумъяа, Ц.Мөнхзаяа, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт Э.Бэхбаяр тэргүүтэй олимп, тив дэлхийн медальтнууд оролцсон. Түүнчлэн, саяхан бага олимп зохион явуулсан Баян-Өлгий, Ховд, Өмнөговь аймаг болон удахгүй бага олимпоо хийх гэж буй Орхон, Дархан-Уул аймгийн баг тамирчид Баянхонгорын бага олимпоос туршлага судлахаар ирсэн байв.
2008 оны бага олимп спортын найманд төрлөөр зохиогдож байсан бол 2012 онд 11 төрөлд аварга шалгаруулж байв. Харин энэ жил 15 болон өргөжсөн нь бага олимпын цар хүрээ жил ирэх тусам өргөжиж буйг илтгэх бизээ. Энэ жилийн олимпод үндэсний бөх, шагайн харваа зэрэг үндэсний спортын төрлүүдийг багтааснаас гадна нийтийн биеийн тамирын төрлийг ч оруулсан юм. Нээлтийн үйл ажиллагааг чимсэн бас нэгэн зүйл бол морьт циркийн тоглолт, Монголын мото спортын холбооны тамирчидын үзүүлбэр байв. Түүнчлэн, бага олимпын үзүүлэх тоглолтод Монголын туялзуур сэлмийн холбооны тамирчид оролцож туялзуур сэлмийн тулаан хийж үзүүлсэн нь хүүхэд залуусын сонирхлыг татаж байлаа. Олимпын хамгийн эртний төрөлд тооцогддог эл спортоор хичээллэх хүсэлтэй хүүхэд багачууд Баянхонгорт цөөнгүй байгаа нь үзүүлэх тоглолтоос анзаарагдаж байв. Магадгүй дараагийн бага олимпод эл төрөл нэмэгдэхийг үгүйсгэхгүй.
Бүтээн байгуулалт дагуулсан бага олимп
Бага олимпын урьдчилсан шатны тоглолтууд төв, хангай, говийн бүсэд хуваагдан зохион байгуулагдсан тухай дээр дурдсан. Хангайн бүсийн тоглолтууд “Шинэ сум” төсөл хэрэгжсэн Бууцагаан суманд тохиосон юм. Олимпын нээлтийн ажиллагаа өндөрлөсөн даруйд хангайн бүсэд хуваарилагдсан сагсан бөмбөг, хөлбөмбөг, гар бөмбөг, ширээний теннисийн тэмцээнд оролцох баг тамирчид, багш дасгалжуулагч, хөгжөөн дэмжигчдийг багтаасан 600 орчим хүний бүрэлдэхүүнтэй цуваа Бууцагаан сумыг зорьсон юм.
Энэ жилийн бага олимпыг шинэ сумдад зохион байгуулсан нь нүдээ олсон шийдвэр гэлтэй. Аймгийн төвөөс 100 гаруй км алслагдсан суманд тэр бүр спортын уралдаан тэмцээн болоод байхгүй. Тиймдээ ч сумын ард иргэд, хүүхэд залуус спортоор хичээллэх нь ховор байж. Харин шинэ сум төслийн хүрээнд иж бүрэн спорт цогцолбор бий болсон нь бага олимпын тоглолтууд зохион байгуулах бүх л нөхцөлийг бүрдүүлжээ.
Бууцагаан сумын спорт заал, хөлбөмбөгийн талбайд сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөгийн урьдчилсан шатны тоглолтууд зохиогдсон юм. Мөн ширээний теннисийн холимог хос болон эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргууд ч энд тодорсон. Шинэ суманд хоёр хоног үргэлжилсэн урьдчилсан шатны тоглолтыг үзэж сонирхохоор нийт 1000 орчим хүн цугласан тухай сумын Засаг дарга Ч.Энхдалай хэлж байв.
Үнэхээр ч бага олимпын хүрээнд дотоодын аялал жуулчлалд чамгүй хөрөнгө оруулалт хийгдэж байгаа нь анзаарагдаж байв. Аймгийн хэмжээнд ч тэр бага олимпын хүрээнд 5000 гаруй дотоодын жуулчин, тамирчдыг хүлээн авсан тухай албаны хүмүүс онцолж байлаа.
Бууцагаан сумын ард иргэд тэмцээнд оролцохоор ирсэн баг тамирчид, хөгжөөн дэмжигчдэд нутгийн цагаан идээ, гар урлалын бүтээгдэхүүнээ худалдаалж байсан нь эрэлт ихтэй байв. Бууцагаан сум аймагтаа цагаан идээ тэр дундаа “тэмээн тавхай” нэртэй ааруул, молоко, шар сүүгээр хийдэг ирис чихрээрээ алдартай.