Баруун бүсийн жүдо бөхийн бэлтгэлийн төв Ховд аймгийн төвд баригдаж саяхан нээлтээ хийсэн. Тэгвэл уг бэлтгэлийн төвийн нээлтийн ажиллагааг тохиолдуулан жүдо бөхийн 2015 оны Үнэмлэхүй УАШТ-ийг зохион байгуулсан байна. Уг тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Ховд аймгийн жүдоч Б.Баянмөнх түрүүлж, “Женко” клубийн тамирчин үнэмлэхүй жингийн улсын хошой аварга Б.Сугаржаргал мөнгөн медаль хүртлээ. Хүрэл медалийг үндэсний бөхийн аймгийн арслан О.Хангай болон О.Пүрэвбаяр нар хүртсэн байна. Харин эмэгтэй үнэмлэхүй жинд “Хилчин” спорт хорооны бөх ОУХМ Б.Мөнхтуяа түрүүлж, “Алдар” спорт хорооны А.Гантогос мөнгө, Ховд аймгийн тамирчин О.Саруул, М.Булгамаа нар хүрэл медаль хүртлээ. Тэмцээний шилдэг цэвэр ялалтыг эрэгтэйчүүдээс О.Хангай, эмэгтэйчүүдээс О.Саруул нар байгуулж, тусгай шагналаар шагнуулав.