Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Финлянд хүүхдүүд хамгийн сайн сурагчид

Дэлхийн хамгийн ухаантай, сайн сурагчид хаана байдаг вэ. Энэ асуултын хариу бол маргаангүй финлянд хүүхдүүд юм. Удаа дараагийн олон улсын судалгаагаар финлянд хүүхдүүд дэлхийн өнцөг булан бүр дэх үеийнхнээ сурлагаараа тэргүүлж буйг тогтоосон байдаг. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн нийгэмлэгт багтдаг 30 орны дунд гурван жил тутамд явуулдаг “PISA” хэмээх 15 настнуудын мэдлэг чадварыг үнэлэх томоохон шалгалт бий.  Шинжлэх ухаан, математик, хэлний чиглэлээр сурагчдын мэдлэг чадварыг шалгаж, улс улсаар нь байр эзлүүлэн жагсаадаг, ямар ч маапаангүй шударга хэмээн олон улсад үнэлэгдсэн энэ шалгалтыг сүүлийн арваад жилд финлянд хүүхдүүд тогтмол тэргүүлж байгаа юм.  Яагаад финляндчууд ийм сайн байдаг юм бол. Тэд боловсролын салбартаа бусдаас илүү мөнгө зарцуулаад байна уу. Үгүй ээ, бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад харин ч бага буюу зургаан тэрбум евро боловсролын салбарт төсөвлөдөг. Тэгвэл тэд хүүхдүүдээ илүү удаан сургаад байна уу. Бас л үгүй, яг л бусад улсын жишгээр, заримаас нь бүр хожуу буюу долоон настай хүүхдүүдийг сургуульд элсүүлж, хүүхдүүдэд дөрвөөс дээш цагийн хичээлтэй өдөр тун ховор байдаг гэнэ.
Тэдний энэ амжилт гентэй холбоотой юу гэж шалтгааныг нь алсаас бодох ч хэрэггүй. Ердөө л Финляндын боловролын тогтолцоонд байгаа юм. Маш эмх цэгцтэй, төвлөрсөн, байнгын өндөр хяналттай боловсролын тогтолцоо нь л хүүхдүүдээ ийм мэдлэг, боловсролтой болгож чаджээ.
Өндөр хяналттай, төвлөрсөн гэхээр хүүхдүүдээ хатуу гараар сургана гэсэн үг  хараахан биш. Сурагч нь ямар ч хэрэг тарьж, яаж ч муу сурлаа гэсэн /үнэндээ муу сурдаг хүүхэд байхгүй гэхэд болно/ сургуулиас хөөнө гэсэн ойлголт Финляндад байдаггүй. Чухамдаа ийм л учраас хүүхдүүд сургууль завсарддаггүй бас элссэн хүүхдүүд нь 99.7 хувьтай буюу бүрэн ирцтэйгээр сургуулиа төгсдөг.
Олон улсад жишиг болсон үнэгүй хоолоор хангах, автобусаар хүргэж өгөх үйлчилгээ нь хүүхдүүдэд сурах орчныг бүрдүүлж, тэднийг юунд ч санаа зовох зүйлгүй болгодог. Жил бүрийн хавар хаа сайгүй л хүүхдүүд улсын шалгалт гэсэн хүнд дарамттай тулгардаг. Бүтэн хичээлийн жилийн турш амар тайван явчихаад хавар болохоор л улсын шалгалтдаа бэлтгэ гээд л  багш нар ч сурагчдаа айлгачихдаг. Гэтэл Финляндад улсын шалгалт юм уу жилийн эцсийн шалгалт гэж авдаггүй. Харин сар бүр сурагчдаа тогтмол шалгахаас гадна багш нарынхаа ур чадварыг ч давхар сорьж, мэргэжилдээ тэнцэж буй эсэхийг үнэлдэг байна.
Ер нь, Финляндын боловролын салбарын амжилт сайн багш нартай нь салшгүй холбоотой. Багш нарынх нь цалин Европын бусад оронтой ижил төвшинд байдаг ч тэдний мэдлэг боловсрол, заах ур чадвар нь харьцуулшгүй өндөр байдаг. Финляндад багш болох тун хэцүү. Багш болохоор өргөдөл гаргасан нийт боловсон хүчний 15 хувь нь л тэнцдэг гэхээр сурган хүмүүжүүлэгчдэдээ тавьдаг шалгуур хэр өндөр болох нь харагдана. Шавийн эрдэм багшаас гэдэг үгийг ёстой энд л дагаж мөрддөг. Манайд магистрын зэрэг авахаар суралцаж байгаа хүн ч их сургуульд хичээл заадаг бол Финляндад дунд сургуулийн багшийн зэрэг дор хаяж магистр байхыг шаарддаг. Финлянд хэдий жижиг орон ч профессор, докторын зэрэгтэй эрдэмтдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг нь ч үүнтэй холбоотой. Багш нар нь сурагчидтайгаа адилхан зуны гурван сар амраад байхгүй. Тэдний амралтын ашиглан мэргэжил дээшлүүлэх сургалтад байнга хамруулна.
Финляндчуудын хувьд багш гэдэг маш эрхэм мэргэжил бөгөөд залуусынх нь дөрөвний нэг хувь нь энэ ажлыг бүх мэргэжлийн дээд карьер гэж үздэг байна. Багш нар ч чанартай сайн боловсон хүчин болж бэлтгэгддэг учир тэд багшлахаа больж, өөр салбарт ажиллахыг хүссэн ч ажлын байр хангалттай олддог гэнэ.
Нэг ангид суралцах хүүхдийн тоо бага байх тусмаа сайн гэсэн ойлголт ихэнх оронд бий. Тийм ч учраас Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн нийгэмлэгийн гишүүн 30 орны 29 нь сүүлийн жилүүдэд нэг ангид суралцах хүүхдийн тоог багасгасаар байгаа. Харин Финляндад эсрэгээр. Хүүхдийн тоог багасгахаар багшийн тоог нэмэх хэрэг гарна. Олон багш ажиллуулна гэдэг багш сонгон шалгаруулах өрсөлдөөнийг үгүй хийж, сурган хүмүүжүүлэгчийн чанар нь муудаж, цаашилбал тэдэнд зарцуулах хөрөнгө мөнгө нэмэгдэнэ гэсэн үг.  Ийм л учраас Финляндад хүүхдүүдээсээ илүү багш нарынхаа тоонд анхаардаг байна.
Бас нэг зүйл сонирхуулахад, финлянд хүүхэд бүр сурлагаараа бараг нэг төвшинд байдаг. Тус улсын хамгийн сайн, хамгийн муу гэх хоёр сургуулийн сурагчдын үнэлгээ ердөө дөрвөн хувийн зөрүүтэй байдаг нь Финляндын өнцөг булан бүрт боловсролын тогтолцоо нь хүрч хэрэгжиж байгааг нотолдог юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Бид өөрчлөлт хийх цаг нь ирсэн. Бүгд АНаа дэмжээрэй
Хамгийн их уншсан