Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Смарт картны 569 сая төгрөгийг нийслэлээс нэхэмжилнэ

-Нийслэлээс хууль бус шийдвэр гаргасан гэж үзээд Захиргааны хэргийн шүүхэд ханджээ-

А.АКЭРКЭ

Монголын оюутны холбооны гардан гүйцэтгэдэг ажлуудын нэг бол яах аргагүй нийтийн тээврээр оюутнуудаа ямар нэгэн саадгүйгээр зорчуулах. Хэл амтай ч гэсэн энэ ажлыг өдийг хүртэл зохион байгуулж ирсэн гэдэг нь маргашгүй үнэн. Тэгвэл энэ сараас эхлэн уг ажлыг нь нийслэлийн Боловсролын газар хариуцан хийхээр болж нийслэл хотод байрлаж буй их, дээд сургуулиудын нийтийн тээврийн хэрэгслээр зайлшгүй зорчих шаардлагатай оюутнуудад цахим төлбөрийн карт олгох бүртгэл, олголтын ажлыг эхлүүлээд байна. Оюутнууд ч хоцрохгүйн тулд аль байдгаараа хичээж бүрдүүлэх ёстой бичиг баримтуудаа бэлтгэсээр. Гэхдээ мэдээж энэхүү картыг захиалахын тулд оюутнууд “Цахим төлбөрийн карт”-ын үнэ болох 3600 төгрөгийг Улаанбаатар смарт карт” компанийн Худалдаа хөгжлийн банк, Төрийн банкнаас өгсөн дансанд тушаах хэрэгтэй. Үүнээс улбаатайгаар өнгөрсөн хавар оюутнуудаас авсан смарт картны 8900 төгрөг хаачив гэдэг асуулт урган гарч ирж буй юм. Тиймээс энэ удаад карт авахаар захиалга өгсөн 64 мянган оюутны 569 сая төгрөг хаачсан, мөн хэдийд оюутнуудад буцаан олгогдох талаар сурвалжиллаа.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард МОХ-ноос Нийтийн тээврийн газар, "UB smart" компани, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтраад 2015-2016 оны хичээлийн жилд оюутнуудыг хэрхэн зорчуулах талаар хурал хийсэн байдаг. Энэхүү хурлаар "U money"  карт ямар нэгэн зураггүй, оюутны мэдээлэлгүй учир 113 мянган оюутныг ялгахын тулд "Оюутны смарт карт"-ны захиалгыг эхлүүлье гэдэг албан ёсны шийдвэрийг гаргажээ. Ингээд "UB smart" ХХК-тай МОХ гэрээ байгуулж, хоёр картыг хосолсон байдлаар зорчуулах гэрээ байгуулсан ч энэ ажлыг нь нийслэлийн орлогч дарга нар ойшоолгүй хориг тавьснаар одоогийн нөхцөл байдлын эхлэл нь тавигдсан билээ.

Ямар ч гэсэн оюутнуудад ямар нэгэн чирэгдэл, хүндрэл учруулахгүйн тулд өнгөрсөн дөрөвдүгээр сард оюутнуудаас картын захиалга авч хорь гаруй аж ахуй нэгжээр үйлчлүүлэх эрхийн бичиг гэгдэх картны мөнгө болох 8900 төгрөгийг 64 мянган оюутнаас авчээ.

Энэхүү мөнгө Монголын оюутны холбооны дансанд орсон  даруйд карт хэвлүүлэх ажлаа эхлүүлсэн гэнэ. Энэ талаар Монголын оюутны холбооны Нийтийн тээврийн хэлтсийн дарга Б.Өлзий-Од “МОХ оюутнуудын смарт картны мөнгийг хураан авч, өөр дээрээ төвлөрүүлэн мөнгө идлээ гэх ташаа мэдээлэл ихээр цацагдаж байна. Энэ мэдээлэл ор үндэслэлгүй худлаа мэдээлэл бөгөөд өнгөрсөн хавар захиалга өгсөн 64 мянган оюутны карт хэвлэгдэн бэлэн болоод тараагдсан. Энэхүү картыг захиалсан оюутнууд есдүгээр сарын 1-нээс хойш ямар нэгэн байдлаар гэмтсэн бол “Хаан даатгал”-д хандан 200 мянга хүртэлх төгрөгийг хүлээн авах бүрэн боломжтой” хэмээн мэдээлэл өгөв. Тэгвэл нэг картны үнэ болох 8900 төгрөгт ямар үйлчилгээ багтдагийг сонирхлоо.

БСШУ-ы сайдын тушаал, нийслэлийн Тээврийн газар, Том оврын автобус эрхлэгчдийн холбоо, МОХ харилцан зөвшилцсөний үндсэн дээр дээрх үнийг тогтоожээ. Энэхүү тогтоосон үнэд смарт картны хэвлэлтийн үнэ, оюутны даатгал, 2015-2016 оны хичээлийн жилд тухайн оюутны смарт картын тараалт, түгээлт, хяналт шалгалтаас гадна хуулга наалтын үнийг шингээгээд хамгийн боломжит ханш гэж үзсэний үндсэн дээр тогтоосон гэнэ. Мөн нэг байгууллага хариуцаж тараалт, түгээлтийг хийдэггүй болохоор 113 мянган оюутны картыг тараахын тулд 200, 300 хүн ажиллаж, хяналт тавьдаг аж. Тиймээс нэг оюутнаас ойролцоогоор 600 төгрөг авч үүний 150 төгрөгийг оюутных нь тоогоор  их, дээд сургуулиудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт өгч цалинжуулдаг байна. Гэхдээ энэхүү 64 мянган оюутны тушаасан 569 мянган төгрөгөөс одоо нэг ч төгрөг үлдээгүй гэдгийг албаны хүн нь мэдээлж байна. Ингээд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар болоод энэ мөнгөний буцаан олголт хэрхэн хийгдэх талаар Монголын оюутны холбооны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан А.Азжаргалаас тодрууллаа.


А.Азжаргал: Оюутны нөхөн олговрын 36 тэрбум төгрөгөөр нийслэлийнхэн наадам хийсэн

-Смарт карт ямар ч хэрэггүй болчихсон нь хэн бүхний нүдэнд ил байна. Тэгэхээр одоо энэ картыг юунд ашиглах болж байна вэ?
-Уг нь, хуулиараа бол оюутнууд смарт картаараа энэ оныг дуустал явах ёстой. Нөхөн олговор нь ч гэсэн төрөөс ороод ирчихсэн шүү дээ. Нийслэлээс хууль бус шийдвэр гаргасан болохоор бид Захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа. Төсвийн жил хичээлийн шинэ жилтэй зөрдөг. Өнгөрсөн төсвийн жилд 96 мянган оюутныг нийтийн тээврээр зорчуулна гээд улсын төсвөөс автобус компанид руу мөнгө нь хуваарилагдаж орсон. Тэгэхээр оюутнууд энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл нийтийн тээврээр үйлчлүүлэх ёстой. Гэтэл нийслэлийнхэн солонгос компанитай хамтраад "U money" карт оруулж ирчихээд оюутнуудад шахах гээд байна. Хамгийн их карт хэрэглэдэг хүмүүс нь оюутнууд. Тиймээс л хуучин картаар нь явуулахгүй гээд зөрчилдөөн үүсгээд байна.

-Оюутнууд "U money" картаар явахаар болчихоод байна. Тэгэхээр смарт карт захиалсан оюутнуудын мөнгийг хэрхэн эргүүлэн олгох юм бэ?
-Тэр мөнгийг бид нийслэлээс нэхэмжилнэ. Оюутнуудаас авсан мөнгөөрөө бид картыг нь хэвлэчихсэн. Даатгалын үйлчилгээнд нь хүртэл оруулчихсан. Хэвлэсэн картыг буцаад мөнгө болгоно гэж байхгүй. Тиймээс смарт картаар зорчуулахгүй л юм бол тэр мөнгийг нь нийслэлийнхэн гаргах ёстой.

-Смарт карт захиалсан оюутнуудын тоо хоорондоо зөрүүтэй яваад байна. Яг хэдэн оюутан карт захиалсан юм бэ?
-Уг нь, 113 мянган оюутан зорчих ёстой байдаг юм. 64 мянган оюутны карт хэвлэгдээд бэлэн болсон байсан. Картны мөнгө нь зохих журмынхаа дагуу зарцуулагдаж дууссан. Одоо буцааж олгох ямар ч боломжгүй. Тийм учраас "U money" картаар явуулах гэж байгаа бол смарт картны мөнгийг нь буцаан олго гэдэг шаардлагыг нийслэлийнхэнд хүргүүлсэн. Мөн Захиргааны хэргийн шүүхэд хандчихаад байна. Хэрвээ оюутнууд "U money" картаар явахаар болбол яагаад ч 113 мянган оюутан хамрагдаж чадахгүй. Ихэнх оюутан хөдөөнөөс ирдэг болохоор хорооны тодорхойлолтыг хэн өгөх юм бэ, хэн ч өгөхгүй шүү дээ. Яагаад смарт картыг төрийн бус байгууллага буюу манайхаар хариуцуулах болсон бэ гэхээр төрийн хүнд суртлыг арилгах зорилгоор зарим үйлчилгээг төрийн бус байгууллагаар хийж гүйцэтгүүлэх тухай хууль гарч байсан. Тэр хуулийн дагуу манай оюутны холбоонд энэ ажлыг хариуцуулж өгч байсан. Гэтэл одоо буцаад төр өөр дээрээ авчихлаа. Бидний хувьд картны захиалгаа аль эрт авчихаад намар нь хэвлээд тараадаг. Гэтэл дөнгөж захиалга авч байгаа карт хэзээ ч тараагдах юм, бүү мэд. Мөн оюутны нөхөн олговор гэж 36 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж Сангийн яам өгдөг юм. Гэтэл энэ мөнгийг нь нийслэлийнхэн аваад наадам хийчихсэн. Мөнгө нь байхгүй учир танахаар болоод ийм үйлчилгээ оруулж ирсэн хэрэг. Бидний тооцоогоор "U money" картаар 50 мянган оюутан зорчих боломжтой юм билээ. Мөн хуулиараа энэхүү картыг нийслэлийн оюутнууд л авах эрхтэй болчихож байгаа юм. Хоёр хууль, гурван ч журам зөрчсөн шийдвэр гаргачихаад байна.

-36 тэрбум төгрөгийн та­лаар жаахан дэлгэрүү­лээч?
-Энэ мөнгө нь БСШУ-ы сайдын багцад хуваарилагдаад оюутнуудад олгогдох ёстой байдаг юм. Гэтэл өнгөрсөн жилээс нийслэл рүү хуваарилсан. Нийслэлийн төсвийн тухай хуульд зөвхөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй, нийслэлийн иргэдэд захиран зарцуулагдах ёстой хэмээн заасан байгаа. Тэгэхээр хуулиараа орон нутгаас ирж буй оюутнуудад зарцуулагдах ямар ч боломжгүй гэсэн үг. Нийслэл ямар ч мөнгөгүй болчихсон болохоор оюутнуудын сэлгэн суултыг танаж мөнгө гаргаж авах гэсэн нэг арга нь энэ. Тиймээс л бид эсэргүүцээд байгаа юм. Суулт зарлаж үзлээ, албан бичиг өгсөн, шаардах бичиг хүргүүлсэн гээд бүхий л аргыг хэрэглэсэн. Асуудал шийдэгдэхгүй байгаа болохоор л шүүхэд хандлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан